Болжмор: “Ээжээ хурдан ирээрэй”…..4

2019 оны 01-р сарын 15 өдөр, 18 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mama

* * *
Идэрээ тохирсон ёсоороо Булганыг сургуульд нь оруулан мөн хими цэвэрлэгээнд хүлээн авагчаар ажилд оруулж өгөв. Эхэндээ бүх зүйл түүнд хэцүү байлаа. Ганбаагийн хэлсэн үг, Доогийгийн гаргасан авир, дээрээс нь хичээлээ сайн ойлгохгүй, хамгийн гол нь сэтгэл санаа нь тогтохгүй зовоох аж. Энэ хооронд Ганбаа түүнрүү нэг ч удаа залгасангүй. Охин нь ээжээ хурдан ир л дээ санаад байна гээд уйлахад өөрийн эрхгүй даган уйлж нулимсаа нууж билээ. Эр хүнийг үзэн ядаж байна, амьдралд чинь үнэн юм гэж байдаггүй гэж үү … би ямар тэнэг юм бэ. Өнөөдрийг хүртэл Ганбаагийн хэлсэн үг бүхэнд итгэж ирсэн. Арай ч дээ яаж байна гээд таван үг биччихэж чадахгүй байхдаа яахав дээ. Дугаар мэдэхгүй гэнэ биз хүсвэл гэрээс утасдаад л авах юмыг, үгүйдээ гэхэд найзынхаа утсыг мэдэж л байгаа шүү дээ. Гомдмоор юм. Тэгтэл хаа хамаагүй найз гэх Идэрээ адилхан л эр хүн намайг найзынхаа эхнэр гээд ингээд тусалж байдаг.
Булган утсанд нь мессеж ирэхэд цагаа харвал аль хэдийн шөнө дунд болсон харагдана. Хэнээс ирж байгааг нь төвөггүй ойлгоод өмнөх таагүй бодлуудаасаа сая салан нэгэнтээ суниагаад дэвтэрээ хураан ороо заслаа. Хүний амьдрал гэж нээрээ таашгүй сонин юм. Хэзээ би дахин эр хүнд итгэдэг болох бол. Охин дээрээ л бушуухан очих юмсан.
Ганбаа багтарч унах шахав. Тэрээр яагаад ч юм гэртээ харих нэг л дургүй байсан ч өөр хаачих билээ хэмээн тамхи баагиулан яаж зохицуулах талаар бодсоор нэг мэдэхнээ гэрийнхээ гадаа хүрээд ирчихсэн байв. Мөнгөө төлөөд орох гэтэл орцныхоо үүдэнд байрныхаа залуутай таарах нь тэр.
Юу байна хөгшөөн, ойрд харагдсангүй юу болов. Эхнэрээ явуулчихаад ар хударгаар нь амжуулаад байна уу? Дээр нэг харсан тун дажгүй хүүхэн байна лээ шүү ха ха ха … хэмээгээд архи сэнгэнүүлсэн амаар чанга чанга инээнгээ дал мөрийг нь алгадахад
Харин хадам аавд азаартчихсан яахаа мэдэхгүй багтраад явна
Тэр чинь муу даа. Ганц нэг юм унагах уу? Өнөөдөр найз нь эхнэртэйгээ муудалцчихаад гараад ирсэн. Хүүхнүүдийг эрхлүүлээд аяар нь байх тусам давраад дургүй хүргээд байх юм. Тэр хоёр хажуугийн орцны дэлгүүр орон нэг шил “ Хараа” архи даруулах ундаатай аваад хажуугийн цэцэрлэг оров.
Эр хүн яадаг юм. Чи эхнэрээ чамд үнэнч царайлаад зүгээр явж байгаа гэж бодож байна уу. Үгүй л байхгүй юу. Тэр тусмаа гадаадад байгаа Монголчууд чинь бүгд хоорондоо явалддаг гэх чинь билээ. Бид ч гэсэн адилхан хүмүүс нөгөө юу гэдэг билээ аан тийм физиологийн шаардлага энээ тэрээ гэж хуцацгаагаад маниусаасаа илүү явцгааж байгаа. Чи энд эмзэглээд яадаг юм. Алив явуулаач наадхаа, юундаа уруу царайлсан юм. Эр хүн шиг байна шүү хө. Халхын хүүхнүүд мундсан биш энэ чинь сайхан л хүүхэн байх чинь билээ хэмээн сургааль айлдан олон юм ярих аж. Түрүүнээс хойш яах учраа олохгүй байсан Ганбаа уусан архи нь нөлөөлсөн үү, найзынх нь яриа нөлөөлсөн үү
Нээрээ үхсэн гай л байна тиймээ, дургүй бол болино л биз. Чамд баярласан шүү хө овоо ч дотор онгойчихлоо. Тэр хоёр бие биеэ өмөөрөн зөвтгөн уусаар овоо ч халаад ирлээ. Ганбаагийн утас нь дуугарахад харвал Ялгуун залгаж байв. Нэг авах гэснээ тэр чигтээ гүрийж байтал мессеж ирлээ. “ Та ирэхгүй юмуу тэ? Яалаа гэж намайг ингэж байгаа юм? Би өвдөөд байна ойлгож байна уу…хурдан ир л дээ хайраа гуйж байна”
За юм ч дуусчихлаа найз нь явъя даа
Өө чи хоёрын хооронд хорхой гозолзуулчихлаа. За за би ч гэсэн тэгвэл орлоо. Ааштай ч эхнэр дээрээ орох минь.
