Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөгжлийн Концепцийн талаар Ерөнхий захирлын хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх Д.Адъяагаас асууж тодрууллаа. Д.Адъяа нь 1978 онд тус үйлдвэрт ажлын гараагаа уулын мастераар эхэлж, үйлдвэрийн диспетчер, Үйлдвэр техникийн хэлтсийн дарга, Санкт-Петербург хотод үйлдвэрийн төлөөлөгч, Эрдэнэт үйлдвэр Самсунг компанийн хамтарсан Эрдсам компанийн захирал, Монросцветмет нэгдлийн хөгжил хариуцсан захирал, ЗМЗ-ын дарга, Эрдэнэт үйлдвэрийн Техникийн хэлтсийн даргын ажлыг хийж байгаад одоо Ерөнхий захирлын хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна. Монгол улсын Уул уурхайн Зөвлөх инженер.
–Та Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн Концепцийн талаар дэлгэрэнгүй танилцуулна уу?
-Орчин үеийн уул уурхай-металлургийн үйлдвэрүүдийн оршин тогтнох нөхцөл нь үйлдвэрлэлийн хөгжлийн стратегийн чиглэлийг 10-15 жилд шинэчилж байх шаардлагатайг амьдрал харуулж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны одоогийн болон ирээдүйн гүйцэтгэлд шууд болон шууд бусаар нөлөөлөх ордын олборлолтын хурд, түүхий эдийн агуулгын чанар, техник, технологийн шинэчлэлт, үндсэн хөрөнгийн биет болон биет бус /моралийн/ элэгдэл, зах зээлийн үнийн мэдэгдэхүйц хэлбэлзэл зэрэг хангалттай олон шалтгаан байдаг. Энэ бүгдийг Эрдэнэт үйлдвэрт 30 гаруй жил ажилласан мэргэжилтнүүд өөрсдийн тодорхой туршлага дээр илүү сайн мэдэрсэн байдаг. Иймээс ч 1993 оноос эхлэн үйлдвэрийн өмнө тулгарч буй бэрхшээлүүдийг даван туулж, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг тогтвортой хангах, улмаар үйлдвэрлэлээ 1994-2004 онуудад хөгжүүлэх хөгжлийн Анхны концепцийг ОХУ-ын Внешмет, Гинцветмет болон Гипроцветмет зэрэг компаниудаар хийлгэж Зөвлөлийн ХХI хурлаар батлуулан хэрэгжүүлсэн юм.
–Анхны Концепцийг хэрэгжүүлснээр үйлдвэрлэлийн хүчин чадалд хэр нөлөөлсөн бэ?
– Энэхүү анхны концепцийг хэрэгжүүлснээр үйлдвэрлэлийн хүчин чадлыг 20%-аар өсгөж, жилдээ 25 сая тонн хүдэр олборлон боловсруулах хүчин чадалтай болсон. Мөн хүдэр олборлолт 26,4%, хүдэр боловсруулалт 22,3%-аар нэмэгдэж, хүдэр олборлох өөрийн өртөг 8,4%, хүдэр боловсруулах өөрийн өртөг 6,6%-аар тус тус буурсны үр дүнд үйлдвэр 27,5 сая ам.долл.-ын нэмэлт ашигтай ажилласан. Үүний дараа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг 2005-2015 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хоёр дахь Концепцийг манай мэргэжилтнүүд ОХУ-ын Гинцветмет, Гипроцветмет, Внешмет болон РИВС зэрэг компаниудтай хамтран боловсруулж, 2006 онд Зөвлөлийн XXXVI хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.
-Энэ концепцийг яагаад шинэчлэн боловсруулах болсон юм бэ?
-Дэлхийн эдийн засгийн хямрал, макро эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор компанийн хянан шалгах зөвлөлийн зөвлөмжийн дагуу үйлдвэрийн мэргэжилтнүүд 2009 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2005-2015 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн концепцид өөрчлөлт оруулан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2010-2015 (2020 он) онуудад хөгжүүлэх хөгжлийн концепц болгон шинэчлэн боловсруулж, Зөвлөлийн 43-р хурлаар хэлэлцүүлэн батлуулсан. Ингэхдээ үйлдвэрлэлийн хүчин чадлыг 25,2-35 сая.тн.жил болгон нэмэгдүүлэх 4 хувилбарыг авч үзэж байсан.
– Та Эрдэнэт үйлдвэрийг 2016-2025 онд хөгжүүлэх шинэ Концепци боловсруулах ажлын хэсгийг удирдан ажилласан. Таны баримталсан гол бодлого юу байв?