Чиний намайг хайрладаг байсан сэтгэл чинь хааччихсан юм бэ? Би чинь эмэгтэй хүн. Миний дотор ямар байгааг чи мэдэж байна уу?
За уучлаарай хайраа орох гэж байгаад байрны залуутай таараад ганц юм уучихаад л ороод ирлээ. Хоол хийгээд тавьчихсан байхад идэхгүй, надад ч гэсэн хэцүү байна. Би одоо дараа яаж хадмуудын нүүрийг харах юм бэ
Харин ч нэг бодлын амар болчихож байгаа юм биш үү?
Юу ….. чи юу гэх гээд байна?
Битгий худлаа мэдэн будилаад бай. Нэгэнт хадам аав чинь нүдээрээ харсан, эхнэр чинь ч ярихгүй байна. Одоо бид хоёрт нуугдаад байх шаардлага байна уу?
Чи бүр надтай сууна гэдэгтээ итгэлтэй байх шив дээ?
Тиймээ би чамаас салахгүй. Чи өөрөө л энэ бүхнийг хүсээгүй гэж үү? Намайг яаж гуйж явдаг байлаа. Одоо хүсэл чинь биелж байгаа биз дээ. Би ядраад байна маргааш өглөө дүүргийн эмнэлэг орно чи хамт яваарай. Ганбаад хэлэх үг олдсонгүй. Дөнгөж саяхан л бүх юм амархан мэт байсан бол одоо ямархуу эргүүлэгт хутгалдчихаад яаж эндээс гарахаа ч мэдэхгүй хий толгойгоо салаавчлан бодолд дарагдан хэвтэх ч хүний урманд нэмэр болчих хариулт олсонгүй. Эцэс сүүлд нь надад Булган уу, Ялгуун уу? хэмээн бодон байтал нэг мэдэхнээ унтчихсан байв.
***
Сүх нэг л дуу муутай дүнсгэр бодолд дарагдана.
Чи чинь юу болчихоо вэ? Арай охиныг ганц өдөр авч гарлаа гээд ядраад байгаа юм биш биз. Та хоёр сайхан байсан уу? яасан их оройтоов одоохон хоол боллоо. Нээрээ Ганбаа ирээд явсан. Одоо л охинтойгоо гэнэт санаж гэнэ. Чамруу залгаагүй юу? Гэрийн ажил барагдахгүй юм. Та хоёрыг гарсан дээр жаал жуул юм амжуулаад авъя гэсэн барагддаггүй шүү. Би ч ширүүхэн байсаар гаргасан. Гөлөгнөөд дуугарч чадахгүй л байна лээ …. хэмээн өөрөө өөртэйгээ ярин байтал Сүх таг чимээгүй сууснаа гэнэт
Хөгшөөн охин ойрдоо ярьсан уу, хичээл ном сайн гэнэ үү?
Ойрд чимээгүй л байна одоо уг нь нэг ярих болсон доо. Ямартаа ч сургуульдаа яваад хажуугаар нь ажил хийж байгаа одоохондоо та хоёртоо тус дэм болж чадахгүй нь гэж байна лээ. Би ч бид гурав дажгүй болоод л байна хүний нутагт байгаа миний охин өөрийгөө л бод гэсэн.
Аан Ганбаатай ярьж байгаа юм болов уу, юм хэлсэн үү?
Хаана байгаа вэ гэж асууж байхыг бодоход яриагүй юм болов уу. Би гэж хүн яриандаа халаад анзаараагүй өнгөрчихсөн байна. Одоо ярихаар нь нэг асууя байз. Арай тэр байр цахилгааны мөнгөө тэндээс төлж байдаг юм биш байгаа. Ингэхэд чи яагаад гэнэт ийм юм яриад унав?
Зүгээр дээ. Тэрээр зурагтаа асааж үдшийн мэдээ үзэнгээ бодолд дарагдан ер нь нэг шалгуулах нь зөв байхаа хэмээн шийдээд тэрийгээ Чандмаад хэлсэнгүй өөртөө үлдээв.
Миний охин сэрээрэй ээж нь ярьж байна. Хөөрхөн охинтойгоо яръя гэнээ.
Эмээ би жаахан унтмаар байна ш дээ
Ээжтэйгээ ярихгүй юмуу?
Охин нь өчигдөр өвөөтэйгээ явж тоглоод ядарсан бололтой сэрэхгүй байна.
Өө тэгээ юу …… Ганбаа авч явахгүй дээ, аав ядарчих вий дээ
Хээ цэс …. танай нөхөр ер нь охинтой гэдгээ мэддэг ч юмуу доо, энүүгээр үзэгдэх ч үгүй юм. Ингэхэд чи арай тэр байрных нь мөнгийг наанаасаа төлөөд байдаг юм биш биз?
Хаанаас даа, юун тэрний байрны мөнгийг төлөх, өөрөө энд өрөнд орчихоод явж байхад. Тэгэхдээ надад санаа зоволтгүй шүү ээжээ. Харин ч сайн хүмүүс таарсан
За болж дээ. Ер нь тэр Ганбаа хий байрны мөнгө төлж байхаар хөлслүүлээд энд байж чаддаггүй юм бол төрсөн гэртээ очиж баймаар юм. Нэмэрт нэмэр ш дээ
За бид өөрсдөө зохицуулчихъяа ээжээ, та санаа зовоод юу хийхэв. Аав байна уу?
Чамтай яръя гэнэ хөгшөөн
Сайн уу ааваа, бие сайн уу? Охиныг авч явж тоглуулсанд баярлалаа
За миний охин сайн. Аав нь сайн сайн. Юу гэсэн үг вэ охиноо тоглуулалгүй яахав
Ааваа таньтай нэг шивнээ байна ээжид битгий мэдэгдээрэй
За одоо хэлэх юмуу?
Маргааш би таны гар утасруу залгая. Охин сэрэхгүй л байна уу?
Охиноо энд эмээгийнхээ өвөр дээр мөөмийг нь идээд нойрмоглоод сууж байна. Миний охион ээж нь яръя гээд байна ярихгүй юмуу
За аав сэрэхгүй бол яахав. Би дараа яръя. Тэгээд ч энд надад тусалдаг эгч байдаг тэр ороод ирлээ.
Аан за хүний газар биеэ бодож дотроо бодолтой, дороо суудалтай яваарай миний охин. Маргааш яръя баяртай
Өө Бурмаа эгч сайн уу? яасан орой явж байх юм. Цай уух уу, жүүс уух уу?
Зүгээр л ус, Идэрээ ирээгүй юу ….. эгч нь жаахан уумаар санагдаад наашаа хүрээд ирлээ. Тэгээд ч хэн нэгэнтэй сайхан сэтгэлээ онгойтол ярьдаг юмуу гээд
Аан бололгүй яахав. Бурмаа авчирсан виногоо гаргаж ирэхэд Булган хоёр жүнз, жимс тэргүүтэн авчиран хажууд нь суугаад хоёул тулган эрүүл энхийн төлөө хундага өргөв. Бурмаа нэг сайн балгаад нэгэнтээ санаа алдан
Булганаа чи намайг жаргалтай байдаг гэж боддог уу? хүний амьдралаа гэж тэр тусмаа эх хүн болно гэдэг үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө золиослох юу ч биш болдог юм байна. Харийн хүний эхнэр болох ч …. хэмээснээ үгээ татан за дахиад нэг нэг тулгачихъя тэгээд эгч нь чамд өөрийнхөө амьдралыг ярьж энэ дотроо нэг сайхан онгойлгоё болох уу? хэмээгээд гуниг хурсан нулимстай нүдээр өөдөөс нь хараад инээмсэглэв.