-Хоёр жил гаруй хугацаанд компанийн хөгжлийн үндсэн чиглэлийг боловсруулах ажлыг манай компанийн мэргэжилтнүүд өөрсдийн хүчээр гүйцэтгэлээ. Ингэхдээ манай үндэсний “Минерал Процесс” ХХК, “Цахиурт хүдэр” ХХК, “Плюс Минералс” ХХК компаниудыг татан оролцуулсан. Үүгээрээ дэлхийн шилдэг компанийн мэргэжилтнүүдийн түвшинд манай улсын геолог, уул уурхайн мэргэжилтнүүд ажиллах чадвартай болсныг батлан харуулсан гэж ойлгож байна. Хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд хүдрийн нөөц өсгөх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон зорилтыг дэвшүүлэн тавьж байна.
-Үйлдвэрийн өртөг зардлыг бууруулахад ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн бэ. Энэ талаар та тодруулаач?
-Хамгийн эхэнд хүдрийн нөөц өсгөх, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн ажилд жилдээ 24 сая тонн хүдэр нунтаглах хүчин чадал бүхий хүдэр бэлтгэлийн шинэ шугам барих, Хөвүүлэн баяжуулах хэсэгт техникийн шинэчлэл хийх юм. Түүнчлэн Засвар механикийн заводын ган хайлуулах технологийг хүйтнээр хатууруулах хэвний технологид оруулах, уусган баяжуулах технологиор исэлдсэн хүдрийг боловсруулж, цэвэр зэс гаргах, зэсийн баяжмалыг хайлуулах, боловсруулах үйлдвэр барих зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Эдгээр төслүүд нь нийт 1,2 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалттай, өөрийн өртгөө 30 гаруй хувиар бууруулж, оруулсан хөрөнгөө 6,8 жилийн дотор нөхөх тооцоотой юм.
–Хөгжлийн концепци боловсруулах явцад ямар нэгэн хүндрэл гарч байсан уу?
-Компанийн үйл ажиллагааг одоогийн хүрсэн түвшнээс бууруулахгүй барих, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглалтын зардал багатай, бүтээл өндөртэй техник, технологи нэвтрүүлэх замаар сайжруулан, үйлдвэрлэлийн хүчин чадлыг өсгөж, таваарын бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, үйлдвэрийн ашигт ажиллагааг дээшлүүлэхэд концепцийн үндсэн зорилго оршдог. Компанийг 2016-2025 онд хөгжүүлэх концепцийг боловсруулахад ОХУ-ын “РИВС” компани оролцож, үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилдээ 40 сая тонн хүртэл нэмэгдүүлэх санал тавьсан.
-Ингэснээр ямар ач холбогдолтой гэж үзсэн бэ?
– Энэ нь үйлдвэрийн насжилтыг богиносгож, Эрдэнэт хотын олон мянган хүмүүсийн амьдралд муугаар нөлөөлөх байсан тул бид үйлдвэрийн жилийн хүчин чадлыг 35 сая байхаар тооцоолсон юм. Энэ асуудлыг шийдвэрлэхэд маш их хүндрэл гарч байсан ч монгол мэргэжилтнүүдийн боловсруулсан концепци хоёр талын хамтарсан Техникийн зөвлөлийн хурлаар ялалт байгуулсан юм.
-2017-2031 он хүртэл Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх энэ удаагийн концепцийн онцлог юу вэ?
-Эрдэнэт үйлдвэр нь анх 1978 онд жилд 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай ашиглалтанд орж байсан бол 1983 онд жилд 16 сая тонн хүдэр олборлох анхны төслийн хүчин чадлыг бүрэн эзэмшиж, улмаар төлөвлөгөөт зорилтын хүрээнд хүчин чадлыг тасралтгүй нэмэгдүүлсээр өнөөгийн түвшинд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай, Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр болсон. Аливаа уул уурхайн үйлдвэр ашигт малтмалынхаа нөөцөөс шууд хамааралтай байдаг ба ашигт малтмалын агуулга доошлох тусам буурдаг тогтолцоотой. Ийм нөхцөлд үйлдвэрийг ашигтай хэвээр нь ажиллуулахад хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай болдог. Эхний хоёр концепцийг боловсруулахад үүний дагуу хүчин чадлыг нэмэгдүүлэн тооцсон. Энэ удаагийн 2017-2031 оны концепцид үйлдвэрийг хэвийн ажиллуулж, ашигт ажиллагааны түвшинг бууруулахгүй байх зорилгоор хүчин чадлыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулсангүй. Харин орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, үр дүнд нь зардлыг бууруулж, өөрийн өртгийг багасгахад энэ удаагийн концепцийн онцлог байсан.
-Энэ концепцийг боловсруулахад компанийн цех, хэлтэс, нэгжийн мэргэжилтнүүд өөрсдийн мэдлэг чадвар, оюун ухаанаа уралдуулж, хичээл зүтгэл гарган оролцсонд талархал илэрхийлье.
-Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
А.Бямбамаа