Бурмаа хэсэг уйлан бодлогширон сууснаа: Эгч нь үнэндээ энэ нөхөртөө хайртай суугаагүй ээ. Эгч нь 2 хүүхэдтэй хүн шүү дээ. Том хүү маань энэ жил арван жилээ төгсөнө. Би чинь Монголд нөхөртэй байсан хүн хэмээгээд инээснээ эгч нь хүүхдүүдийнхээ төлөө тэдний сайн сайхан ирээдүйн төлөө Америк хүнтэй гэрлэсэн. Америк нөхөр маань эмнэлгийн жолооч л доо. Том хүү минь зүрхний хүнд өвчин тусаад түрүүлээд энд ирсэн юм. Тэгэхэд энэ нөхөр маань машинаа барих ээлж нь таараад таньж мэдэх харж хандах хүнгүй хүүг минь өрөвдсөн бололтой их тусалдаг байсан гэсэн. Би чинь тэнд галзуурах гэж байгаа юм чинь. Наашаа гарах бүх боломжийг судалсан. Ашгүй шагийн үнээр овог нэрээ сольж байж арайхийж гарч ирсэн ч хүүтэйгээ уулзаж чадалгүй холоос хараад л нутаг буцаасан даа. Энэ нөхөр минь надад их тус хань болсон. Явдаг өдөр хүү минь намайг нисэх онгоцны буудал дээр нуугдчихсан нулимстай нүдээр харж байхыг харчихаад тэсэлгүй уйлчихаж билээ. Гэтэл Майкл учрыг асуухад нь хүүхэд л юм болохоор намайг заагаад өгчихөж. Хүүг ниссэний дараа өнөөх залуу намайг тосон уулзаад бид танилцсан даа. Чи миний Монгол нөхрийг яасан юм бол гэж бодож байгаа тиймээ. Тэрээр ийн хэлээд инээмсэглэн за дахин нэг нэг тулгачих уу дотор ч овоо онгойгоод сайхан болж байна. Манай Монгол нөхөр надаас түрүүлж энд ирсэн. Бүр хүүг өвдөхөөс ч өмнө. Одоо бараг арван хэдэн жил болж байна. Хааяа бидэнтэй утсаар холбогдон ажил, хэл гээд есөн бусын зовлон тоочиж болохгүйг л урдаа барьдаг байж билээ. Хүүгээ хагалгаанд орохыг мэдэж байсан. Тэр бүү хэл эмнэлгийг нь хүртэл мэдэж байсан ч орж уулзаагүй гэсэн. Би энд ирсэний дараа сураг тавьтал эндээ хүнтэй суусан гэсэн. Намайг ирсэн сурагаар яана гэж бодсон юм нөгөө эхнэрээ дагуулаад өөр хотруу нүүчихсэн хүн дээ.
Тийм үү. Та Майклдаа одоо хайртай юу?
Майкл надаа халамжтай мөн өөрийн гэсэн бие хүн. Бид хэдий эхнэр, нөхөр ч нэг нэгнийхээ дотоод асуудалруу ордоггүй. Хэдий нөхөр минь гэлээ ч Монголчууд шиг минь хамаа намаагүй бишээ. Хэлмээр санагдсан үгээ бүрэн дүүрэн ойлгуулж хэлж чадахгүй ийм л байдаг юм даа. Эгч нь одоо үнэндээ эх орон, үр хүүхдүүдрүүгээ явмаар байна. Энд хэдий сайхан бэлэн зэлэн амины орон сууцанд түлээ нүүрс, ус гэж санаа зовохгүй жаргалтай мэт байгаа боловч дөрвөн ханатай атгахан гэрийн минь хаана нь ч хүрэхгүй юм даа. Хүүгээ төгсөхөөр нь энд нэг коллежид авчирчихаад буцах талаараа бодно доо
Та яагаад хүүтэйгээ хамт буцчихаж болоогүй юм тэр үед?
Буцаж уу …. яг тэгээд л хүүгээ тэврээд буцахыг эгч нь хүсэлгүй яахав дээ. Даанч очлоо гээд бөөн өр намайг угтах байсан. Бас хүү минь ч юу болоо билээ эх газраа бараадаад байж байвал учиртай юмуу л гэж бодсон юм
Аан уучлаарай, өөрт хамаагүй юманд хошуу дүрсэнд. Тэгэхдээ та Америк хүнтэй суусан юм чинь ногоон карттай болчихдоггүй юмуу?
Ногоон карт уу? Тэр мэдээж тэгэлгүй яахав. Тэгэхдээ энэ хүн маань надад хэтэрхий сайн бас зовж явахад минь маш их тус хүргэсэн болохоор эгчийнх нь хүн чанар зулгаагаад хаяад явчихаж чадахгүй байнаа дүү минь. Тэгэхдээ нэг л өдөр эх орондоо харина даа. Хүүхдүүд минь ч учир зүйгээ олоодхог. Том хүүгээ энд эхний ээлжинд төгсөхөөр нь аваад байр суурьтай болгочихвол миний хүү чинь дүүгээ аваад явчихна л даа.
Гэтэл хаалганы түгжээ онгойн Идэрээ орж ирсэнээр тэр хоёрын яриа зогсов.
Та хоёр сууж байгаа юмуу. Болж дээ Бурмаа эгчээ Булган маань жаахан ганцаардаад байх шиг байгаа юм
За яршиг даа ганцаардаад байхдаа яадаг юм адилхан залуу улс байж хэн хэндээ аштай юу та хоёр. Би ч бас чамайг хажуудаа ийм түшигтэй эмэгтэй хүнтэй болсон болохоор сэтгэл амар байна зүгээр …. хэмээгээд инээхэд
Би гэрийн бараа харах биш, тэгээд л хүний нутагт танил тал, найз нөхөд ч үгүй таниас өөр таньж мэдэх хүнгүй жаахан хэцүүдэж байна уу даа
Би зүгээрээ. Ямар энд наргиж цэнгэх гэж ирсэн биш. Тодорхой зорилготой ирсэн хүн бушуухан хийх юмаа хийчихээд охин дээрээ л очмоор байна
Чиний зорилго чинь юу вэ? …. гэтэл Идэрээ эгчрүүгээ дургүйцэнгүй хараад
Таньд ямар хамаатай юм бэ. Энэ чинь хувийн асуудал. Та заримдаа хэтэрхий хүний дотоод хэрэгт орох юм. Булган юу гэж хэлэхээ мэдэхгүй хэсэг мэгдэн сууснаа уртаар санаа алдаад юу ч дуугаралгүй хоёр мөрөө хавчив. Бурмаа хэсэг сууж байснаа харихаар гарлаа. Булган Бурмааг гарсны дараа юу ч хэлэлгүй хөдлөлгүй сууна. Идэрээ угийн дуугай хүн болохоор яав ийв гэж асуусангүй хажууд нь суун кино үзэв. Гэтэл энэ нам гүнийг эвдэн утасны хонх дуугарахад хоёул цочин гайхсан харц солилцоход Идэрээ Булганы утсыг авч өгөөд усанд орохоор явлаа. Булган гайхан дугаараа харвал холын дуудлага байсанд олон ч юм бодолгүй охиноо ярьж байна хэмээн санан утсаа автал харин охин нь биш Ганбаа байх нь тэр.
Сайн уу …. чи сайн уу? Яагаад ойрдоо таг чиг болчихвоо. Би бүр санаа зовоод. Байна уу …. байна уу? Булган түүний дууг сонсоод өөрийн эрхгүй уйлахад мэдэгдүүлэхгүйг хичээн дуугарч ч чадсангүй. Хүүе байна уу? Булганаа чи намайг сонсож байна уу?
Байна байна хэмээн арайхийн дуугарвал
Ашгүй дээ. За сайн уу чамаар минь юу байна даа. Бие нь сайн уу? Би зүгээрээ саяхан нэг найруулагчтай яриад дүр авсан. Тэрний зураг авалт эхлэх гээд …. чи мэдэхгүй биш дээ жаахан ажил ихтэй л байна. Чи ажил хийж байгаа юу? нөгөө юу …. гээд чимээгүй болоход Булган зад хэлчихмээр байсан ч хоолойгоор нь юу ч давсангүй гэсэн ч тэрээр утсаа тасалчихаж чадалгүй дууг нь сонсмоор. Ганбаа элдэв юм зогсоо зайгүй ярин түүнийг дуудсаар Булган сүүлдээ тэсэхээ болиод ирэхийн цагт утсаа таслан тэр чигтээ уйлан суусаар. Идэрээ уснаас гараад ирэхэд Булган суусан чигтээ гартаа утсаа тас атгасаар уйлж байв. Идэрээ юу ч хэлэлгүй хүйтэн шар айраг задалж өгөөд хажууд нь мөн өөрөө нэгийг аван зэрэгцэн суулаа.
Ганбаа бүр байж ядав. Булган юу ч дуугаралгүй байсаар байгаад утсаа тасалсан нь бүр эгдүүг нь хүргэн дотрыг нь маажина. Тэрээр өөрийнхөө яг яах гээд байгаагаа ч мэдэхээ байлаа. Ялгуун өөрөөс нь яаж ч байсан салахгүй гээд байдаг гэтэл Булган түүнд хичнээн хэрэгтэй билээ. Ганбаа шиг хүнд Булган шиг л хүн тохирно. Ганбаа хүү мэдээж насаараа ингэж залуу халуун явахгүй шүү дээ. Тэгээд яавал дээр вэ? Би яг яах ёстой юм бол!
Булган бачууран уйлна. Тэрээр уйлж байгаад өөрийн эрхгүй Идэрээгийн мөрийг дэрлэн бүр ихээр эхэр татан уйлах нь тэр.

* * *
Эмээ эмээ би одоо хэдэн настай билээ?
Миний охин одоо 4 настай?
Тэгвэл би дараа жил сургуульд орох нь ээ?
Миний охин хоёр жилийн дараа сургуульд орно. Тэгж сургуульд орохыг хүсээд байна уу миний охин?
Тиймээ би бушуухан л сургуульд ормоор байна
Одоо удахгүй ш дээ, миний охин бушуухан сургуульд орж эрдэм номтой хүн болж эмээ, өвөөгөө баярлуулах гэж яараад байгаа юмуу даа
Үгүй ээ би хурдан сургуульд орвол ээж минь хурдан ирнэ. Намайг сургуульд орохоор ирнэ гээ биз дээ. Чандмаа хэлэх үггүй болов. Нүдэнд нь өөрийн эрхгүй нулимс цийлэгнэхэд тэрээр бушуухан арчаад чаддагаараа өвгөнөө дуудан охиноо саатуулж бай хоол хийе хэмээгээд гал тогооны өрөөнд ороод сая нэг уйлав. Тэрээр нулимсаа арчингаа хоолоо хийгээд бодолд дарагдана. Тэр гурав хоолоо идчихээд гангар гунгар хийн бужигнаж байтал унтах цаг ч болов. Чандмаа энэ л мөчийг хүлээж байсан мэт Сүхийн тохойноос татахад зүүрмэглэж байсан Сүх цочин сэрээд гайхан асуусан харцаар харвал Чандмаа өндийж суугаад
Чи яаж унтаж чадаж байнаа. Булганыг авчиръя. Энэ охин санаад бүр хэцүүдлээ
За яахав ээ хө. Одоо л нэг учир зүйгээ олох гэж байна гэсэн биз дээ. Ядаж л орсон сургуулиа төгсөөд юм сураад ирэг
Чи ч мөн дүүрчихсэн амар хүн юмаа. Тэр сургуультай сургуульгүй болж л таарна. Би л ингэж охиноо бэтгэрүүлээд байж чадахгүй нь өр эмтрээд хэрэг алга
Төдийгөөс өдий болтол болоод л ирсэн юм болноо хө. Чи минь охиндоо ээжийнх нь оронд ээж нь болж явбал барав. Одоо унтъя би маргааш ажилтай ядарч байна. Битгий охиныг ярихад нь элдэв юм хэлээд сэтгэлийг нь хямруулчихаарай даа. Тэртээ тэргүй хэцүү байгааг ойлгож байгаа биз дээ. Сүх ингэж хэлээд өөр ярих юм байхгүй гэсэн аятай буруу хараад хэвтээд өгөв. Чандмаа амандаа үглэн ороо нужигнуулан дуугаргаж мөн буруу харан хэвтлээ. Сүх хэдий Чандмаад унтаж байгаа мэт харагдсан ч нидэр дээрээ унтсангүй бодолд дарагдан хэвтэнэ. Охин минь хүний газар мөн л хэцүү байгаа бололтой. Бидний санааг зовоочихно гээд л нуугаад байгаа болохоос. Дээр утсаар яриад хадгаламж банкны дансны дугаар өгөөд явуулсан мөнгийг Ганбаа, ээж хоёрт мэдэгдүүлэлгүй хийгээд байгаарай гэсэн. Нээрээ явах гэж байраа тавьсан нь үнэн болов уу, эсвэл өөр шалтгаанаар тавив уу. Энэ Ганбаа хүү ч ээ мэдэхгүй. Ер нь охин минь явж явж ямар хүнтэй суучихав даа. Чандмаад л мэдэгдэж болохгүй юм шүү … хэмээн бодсоор нэг мэдэхнээ унтчихсан байв.
* * *
Ялгуун нэг үеэ бодвол овоо бие нь тэнхрээд ирэв. Ирэх долоо хоногоос ажилдаа явъя даа. Найруулагч ч гайхаж байгаа. Найруулагч намайг авъяастай болохоор нь сайн байгаад байна уу эсвэл өөр бодолтой надад саамшираад байна уу. Ганбаад мэдэгдчих вий дээ. Тэгвэл ч аюул боллоо шүү. Амьдрал минь, ар тал минь надад тусалж чадахгүй, арын хаалгаар дээшээ гарч чадахгүй хүн найруулагчийн аяар л байж жаахан өөрийн гэсэн байр суурьтай болоод авах юмсан. Гэтэл би өөрөө Ганбаад хир хайртай билээ. Ер нь ингэхэд надад хайртай хүн байдаггүй юм байна аа. Нэг их сайхан хайрыг мэдрээд амсаад явах юмсан. Тэрээр хийх юмаа олж ядаад интенэтрүү оров. Байнга ордог биш болохоор олигтой ч уншчихаар юм олж харсангүй. Гэтэл утас нь дуугарахад харвал найз охин нь залгаж байв. Тэр хоёр ойр зуурын юм ярьж байтал найз охин нь нэгэн хаяг өгөөд ороод унш их дажгүй залуу байгаа хэмээв. Чи таньдаг юмуу гэтэл танихгүй ээ бичсэн юмыг нь уншаад үзэхэд их дажгүй залуу санагдаад байгаа юм чи зүгээр л өөрөө ороод үз. Ялгуун тэртээ тэргүй хийх юмгүй байсан тул өгсөн хаягруу нь орвол үнэхээр сонирхолтой бичлэгүүд байх аж. Цаг хэдий хир өнгөрсөнийг ч мэдсэнгүй утас нь дуугаран Ганбаа очлоо хэмээн ярихад сая цагаа харвал аль хэдийн хэдэн цаг өөрийн мэдэлгүй суучихсан байх нь тэр. Тэрээр маргааш нь дахин нөгөө блогруу орвол харин бичсэн сэтгэгдэлд нь хариу өгсөн байхыг хараад баярлаж байна гэдэг тоймгүй. Ийнхүү харьцсаар нөгөө үл мэдэх хүнтэй бичилцсээр бүр илүү дотно болмоор санагдахад шууд л сэтгэгдэл дээр нь танилцмаар байгаагаа хэлээд үлдээсэн хойноо байн байн месенжэрээ шалган битүү зүйлийг хүлээдэг болов. Үүнээс хэд хоногийн дараа шинээр нэмэхийг хүссэн хүсэлт ирэхэд догдлон зөвшөөрөөд хэн бэ гэж бичих гэснээ бардам зан нь дийлэн өөрийг нь хүлээхээр шийдэв. Тэр өдөртөө ч маргааш нь ч өнөөх хүн юм бичсэнгүй. Гэтэл амралтын өдөр тэрээр хэдий нээмээр байсан ч Ганбааг байсан болохоор арайхийн тэвчин өнгөрөөв. Тэгээд ч Ганбаа байсан болохоор нэг ч их тэмүүлсэнгүй. Ганбаа нэг л бодлогширонгуй байх аж.
Хайраа чи зүгээр үү, бие чинь өвдөөгүй биз?
Зүгээрээ…..би яав л гэж
Наад царай чинь нэг л бишээ. Ядаж байхад би гэж хүн өвдөөд, чамд олигтой хоол ч хийгээд өгч чадахгүй уучлаарай
Зүгээрээ угаасаа хоол идэх хүсэл ч алга. Тийнхүү хоёулаа дүнсийн байтал хаалга цохих нь тэр. Өөд өөдөөсөө асуусан харцаар гайхан харвал улам чанга нүдлээ. Ганбаа гараа уруул дээрээ аваачаад чимээгүй хэмээн дохиод гэтэн очиж дурангаараа харвал ээж нь зогсож байв. Нэг онгойлгох гэснээ тэр чигтээ гүрийхээр шийдэн үүдэн дээрээ явахыг нь хүлээн чагнаж байтал гар утас нь дуугарав. Тэрээр цочихдоо утасаа авч унтраах гэж байгаад газар унагачихав.
Хүүе чи наанаа байгаа юм бишүү. Юугаа хийхээрээ ингэж төрсөн эхээсээ нуугдаж байдаг байна аа. Наад хаалгаа хурдан тайл. Аргагүй байдалд орсон Ганбаа Ялгууны гутал гадуур хувцасыг шидэж өгөөд гэмгүй царайлан хаалгаа нээвэл ээж нь түрэмгий гэгч нь хашгичин орж ирсэнээ том өрөөнд нь суух үл таних бүсгүйг хараад амаа хамхин мэндлэхэд нь инээмсэглэн хариу мэндлээд суув.
Ээж та юу хийж яваа юм. Энэ манай ангийн охин, бид хоёр харин тааралдаад ангийн сонин гээд бас ганц нэг хүүхэд дуудчихаад хүлээж суугаа юм л даа
Аан за …. ээж нь зүгээрээ дээр чам дээр ирээд явсанаас хойш санаа зовоод болдоггүй, тэгээд л ирэх гэтэл зав болохгүй байсаар байгаад өнөөдөр ашгүй амралтын өдөр болохоор хүрээд ирлээ. Миний охин хаана юу хийдэг вэ?
Би жүжигчин л дээ
Хөөх тиймүү, нэг л харсан царай байх чинь олон кинонд тоглосон уу? Манай энд сайн хэлээрэй, сайн хүүхэд байна ш дээ ингээд эхнэр нь хаяад явсан найзыгаа эргэж ирж байдаг
Ээж ээ тийм биш гээд байхад даа. Ялгуун суусаар Ганбаа ээждээ цай аяглан чихэр тавьж өгөөд та одоо харина биз дээ?
Тэгнээ замаараа ганц нэг юм авчихаад харина даа. За ангийхан чинь ирэх гэж байгаа бол ээж нь ингээд явъя даа. Ганбаа ээжийгээ гаргачихаад сая нэг хөлсөө арчин буйдан дээр тэрий хадан суух нь тэр. Ялгуун юу ч дуугаралгүй түүний хөдөлгөөн бүрийг ажин суутал Ганбаа гэв гэнэт юу болов гэмээр тачигнатал инээд алдан инээдээ барьж ядна. Ялгуун түүний өөдөөс асуусан харцаар харвал Ганбаа
Ээжид азаартахаа дөхлөө шүү. Ээж одоо чамайг өөрөөр бодчихсон байгаа
Өөрөөр юу гэж … чи яаж мэдэж байгаа юм
Би чинь хүү нь шүү дээ нүдийг нь хараад л мэднэ. Чамайг их сонжоод хараад байсныг анзаараагүй гэж үү. Чамайг миний хүүхэн гээд бодчихсоон ха ха ха
Сайн юм бишүү тэгвэл. Ингэхэд би чиний хүүхэн чинь биш юмуу. Ахиад хэлье би чамаас салахгүй шүү.
* * *
Булган уйлж сууснаа гэнэт санаа нь зовон уучлаарай гээд өндийхөд Идэрээ юу ч дуугаралгүй босоод өрөөндөө орчихов. Надруу ямар нүүрээрээ залгаж чаддаг байна аа ичдэггүй амьтан. Намайг мэдэж үү үгүй юу гэж тандаж байгаа царай нь юм байх даа ёстой дургүй хүрчихлээ. Ингэж мэдээгүй байсан бол намайг хэдий болтол хуурах гэсэн юм бол арай ч дээ бодохоос л гомдмоор нулимс нь ч тогтохгүй юм. Ингэхэд Ганбаа надад үнэн сэтгэлээсээ байдаг байлуу? Намайг хайрладаг байлуу? …. за за болъё ингээд байвал элдэв юм бодогдоод бүр л шаналах юм байна. Энэ өдрөөс хойш Булган ч элдэв юм бодохгүй байхыг хичээж сургууль нь ч эхэлсэн дээрээс нь ажилтай байгаа болохоор бодох зав ч бага гаргаж байв. Ганбаа дахин залгасангүй. Яагаад ч юм тэрээр жаахан л зав зай гарвал утсаа харуулдан сэмхэн санаа алдсаар.
Тэрээр анх ангидаа ороод удаагүй байтал Доогий түүний ангид байх нь тэр. Доогий түүнийг хараад илт танимгайрхан өдөхөд Булган царай өгөхгүй суусаар арайхийж хичээл тарав. Булган бушуухан гарч ажилруугаа явахаар автобусны буудалруу алхтал Доогий гүйцэн ирээд
За ингээд нэг ангид орчихлоо. Найз нь хүргээд өгье
Өст хүн өлийн даваан дээр гэгчээр …. зүгээрээ баярлалаа хэмээн хэлээд цааш алхах гэтэл Доогий түүний гараас татан
Чи одоо болтол уурлаад байгаа юмуу. За уучлаарай даа. Би тэр үед их согтсон байна лээ. Амлаж байна дахин тийм явдал гаргахгүй, чамд хуруугаа ч хүргэхгүй гэдгээ андгайлъя гээд баруун гараа тохойгоор нь нугалан өргөөд доошоо өвдөглөн суух нь тэр. Ангийхан нь тэр хоёрыг гайхан харж жуумалзахад Булган санаа нь зовон
Мангар юмуу босооч ээ хүн амьтан хараад байна.
Тэгвэл миний машинд суу
Тэгэхээс дээ, ядаргаатай нойтон хамуу байна даа чи харин ч нэг. Ингээд тэр өдрөөс хойш Доогий түүнтэй найзын ёсоор харьцаж туслан нэг л мэдэхэд тэр хоёр сайн найзууд болов. Доогий амалсандаа хүрч түүнд дахин нэг ч дургүйг нь хүргэх үйлдэл гаргасангүй, мөн боломжоороо туслан гүйх аж.
Нэг өдөр Булган хичээлээ тарчихаад Доогийгоор гэрлүүгээ хүргүүлэхээр явж байтал утас нь дуугарахад харвал холын дуудлага. Энэ хар шөнө юу болсон юм болоо арай аав гээд яаран утасаа авбал Ганбаа шал согтуу байх нь тэр. Гэнэт Булганы дургүй хүрч
Яах гэж залгаж байгаа юм. Чи бид хоёрын … хэмээснээ хажуудаа Доогий явааг санаад амаа хамхив. Ганбаа ярьсаар л түүнийг дуудсаар л гэнэт Доогий утсыг нь шүүрэн авч
Хүүе чи яах гээд хүүхэд зовоогоод байгаа юм. Хэн ч байсан чамд ямар хамаатай юм. Хуцалгүй унт … гэтэл Булган түүний гараас ууртай нь аргагүй утсаа шүүрэн аваад
Хэн чамайг ярь гэсэн юм, чамд ер нь ямар хамаатай юм …. гэтэл дахиад л утас нь дуугарах нь тэр Доогий битгий аваа одоо наадах чинь юугаа ч мэдэхгүй хэмээн хэлж дуусаагүй байтал Булган утсаа аван англиар ярихад сая санаа нь амран тамхи асаав. Яриад дууссаных нь дараа сониуч зандаа дийлдэн хэн ярьсаныг асуувал Булган нэг ч үг дуугарахгүй байсаар байгаад гэртээ буув. Булган оронгуутаа Идэрээрүү залган сая ажил олгодог газраас ярьж байна ирээд ярилцлаганд ор гэнээ яаж явах вэ? хэмээн асуутал Идэрээ одоохон би Гээгээг завтай байна уу асуугаад эргээд яръя.

Үргэлжлэл бий….

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх