Болжмор: “Ээжээ хурдан ирээрэй”….. … төгсгөл

2019 оны 01-р сарын 22 өдөр, 11 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mama

* * *
Булган компьютерийн талаар асааж унтраахаас өөр мэдлэггүй тул олон ч юм бодолгүй Гээгээрүү утасдан туслалцаа хүслээ. Гээгээ ч баяртай нь аргагүй түүнд зааж өгөв. Гээгээ ерөнхий юмыг нь хэлж өгчихөөд блогийн тухай хэлэхэд Булган юу ч ойлгосонгүй. Гээгээ тайлбарлаж ядаад чи ерөөсөө миний блогийг унш тэгээд бусдынхыг ч унш танилц хэмээгээд өөрийн хаягаа өглөө. Ингэж л анх Булган блог гээч юмтай танилцаж билээ. Тэрээр Гээгээгийн бичсэн зүйлийг уншаад үгүй нээрээ хаанаасаа ийм юм гардаг байнаа ингэж юм бичдэг гэж хэлэхээргүй л залуу харагдсан даа. Би ч ингэж хөтлөх нь юу л бол хэмээн бодоод уншиж эхлэв. Ажлаа хийн хажуугаар нь блогдон мөн хичээлээ хийнэ гээд цаг хугацаа түүний хувьд харвасан сум шиг л өнгөрөх аж. Нэг өдөр эмгэнээ унтуулчихаад мөн л блогдон суутал мессенжэрт нь Ганбаа ороод ирэв. Булган хэг ёг хийгээд нэг л олигтой ярьж чадсангүй. Тэрээр харин охиноо хараад уйлахгүйг хичээсэн ч өөрийн эрхгүй нулимс нь асгарахад дээшээ өлийн охиндоо мэдэгдүүлэхгүйгээр арчив.
– Ээжээ та ямар хөөрхөн харагдаж байнаа. Аан би одоо л ойлголоо та намайг нууц дурангаараа яг ингэж хардаг байхнээ тэ
– Хэ хэ хэ баярлалаа миний охион чи ч гэсэн хөөрхөн харагдаж байна. Харин тийм чи ээждээ дурангаар яг ингэж харагддаг ш дээ. Миний охин чинь харин одоо эмээ, өвөөгөөрөө үүрүүлэхээ больчихсон байна лээ тиймүү
– Хи хи хи та харсан уу тэ намайг. Би одоо том анай болчихсон юм чинь эмээ, өвөө хоёр намайг даахгүй ш дээ
– Тэгэлгүй яахав. Сайн охин шүү ээж нь охиноо шагнана аа миний охин юу авмаар байна?
– Нээрээ юу …. та тэгвэл надаа гоё буддаг ном өгч явуулаарай. Бас миний найз Мо. д ч бас өгч явуулаарай за ээжээ
– Тэгэлгүй яахав. Мо гэдэг чинь хэн билээ?
– Өө ээж мартчихдаг гэнээ. Манай ангийн миний найз нөгөө нүүрээ угаадаггүй баньд ш дээ
– Нээрээ тийм. Ээж нь мартчихаж
– Та хичээлээ хийгээд бас хажуугаар нь ажил хийгээд зөндөө их юм боддог болохоор завгүй байгаа байхаа тэ?
– Тэгэлгүй яахав ээж нь одоо мартахгүй ээ амлаж байна
– За та амалсан шүү. Ээжээ нээрээ эмээ шараа намайг хайрын бурхан гээд тэрнээс хойш эмээ, өвөө хоёр хайрын бурхан гэж дууддаг болчихсон
– Тиймүү ямар гоё нэр вэ … .тэгвэл ээж нь бас тэгж дуудаж байхгүй бол болохгүй нь дээ
– Яах юм бэ … би чинь эмээ, өвөөгийн л хайрын бурхан байхгүй юу таны хайрын бурхан чинь аав ш дээ. Өвөө яръя гэнээ ээжээ сайхан амраарай та
– За миний охин ч гэсэн сайхан амраарай ээж нь охиндоо зөндөө хайртай шүү үнсье зулзагаа
– Та хоёр нялуураад л байна уу хэмээн аавынх нь нөмөртэй дуу гарах нь тэр. Булган ааваасаа зөндөө юм асуумаар байсан ч санааг нь зовоочихно тэгээд ч аав тийм нарийн юм мэдэх биш хэмээн бодоод яриаг нь дагуулсхын байхад харин энэ удаа ааваас нь Ганбаагийн талаар сайн үгүүд үе үе цухалзав.
Булган гэрийнхэнтэйгээ ярьчихаад унтахаар хэвтлээ. Түүний нойр нь хулжжээ. Хэсэг хэвтэж байгаад босож компьютерээ асаан Гээгээгийн зааж өгсөн блогуудаар ортол өөртөө нь ижил ажил хийдэг Алтаргана гэгч бүсгүйн блог сонирхолыг нь маш ихээр татав. Тэрээр түүний бичлэгүүдийг хойноос нь уншиж түүнийг бишрэн хүндэлсээр нуруу нь чилэхэд цаг харвал аль хэдийн 4 цаг өнгөрсөн харагдахад сая нэг унтав.
Маргааш нь зориг гарган өөрөө нэг блог нээтэл блогийн нэр гээд гараад ирэв хэсэг тээнгэлзэж байснаа гэнэт охин нь хамгийн анх түүнд уншиж өгсөн БОЛЖМОР хэмээх шүлэг санаанд нь ороход Болжмор хэмээх нэрээр авчихав. За ингээд блогтой болчихлоо харин юу бичихээ мэддэггүй. Байн байн хий л хоосон нүүрээ харан сууна. Тэрээр Монголоос авчирсан тэмдэглэлээ санан ухаж байтал сургуулиа төгсөхөд өгсөн дурсгалын дэвтэр дээрх шүлгүүд нүдэнд нь тусах нь тэр. Ингээд тэрээр латинаар өнөөх шүлгүүдээ хуулан бичлээ. Гэтэл ажлаа хийж байгаад иртэл нэг ч сэтгэгдэл алга. Алтарганыд орвол зөндөө олон сэтгэгдэл тэр нь гоё ч юм шиг хийсэн зүйлийг нь хүмүүс хүлээн авч байгаа нь нэг л сайхан. Гэтэл ч Гээгээ залган
– За юу болж байна блогтой хир танилцаж байна даа?
– Би бүр шөнө халуураад 4 хүртэл уншсан ш дээ
– Хэний блогийг?
– Алтаргана гэнэ үү бас энд байдаг надтай адилхан ажил хийдэг бүсгүй юм байна
– Аан тэр ч алдартай хүн. Тэгээд зөвхөн уншлаа гэж үү?
– Харин би өнөөдөр өөртөө нэг блог нээсэн. Даанч одоо болтол нэг ч хүн алга
– Чи надад хаягаа явуулчих би үзье
– Ямар хөөрхөн нэр сонгоо вэ. Чи хүмүүст танигдахыг хүсвэл энэ Болжмороороо айлуудаар орж сайн сэтгэгдэл үлдээ тэгэхээр тэд нар чинь харагдахгүй хүн байхаар архагууд сонирхоод орно аан тийм бас криллээр бич тэгвэл хүмүүс унших дуртай байдаг юм. За амжилт хүсье хө би ажилтай болчихлоо. Булган Гээгээгийн зөвлөгөөг дагахаар шийдэн ортол өөр дээр нь нэг сэтгэдэл байх нь тэр тэрийг хараад яаж баярласаныг үгээр хэлэхийн аргагүй.
Шинэ блогчин юмаа даа амжилт хүсье. Сайн блогчин болоорой ….. энэ хэдхэн үгийг тэрээр дахин дахин уншлаа. Нэрнийх нь ард зочин гэчихсэн болохоор орж блогийг нь харж чадсангүй. Ингээд тэр өдөржин блогтойгоо танилцаж ёстой ажлынхаа хажуугаар блогдоод байна уу блогынхоо хажуугаар ажлаад байна уу гэмээр л болов. Банжиг нэт хаа очиж эх хэл дээрээ тэгээд ч нэг бүрчлэн ямарч хүн ойлгохоор заавартай болохоор түүнд түүртэлгүй бага багаар блогийн мэдлэгээ ахиулсаар. Орой болж орондоо орсон хойноо маргааш юу бичих вэ хэмээн хичээлээсээ илүү санаа нь зовниж бодож хонов. Маргааш нь юу ч бичээгүй ч өөрийн эрхгүй блогтоо давхин орвол дахиад л нэг сэтгэгдэл.
Шинэ блогчин байж ямар их уддаг юм бэ. Ажлаад бай ажлаад бай тэгж байж л бид чинь хөдөлмөрийн бүтээн байгуулалтыг бий болгоно …. Жанцансамбуу гэсэн байхыг хараад татаж унаталаа инээв. Харин энэ нэр нэг л содон. Мөн түүний араас хэд хэдэн хүн сэтгэгдэл бичсэн байхыг хараад бүр хөөрчихөв. Тэрээр эхнээс нь даран орж уншсаар. Жанцансамбуугийн араас Мами хэмээх блогчин байхад тэднийд орвол хөгжилтэй бичлэгтэй нэгэн аж. Түүний блогийнхоо толгой дээр тавьсан үг түүнийг бишрүүлэв. “ Амьдралын чинжүү мэт гашуун амтыг амсч үзээгүй хүн чихэр мэт амтыг хэзээ ч мэдрэхгүй “ ямар мундаг үг вэ гайхалтай юмаа. Тэрээр үүнийг хараад бас ч гэж блогоо овоо судалсан тул мөн адил үг бичихээр шийдэв. За Болжмор юм чинь нисч л таарна, жиргэжил л таарна тэгээд би амьдралд хайртай тэгэхээр “ БИ НИСЭХ ДУРТАЙ, БИ ЖИРГЭХ ДУРТАЙ, БИ АМЬДРАХ ДУРТАЙ “
Үүнийхээ дараа тэрээр сэтгэгдэл үлдээсэн Гамп хэмээх блогчиныд оров. Тэрээр блогийг нь уншаад энэ ч нилээн том гар байхаа улсад дээгүүр л алба хашдаг байх хэмээн бодоод жийрхэж эхлэв. Энэ мэтчилэн өдөр өдрөөр блогтой танилцсаар хичээлийн даалгавараасаа илүү блог дээрээ юу бичих вэ хэмээн шаналдаг болов. Өнөөх дурсгалын дэвтэр дуусч байдаг хүмүүс ч бага сага тэднийхээр орж гардаг болов. Нэгэн амралтын өдөр Хеленийг хооллож унтуулчихаад жаахан блогдож байтал ангийх нь нэг охин түүнлүү ярих нь тэр. Амралтын өдөр утас үнэгүй байдгийг хэлэх үү үе тэнгийн нэг ангийн хоёрыг хэлэх үү тэр хоёр өдрийн сониноос эхлээд сүүлдээ халуураад бүр хувийн амьдрал руу оров. Тэр охины ярьж өгсөн зүйл түүний сонирхлыг үнэхээр их татсан тул утсаа таслаад ажлаа дуусгаад нэг л мэдэхэд цаас бал аван суух нь тэрээ.
* * *
– Ялгуунаа чи яагаад байгаа юм бэ?
– Би яасан гэж хайраа зүгээр л байгаа ш дээ. Юу болсон, яагаад ингэж бодоов?
– Мэдэхгүй ээ чи нэг л өөр болчихож хөндий ч юм шиг. Ер нь чи бид хоёрын ингэж байгаа зөв ч юмуу даа. Булган одоо удахгүй сургуулиа төгсөөд ирэх болчихлоо. Дээр би хадам аавд бантаад явах гэж байгаа гээд хэлчихсэн дараа нь асуухаар нь Америкийн виз чанга болохгүй байнаа гэж далимдууллаа. Бүр ацан шалаанд орчихоод байна
– Тэгээд юу гэж. Би чамаас явъя гэж зөндөө л гуйдаг байхад чи өөрөө зөвшөөрөхгүй байсаар байгаад байдлыг ийм болгосон ш дээ. Энд хэн буруутай юм чи өөрөө л буруутай. Ганбаад үнэхээр хэлэх үг олдсонгүй дэмий л өрөөн дотуураа холхино. Булгантай нэг чаталж камераар харахад яагаад ч юм тэрээр нэг л өөр сайхан харагдаад сэтгэлийг нь сэвсэлзүүлээд болох биш. Анх ангийнхаа хүүд найрч өгөх гэж танилцаж билээ. Найрч байх хугацаандаа Булганы ухаалаг дөлгөөн аашинд татагдсаар нэг л мэдэхэд хүүхэдтэй болон гэрт нь шууд хүрээд ирсэн болохоор суучихсан нь тэр. Тэрээр одоо бодоод байхнээ Булганыг хэзээ ч сэтгэл зүрхэнээсээ үнэнээсээ хайрлаж байгаагүйгээ бодов. Гэтэл Ялгуунд бас тийм хайртай юмуу гэтэл биш. Тэрээр зөвхөн өөрийнхөө зугаа цэнгэлийг хөөн явж байгаагаа бодохын сацуу хэтэрхий дураараа зандаа буруугаа чихэн өөрөөсөө зайлуулав. Ялгуун нь бас ядаж байхад түүнээс савны гадуур жирэмсэн болчихсон салахгүй эхнэрээ яахаа өөрөө мэд гээд байдаг. Яавал дээр вэ? хажууд нь хадам аавд баригдчихсан хаа очиж хадам аав нуруутай эр хүн тулдаа түүнийг мэдсэн ч мэдээгүй царайлж өнгөрөөсөн биз. Ээж яагаад Булганд тийм сайн биш байдаг юм бол аав бол сайн зөв охин гээд бид нараас ч илүү Булганыг гэнэ шүү. Би чинь одоо жаахан хүүхэд биш нас биед хүрсэн өрх толгойлсон эцэг хүн шүү дээ. Хэзээ нэг ухаан сууна даа. Одоо л шийдвэрээ гаргая тэгэхгүй бол бүх зүйл хэтэрхий оройтохно.
Ялгуун интернэтийн үл таних ч мэдэх залуутайгаа улам дотносон бүр ярьдаг болов. Түүний хүдэрхэн бөгөөд ухаалаг ярианд улам татагдсаар. Бичдэг зүйлсээсээ тэс өөр хүн байсанд багагүй гайхаж билээ. Тэрээр энэ нууцаа сайн найздаа ч хэлсэнгүй зөвхөн өөртөө үлдээв. Ярьсаар байгаад мөн л хөдөө өссөн хөдөөний амьдрал мэдэх нэгэн байсанд олзуурхах ч шиг. Ялгуун Ганбаатай хамт амьдрах хэдий ч Жанцансамбуутай байхдаа хамаагүй жаргалтай байдаг болов. Нөгөө гэрийн бараа хардаггүй ажил ихтэй гэдэг хүн болж л өгвөл гэртээ суугаад байх болсонд Ганбаа ч өөрөөс нь салахгүй байхаар хатуу шийджээ хэмээн бодоод толгойгоо гашилган хүнд байдалд орон хэзээ хадам ээжид баригдах болоо гэхээс л байж яддаг болов. Ганбаа, Ялгуун хоёрын нөгөө сайхан хайр сэтгэл өдөр өдрөөр буурсаар. Үүний шалтгааныг хэн хэн нь мэдэх ч ам нээсэнгүй биесээ хууран амьдарсан болдог болов.
* * *
Булган ангийнхантайгаа нэгэн газар суун сэтгэл нь сая нэг жаахан амран бүгдээрээ хүний газар гэлтгүй төгсөлтөө тэмдэглэнэ шүү хэмээн Доогий уриалсан болохоор ийнхүү сууцгааж байгаа нь энэ. Сүүлийн хэдэн долоо хоног амралтаа аваагүй тэрээр Хелений гэрийхэнд хэлэн ийнхүү зохицуулсан нь энэ билээ. Хелений бие улам л дордон хүн танихаа байсан ч Булганыг хүүхдүүдээсээ илүү танина. Нэг өдөр том бэр нь ирээд усанд оруулах гэтэл танихгүй хүнээр оруулахгүй хэмээгээд хөөж гаргасан аж. Булган амралтаа аваад ирэхэд Хелен хучлагаараа хуччихсан хүүхдүүд нь хажууд нь хамт байгаа ч зүгээр л танилууд шиг сууж байгаад баахан гайхан бүгдтэй мэндлэн орвол Хелен баярлан түүнийг дуудан тэвэрч аваад
– Чи намайг ийм олон танихгүй хүмүүстэй орхиод хаачаад ирж байгаа юм бэ. Юмаа сайн шалгаарай хулгайлчихсан байх вий
– Хелен ээ уучлаарай би харин амрангаа охиндоо юм өгч явуулчихаад ирлээ. Бүгдийг нь шалгалаа зүгээр байнаа
– Үгүй чи дутуу шалгасан байна. Ийм хурдан шалгана гэж юу байсан юм. Булган өрөөндөө жаахан байж байгаад гарч ирэн бүх зүйл зүгээр байгааг хэлэхэд Хелений санаа сая нэг амрав бололтой Булганыг дуудан чихэнд нь
– Би өлсөөд байна, энэ хүмүүс надад юу ч өгөхгүй өөрсдөө л идэцгээгээд байх юм. Манай гэрт ирсэн байж надаас ч асуухгүй аймаар хүмүүс юмаа. Чи граашид байгаа миний ундааг битгий мэдэгдээрэй гэхэд хүүхдүүд нь сонсон инээмсэглэхэд тэдэнлүү нэг муухай хараад бие засмаар байна би чамайг явсанаас хойш ерөөсөө бие засаагүй энэ памперс бүр даагдахаа байлаа. Энэ нэг өндөр залуу намайг шээлгэх гээд ичээгээд байгаа юм даа хэмээн хэлээд инээмсэглэн дунд хүүрүүгээ заана майжигнан бослоо. Булган түүнийг бие засуулах гэтэл үнэр гэж жигтэйхэн юм байсанд шууд усанд оруулав. Хелен бие засч усанд орж жаахан юм идчихээд унтаад өгөв. Түүнийг унтсаны дараа том хүү нь
– Булганаа чамд маш их баярлалаа. Ээж минь төрсөн хүүхдүүдээ танихгүй байж чамайг таниад байна шүү. Бид бүр бие засуулж усанд оруулах гээд ядчихлаа. Чамд дахин баярлалаа ээжийн минь ухаан санаа улам муудаад бие нь ч сайнгүй байна чи болж өгвөл битгий амар тэгэх үү
– Би нэг л өдөр амралтаа авъя харин өөр өдөр хамт байж байя аа
– Тэг тэг хэзээ юм тийм чухал юм уу?
– Харин сургуулиа төгсөх гээд тэр төгсөх өдөр нь л авмаар байна
– Өө тэр бололгүй яахав. Бид чиний цалинг нэмнэ. Харин чи ээжийг ямар нэг юм болбол хамгийн түрүүнд надруу яриарай. Хелений ухаан санаа заримдаа цоо эрүүл хуучин шигээ л болдог байв. Тэр үедээ хэдэн хүүхэдрүүгээ залган бүгдийг нь дуудна. Нөгөө хэд нь ч ямарч ажилтай байсан ажлаа зохицуулаад л хүрээд ирдэг аж. Нэг өдөр Булганыг оройн хоолоо хийчихээд өгөхөөр том өрөөнд хоолыг нь барьсаар орвол тэрээр утсаа барьчихсан уйлчихсан бодлогширон суугаа харагдахад Булган сандран
– Хелен ээ чи зүгээр үү яасан юу болсон хүүг нь дуудах уу?
– Би бага хүүгээ санаад байна. Өөр хотод байдаг тэр ажлаа зохицуулж ирэх гэсээр байтал би үхчих байхаа даа тэр хүүтэйгээ л уулзчихвал өөр надаа хоргодоод байх юм алга даа
– Хүү нь ирнэ ээ битгий та өөрийгөө ингэж зовоо болохгүй ш дээ
– Би зовоогүй ээ харин хүүгээ санаад хэцүү байна хэмээн эхэр татан уйлхад Булган ч охиноо санан өөрийн эрхгүй уйлчихав. Хоёулаа уйлан суутал гэнэт том хүү нь ороод ирэх нь тэр.
– Та хоёр чинь юу болоо вэ. Ээж та зүгээр үү? Булганаа чи ч гэсэн
– Зүгээрээ эмээ бага хүүгээ санаад байна гээд уйлхаар нь би ч бас охиноо санаад тэсэхгүй уйлчихлаа
– Чи охинруугаа хэзээ явах юм?
– Сургуулиа ч төгсөх гэж байна Хеленийг харзнаж байгаад харина даа. Би ч бас бараг шахуу 4 жил хамт амьдарсан болохоор их дасчихжээ. Яг л ээж шиг минь байдаг болохоор Хелен минь их сайн хүн юм шүү дээ
– Тиймээ миний ээж сайн хүн, сайхан ч эмэгтэй. Бүх зүйл зүгээрээ чи бид нарт ийм их тус болж байгаа болохоор бид ч мөн чамд ач санаж явах болно. Хэзээ нэгэн цагт эргэж ирвэл заавал охинтойгоо ирж манайхаар зочлоорой
– Тэр тэгэлгүй яах вэ. Би үнэхээр азтай хүлээж, хүлээж ирсэн айл минь ийм сайхан айл байдаг би ч мөн та нарт үргэлж баярлаж явна аа…

* * *
– Хүүе Булганаа яасан бэ яагаад бодолд дарагдчихав аа хэмээн түүнийг дуудахад сая сэхээ аван өмнөх шар айрагнаасаа нэг сайн балгалаа. Бүгдээрээ өнөөдөр диско баар орох уу?
– Тэгье л дээ Доогий ажилдаа ороорой. Тэр орой Доогий нилээн халамцав. Тамхилхаар гараад иртэл Булган гадаа утсаар ярин зогсож харагдана.
– Хэн ярьж байгаа юм бэ Монголоос нөгөө нэг хар юм чинь үү?
– Үгүй дээ миний харж байгаа эмээ их муу байгаа би санаа зовоод биеийг нь яаж байна асуусан юм
– Хардаг хүнээ юу, ёстой л Монгол чанар байх даа. Чи ч өөр хүн дээр очоогүй болохоор аргагүй дээ энд чинь удчихсан хүмүүс нэгийг үхүүлээд, хоёрыг үхүүлээд л гэж ярина шүү дээ гээд инээхэд Булган гараа өмднийхөө халаасанд хийн мөрөө хавчаад
– Тиймүү би лав энэ харж байгаа эмээдээ их хайртай хүүхдүүдээ танихгүй байж намайг таниад байдаг юм
– Чи ч ямарч хүний хайрыг булааж чадах нууц увидастай охин юмаа. Ингэхэд хоёулаа одоо сайхан найзууд болсон юм чинь найз нь чамд нэг нууцаа дэлгэчих үү. Битгий тэгээд бас үүнийг сонсчихоод алгадчихаарай даа ….. хэмээгээд хацраа илэн инээхэд Булган ч инээмсэглэн өөдөөс нь асуусан харцаар харлаа. Доогий дахин нэг тамхи асаан доошоо харж байснаа түүний өөдөөс цоо ширтэн ийн өгүүлэв.
– Би уг нь өөр сургуульд сурдаг байсан юм. Тэгээд чамайг энэ сургуульд орсныг мэдээд танай ангид орохоор шийдсэн дээ. Яагаадыг мэдэх үү ….. яагаад гэвэл чи надад таалагддаг, анх хараад л чи таалагдсан нээрээ шүү, чамд хүнээс онцгойроод байх юм байхгүй ч зүгээр л чиний байгаа байдал чинь таалагдсан. Магадгүй анх би чамтай жаахан ёс бус уулзсан болохоор чи одоо надад итгэхгүй байх л даа. Тэгэхдээ би эр хүн шүү. Ямар ч байсан за бол ёогүй л эр хүн. Чи харсан биз дээ би чамд амалсан, амалсанаасаа хойш хуруугаа ч чамд хүргээгүй. Ганц би ч биш манай найзууд болох Идэрээ, Гээгээ хоёр хүртэл чамд талтай. Гээгээ бүр чамд унадаг юм билээ
– За юу гэж дээ. Чи яаж мэдэж байгаа юм тэгээд ч би Монголд нөхөр хүүхэдтэй хүн шүү
– Доогий хүү мэдэхгүй бол хэн мэдэх билээ дээ. Чам дээр шалтаг хэлээд очдог биз дээ. Ямарч тэнэг хүн үүнийг хараад л мэднэ
– Гээгээ сайн залуу, Идэрээ ч, чи ч би та нартай найзууд байгаадаа үнэхээр их баярладаг шүү
– Тийм дээ чи ч гэсэн Гээгээд талтай өөрийгөө хүчлээд бариад л байгаа болохоос. Хэрвээ Гээгээ та хоёр учраа ололцоод чи хамт нутаг буцъя гэвэл Гээгээ үгүй гэхгүй ээ. Ойрноос нас ч явж байна хүнтэй сууцгаая аа гээд байдаг болсон байна лээ. Манай Идэрээ харин ёстой хаа очиж жинхэнэ эр хүн дээ. Би яахав ээ ингээд л байж байдаг нэгэн
– Хэ хэ хэ юу гэж өөрийгөө ингэж байдаг юм бэ. Чи ч гэсэн эр хүн шиг эр хүн хэлсэндээ хүрдэг сайн эр хүн. За орох уу даарч байна тэгээд ч нөгөө хэд буруугаар бодчихвол яах юм бэ
– Тээр хараа …. чи нээрээ бас тэгж байгаад санаатай … ха ха ха за оръё доо хатагтай гээд хаалгыг нь онгойлгож өгөв. Тэр хоёрыг ортол ангийнхан нь ид бүжиглэж жаахан халамцсан харагдана. Булганыг Одмаа хэмээх ангийнх нь хүүхэн дуудан хажуудаа суулгаад
– Булганаа надад чамтай ярих нэг шивнээ байнаа
– Ямар шивнээ Одмаа эгчээ
– За яршиг даа эгч байхдаа яадаг юм би чамаас тийм ч их эгч биш ш дээ гэтэл чи дандаа л эгч гэж ичээх юм …. за энэ яахав ээ. Танай найз нөгөө Идэрээ гээд залуу байдаг даа тэр эхнэр авсан уу?
– Үгүй саяхан уулзахад л аваагүй байсан тэгэхдээ мэдэхгүй дээ ямар хамт байгаа биш найз охинтой ч юм билүү. Яасан та?
– Харин надад их таалагдаад байгаа юмаа. Хүнд түшиг болчихмоор залуу харагддаг юм. Чи намайг танилцуулаад өг тэгэх үү?
– Хүүе ээ би хэзээ яаж танилцуулах юм бэ?
– Хэзээ ч яадаг юм нэг өдөр оффоо тааруулж байгаад л танилцуулчих л даа
– Би одоо мөд амрахгүй байхаа. Миний харж байгаа эмээ маань их муу байгаа хүүхдүүдээ ч танихгүй надаас өөр хүнийг ойртуулахгүй байгаа юм
– Тэгвэл одоо дуудчих
– Юу би яаж дуудах юм бэ эвгүй ш дээ. Тэгээд ч манай нөхрийн ангийн хүү юу гэж бодох юм
– Өө тиймүү, тэгвэл аргагүй л юм байна. Би ч анх мэдэхгүй чамайг Идэрээгийн найз охин гэж боддог байлаа
– Үгүй үгүй ёстой тийм юм байхгүй
– За та хоёр чинь юу болоод хүзүү сээр холбочихсон сууж байдаг билээ би сууя л даа хэмээсээр Доогий хүрээд ирэхэд Одмаа нүдээ ирмээд Доогийруу нэг дохьсоноо бие засчихаад ирье хэмээн шалтаглаад босов.
– Энэ Одмаа юу гээд байгаа юм бэ. Бас ардаас дохиостой айн гээд инээхэд Идэрээг дуудаад өг танилцмаар байна гэнээ хэмээхэд Доогий жоготой нь аргагүй нүдээ онийлгон инээгээд нээрээ санадаг санаа том машинаа унаад хүрээд ир гэе ангийнханаа ч хүргэж өгье хэмээгээд гарч ярихаар босоод явчихав.
Булган бүжиглэж байтал Одмаа ирэн түүнийг татаад баярласан шүү хө Идэрээ хүрээд ирж гэхэд заасан зүгрүү нь харвал Идэрээ, Гээгээ хоёр ирчихсэн байх нь тэр. Булган ч Гээгээг харан жаахан халамцсан байсныг ч хэлэх үү сандраад нэг л биш. Төд удалгүй баар хаасан тул тэд нарыг Идэрээ гэртээ урьлаа. Зарим нь явчихсан хэдхэн хүүхэд байсан тул олон ч гуйлгалгүй Идэрээгийн машинд суун машинаа тэнд нь үлдээгээд үргэлжлүүлэхээр явцгаав. Доогий за байз одоо уух юм зарах дэлгүүр байхгүй Идэрээ хөгшөөн юм байхгүй биз уг нь ч миний найз хоосонгүй дээ
– Байх нь ч байгаа харин та хэдэд хүрэх болов уу?
– Зүгээрээ болгочихно. Тэгээд ч удахгүй үүр цайлаа. Тэд Идэрээгийнд орон хэсэг сууцгааж байгаад эхнээсээ тасраад унав. Гээгээ Булганыг харах тоолонд өөдөөс нь харчихсан сууна. Булган улам ч улайн харахгүй байхыг бодовч нэг л мэдэхэд өөрийн эрхгүй харвал харц тулгараад байв. Одмаа Идэрээгийн хажууд биеэ барин цэмцийн сууна. Доогий энд илүү байгаагаа мэдээд шалтаглан унтахаар унтаж буй хэдрүүгээ явахдаа хоёр найзруугаа нүдээ ирмээд Гээгээгийн чихэнд нэг юм шивнэчихээд дал мөрийг нь алгадаад яваад өгөв.
– Ямартаа ч албан ёсоор баяр хүргэе. Одоо тэгээд яах бодолтой байна даа?
– Харж байгаа хүнээ харзнаж байгаад харина даа
– Ийм хурдан уу? Булганаа хоёулаа гадаа жаахан гарах уу хэмээснээ чихэнд нь наад хоёр чинь учиртай болоод байна хэмээн шивнэхэд Булган Идэрээ, Одмаа хоёрыг харвал аль хэдийн гараа барилцчихсан Одмаа ч налан сууж Идэрээ чихэн дээр нь шивнэн ярьж байгаа үнсэж байгаа аль нь мэдэгдэхгүй тонгойн тэр хоёрыг анхаарах ч сөхөөгүй суухад инээмсэглээд толгой дохив. Гээгээ, Булган хоёр гадаа гарвал тогтуун сайхан байсанд хоёул хажуугийн цэцэрлэгт очин суулаа
– Гээгээ чи нээрээ байгаагаасаа шал өөр бичдэг юм билээ ш дээ. Би бүр уншаад гайхсан
– Тийм байна уу. Тэр чинь миний дотоод ертөнц гэснээ инээгээд яасан тийм өөр байна уу тэртээ тэргүй хэн ч намайг мэдэхгүй, танихгүй юм чинь гээд би дураараа байдаг юм. Харин чи юу болж байна тэр шүлгүүд бүгд чиний зохиосон шүлгүүд үү?
– Чи манайхаар ордог юмуу. Тэгээд яагаад нэр чинь байдаггүй юм. Миний зохиосон бишээ дурсгалын дэвтрээсээ хуулсан юм. Харин нэг өдөр ангийнхаа охинтой ярьж байгаад гэнэт нэг хуудас өгүүллэг бичиж үздэг юмуу гээд эхэлчихсэн байгаа
– Тиймүү чи ч тэгвэл мундаг юмаа. Би танайхаар байнга ордог ш дээ юу гэж чамайг мэдсээр байж блог дээрх нэрээрээ сэтгэгдэл бичих вэ дээ. Өгүүллэгийг чинь уншъя л даа. Юу гэсэн нэртэй ямар өгүүллэг юм бэ
– Би уншуулахаасаа ичээд байнаа. Тэгээд ч мэргэжилийнх биш ядаж л толгой сүүл холбох биш
– Юундаа ичдэг юм бэ. Чи өөрөөсөө ичээд байвал хэзээ ч өөрийгөө нээж чадахгүй. Маргааш блог дээрээ нийтэлчихээрэй уншъя. Ямар нэр өгсөн
– Нээрээ тэгдэг ч юмуу намайг ч гэсэн хүмүүс мэдэхгүй юм чинь тэ. “ Ээжээ хурдан ирээрэй “ гээд нэрлэчихсэн
– Нэр нь л лав мундаг юм байна. Оройн сэрүүн гэсэндээ жиндүүлж байна шүү чи даарахгүй байна уу?
Булган хариу хэлсэнгүй доошоо харан дуугай зогсоход Гээгээ ажвал даарсан янзтай мөр нь үл ялиг чичирч буй нь мэдрэгдэв. Тэрээр олон ч юм бодолгүй гараас нь татан өөртөө наан тэвэрвэл Булган эсэргүүцэл үзүүлсэнгүй. Хэн хэн нь юу ч дуугарахгүй нэгнийхээ амьсгалыг мэдрэн хэсэг зогсож байтал Гээгээ гэнэт түүний хүзүүн дээр үнсэхэд Булган эсэргүүцээгүйгээр үл барам улам наалдахад тэрээр аажуухан ахиулсаар. Хэсэг үнсэлдэж байгаад Гээгээ Булганыг тэврэн энгэртээ наагаад
– Уучлаарай Булганаа би чамайг гомдоомооргүй байна. Тэгээд ч би бусад шиг далимдуулдаг нэгэн бишээ. Тиймээ чи надад таалагддаг үнэн. Би ч гэсэн чамд таалагддаг тиймээ. Хоёулаа үүнээс цааш лавшруулаад хэрэггүй байхаа. Би эхнэр болох хүнээ хайж байгаа гэтэл чи нөхөртэй тэгээд ч надад бүхнээ орхиод ирэхээр хайртай биш болохоор бидэнд хугацаа хэрэгтэй юм шиг байна. Үүнийг сонсоод Булган санаа алдсанаа
– Тиймээ чиний зөв. Чи надад таалагддаг үнэн тэгэхдээ би гэр бүлдээ илүү хайртай юм шиг байна. Намайг хайрласанд баярлалаа.
Маргааш нь ажил дээрээ очвол Хелен бүр муудаад эмнэлэгт хэвтчихсэн байв. Булган дунд хүүтэй нь хамт эмнэлэг дээр очвол Хелен хурдан, хурдан амьсгаадан нүдээрээ хэн нэгнийг хайх шиг. Булган хажууд нь очин гараас нь баривал инээснээ “ Би чамд хайртай чи сайн охин шүү. Нэгэнт сонгосон хүнээ хайраар битгий дутаагаарай. Эр хүн чинь хайраар дутаж явдаг ч тэрийгээ бидэн шиг ил хэлдэггүй сонин хүмүүс шүү. Чамтай хамт байх энэ хугацаанд би чамайг шалгасан тэгээд бахархасан. Чи нөхөртөө үнэхээр хайртай бас үнэнч юм билээ. Энэ их хайр чинь чамайг үргэлж ивээж явах болтугай. Бурхан чамайг ивээг”
Булган арай ядан хэлэх Хелений энэ үгийг сонсоод өөрийн эрхгүй уйлчихав. Нулимсаа мэдэгдүүлэхгүйг хичээн гарах гэтэл нөгөө хүлээж байсан бага хүү нь зөрөн орж ирэх нь тэр. Хелен бага хүүгээ хараад хосгүй хайр гэрэлтсэн нүдээр ширтээд инээмсэглэх тэр агшинд аппарат нь жингэнэхэд гаднаас эмч сувилагч гүйлдэн орж ирсэн болохоор тэндээс гарч үүдэнд хүлээв. Нэг их удсангүй өрөөнөөс хүүхдүүд нь уйлан гарч ирээд том хүү нь Булганыг дуудаад
– Ээж минь өнгөрчихлөө орж салах ёс хий дээ. Хэрвээ чи хүсэхгүй байвал хийхгүй байсан ч болно гэхэд Булган юу ч хэлсэнгүй өрөөнд орвол Хелен яг түрүүний гарахад инээмсэглэж байсан чигтээ өнгөрсөн харагдахад өөрийн эрхгүй хоёр нүдийг нь нулимс бүрхээд ирлээ.
Хелений ажил явдлыг дуустал Булган тэнд яг л өөрийн хүн шиг хамаг зүйлийг нь хийлцэв. Гаргах өдөр нь очин ач хүүгийнх нь хүүг тэврэн сүмд сууж байтал нэг эмгэн ирсэнээ
– Эмгэнэл илэрхийлье. Чи ямар үндэстэн бэ. Хүү юу? Охин уу? их хөөрхөн хүүхэд юмаа чамтай ч бас төстэй юм гэхэд Булган сандран бушуухан
– Уучлаарай би Хелений асрагч нь л даа. Энэ ач хүүгийнх нь хүүхэд гэхэд өнөөх эмгэн нэг жуумагнасаа яваад өгөв.

* * *
– Өвөө өвөө би одоо зөндөө том болсон байхаа тэ. Ээж минь намайг хараад таних болов уу … хи хи хи
– Ээж нь хараад танихгүй ээ миний жаахан охин хаана байна гээд хайгаад унанаа одоо яанаа
– Өө ээж минь намайг танихгүй гэж үү намайг дурангаараа хараад том болсныг минь мэдсэн ч гэсэн үү яасан муухай юм бэ … .хэмээн нүдэнд нь нулимс цийлэгнэхэд Чандмаа Сүхийг нудран хүүхэдтэй тоглож байж хэмээн үглээд
– Алив миний сайн охин эмээдээ ир. Ээж нь танилгүй яадаг юм. Чамайг дурангаараа харахгүй байсан ч гэсэн танина ш дээ. Эх хүн гэдэг чинь хүүхдээ хэзээ ч ямарч үед таньдаг байхгүй юу. Өвөө нь л чамаар тоглож байхгүй юу даа
– Нээрээ юу эмээ …. .тэгвэл ээж минь намайг мартаагүй байх нь ээ тиймээ?
– Юу боллоо гэж ийм хөөрхөн охиныг мартах юм бэ. Ээж нь ч гэсэн охин дээрээ бушуухан ирэх гээд нойр нь хүрэхгүй байгаа
– Ямар гоё вэ ….. гоё доо ээж минь удахгүй ирлээ дээ … гоё доо
Хеленийг хөдөөлүүлчихээд буцан иртэл том хүү нь Булганыг дуудан
– Чи үнэхээр сайн ажиллаа. Бид бүгдээрээ чамд маш их баярлалаа. Чи яахав дараагийн ажил олтолоо эндээ байж болно шүү
– Баярлалаа зүгээр ээ би одоо ажил хийхгүй гэртээ харьлаа Монгол руугаа охин дээрээ очлоо
– Өө тиймүү болж дээ охин чинь ч чамайг хүлээж байгаа даа тиймүү?
– Тэгэлгүй яах вэ. Өчигдөр би гэрийхэнтэй яриад билет захиулчихсан
– За тэгвэл чи явталаа энд байж болно. Чи чинь манай гэрийн нэг хүн шүү дээ. Охиноо томорхоор хамтдаа бидэн дээр айлчлан ирээрэй. Тэгээд холбоотой байгаарай утас мэдэхгүй биш. Чамд бид ээжийг минь сайн асарсанд талархан үүнийг бэлэглэж байна. Маргааш манай эхнэр чамтай хамт яваад охинд чинь бэлэг авч өгнө. Битгий санаа зовоорой. Булган өгсөн зүйлийг өрөөндөө оруулж тавьчихаад задалсангүй. Ядарсан байсан тул унтчихсан байв. Ам нь цанган нэг сэрвэл шөнө дунд болжээ. Тэрээр хүйтэн ус авчирах хооронд нэг л эвгүй байсан тул бушуухан өрөөндөө орж хаалгаа түгжээд блогруугаа оров. Уншиж байх хооронд нь өгсөн зүйлийг нь үзвэл хүүхдээ тэвэрсэн ээжийн зурагтай ил захидал байхад баярлан нээвэл дотор нь доллар байхад бүр ч ихээр гайхан тоолж үзвэл мянган доллар зуутаар хийн бидний талархсан сэтгэл шүү энэ мөнгөөр зардалаа хийгээрэй гээд бүгд гарын үсэгээ зурсан байхыг хараад өөрийн эрхгүй баярласандаа уйлчихав.
Тэрээр унтаж чадахгүй байсан тул блогруугаа орон өнөөх бичиж эхэлж байсан өгүүллэгээ бичлээ. Өглөө нь босоод хартал урд нь хэзээ ч өөрт нь байж байгаагүй олон сэтгэгдэл байсанд бүгдийг нь уншаад өөр хийх ажил ч байхгүй байсан тул дор нь үргэлжлүүлэн бичлээ. Тэрээр гарч тэр хавиарх дэлгүүрүүдээр орон их ядарсан байсан тул нэг юм идчихээд унтаад өгөв. Дахиад л шөнө сэрэн бие засчихаад компьютерээ асаан сууж байтал сайн уу хө гэсээр Ганбаа ороод ирэх нь тэр
– Сайн чи сайн уу. Юу байна даа?
– Чамайгаа хүлээгээд л удахгүй ирэх гэж байгаа гэлүү аав надад өнөөдөр хэллээ. Сарын дараах билет авсан гэсэн тэ
– Өө сарын дараах гэнэ үү. За яахав тэр болтол эндэх ажлуудаа цэгцэлж л байхаас
– Ямар ажил найз залуугаасаа салж ядаад байна уу даа энэ чинь хэ хэ хэ. За тоглосон шүү битгий тэгээд уурлачихаарай даа миний эмзэг том охин минь ээ
– Юуных нь найз залуу байхав дээ. Би харин ч чамд үнэнч байсан шүү чамайг л бодвол
– Би яасан гэж би ч гэсэн үнэнч л байсан ш дээ. За удахгүй уулзая. Найз нь чамайг угтаж авах ажилдаа оръё доо баяртай хайртай шүү. Булган Ганбаагийн бичсэн зүйлсийг хэд дахин уншив. Хамгийн сүүлд бичсэн ХАЙРТАЙ шүү гэдэг үгийг харан санаа алдсаар. Гэтэл
– Хөөх унтаагүй юмуу гэсээр Гээгээ ч ороод ирэх нь тэр.
– Харин өдөржин унтчихсан чинь нойр хүрдэггүй юмаа үргэлжлүүлэх санаатай л
– Уншсан их дажгүй болж байна лээ бичээд л байдаг юм шүү
– Харин хүмүүс зөндөө сэтгэгдэл үлдээсэн байна тэрийг хараад л хөөрөөд бичээд байна даа
– Чи ч удахгүй маниасаа илүү танилтай од болох байхаа даа
– За миний од болох гэж юу байсан юм. Гээгээ би сарын дараа явлаа
– Ийм хурдан уу бүр шийдчихсэн үү?
– Аанхан сарын дараа билет захиалсан гэнээ. Сая Ганбаа орж ирээд тэгж хэллээ
– Зөөз би ч тэгвэл ….. чи тэгээд наанаа ганцаараа юу хийгээд байгаа юм бэ найз нь очоод авах уу?
– Одоо юу? …. танайх хол ш дээ
– Юу байсан юм эзгүй гэрт ганцаараа эвгүй биш байна уу?
– Харин тийм нь ч тийм л байна л даа
– За тэгвэл би одоо гарлаа. Булган хамаг гэрлээ асааж байгаад усанд орон бэлтгэлээ базаав. Гал тогооны өрөөнд орж жаахан юм бэлдэж байтал утас нь дуугарахад тэрээр цочсондоо зүрх нь амаар нь гарчих шахан хурдан, хурдан оволзтол цохилход салгалсан гараар арайхийн утсаа авбал Гээгээ гадаа ирснээ хэлэхэд ороод ирээ хэмээснээ хаалгаа тайлсан ч тайвширч чадахгүй зэвхий царайлан зогсоно. Гээгээ асуусан харцаар харвал
– Ёооё чамайг залгахад утаснаасаа цочоод одоо болтол тайвширч чадахгүй нь ээ
– Ха ха ха өвчтэй ш дээ мэдсээр байж юундаа цочдог юм бэ. Энэ том хаусанд ганцаараа эвгүй биш байна уу?
– Харин орой болохоор л эвгүй юм. Өдөр ч нэг их анзаарахгүй юмаа. Юу уух вэ?
– Кола. Эртээд тэгээд ирсэн чинь эмээ нь өнгөрчихсөн байна уу?
– Үгүй ээ арай өнгөрөөгүй байна лээ гэхдээ эмнэлэгт хэвтчихсэн би ёстой амжиж уулзлаа. Нээрээ чи Монгол руу юм өгч явуулбал явуулаарай
– Би ч хэндээ ч өгч явуулах вэ дээ. Аав ээжид өгч явуулбал чамайг буруугаар ойлгочихно биз хөгшин настай улс. Булганаа одоо чи бид хоёрыг очсоор байтал үүр цайгаад ажилдаа явах болчихно. Хоёулаа ерөөсөө эндээ хоночих уу?
– За тэгье дээ. Маргааш л чамтай хамт төврүү орж жаал юм авъя даа
– Миний найзад мөнгө байгаа юу надаас зээлбэл зээлээрэй
– Зүгээрээ баярлалаа харж байсан айлынхан маань мөнгө өгсөн
– Сайн айл юмаа. За унтацгаах уу. Тэр хоёр Булганы нарийхан орон дээр хэвтэцгээсэн ч хэн нь ч унтаж чадсангүй. Гээгээ гараа цамцан доогуур нь оруулан хөхийг нь барьвал удаан эр хүний гар хүргээгүй байсан Булган ч сэрэл нь хөдлөн наалдав. Гээгээ өөрлүүгээ харуулан эргүүлээд нүднээс нь эхлэн зөөлөн үнссээр.
Маргааш нь хоёулаа утас дуугарахад л сая нэг сэрэв. Булган Гээгээг утсаар ярих хооронд бушуухан хувцсаа өмсөж байтал хүүгийнх нь машин ирж яваа харагдахад өрөөндөө гүйж орон Гээгээг хаалгаа хаагаад нуугдаж бай битгий чимээ гаргаарай хүү нь ирж байна гээд өөрөө бушуухан гүйн очвол том хүү нь бууж ирсэнээ мэнд мэдээд
– Уучлаарай Булганаа бид уг нь чамайг энд байлгая гэж бодсон чинь зар өгтөл хүмүүс ирж үзнэ гэнээ чи явах болчихлоо дахин уучлаарай
– Зүгээрээ би харин өнөөдөр явдаг юмуу гээд найзыгаа дуудчихсан л даа харин чамруу яръя гэтэл чи өөрөө хүрээд ирлээ
– Аан тиймүү энэ гадаа байгаа машин мөн үү?
– Аанхан за юмаа бэлдэж дуусгаатхъя. Тэрээр өрөөндөө ортол Гээгээ аль хэдийн хувцсаа өмсчихсөн түүнийг хүлээж байсанд сая хүүтэй нь ярьсан зүйлээ хэлэн эхнээс нь өгч гаргуулав.
Булган хаачихаа мэдсэнгүй Идэрээрүү ярьвал зөвшөөрсөн тул тэднийд хүргүүлэв. Идэрээ Гээгээ хүргэж ирж байгааг хараад багагүй гайхтал Гээгээ ч удалгүй ажилтай гээд яваад өгөв.
* * *
Ганбаа гэртээ нэг л бодлогширонгуй байсанд Ялгуун гайхан түүнээс хэрүүл өдөхөд өөдөөс нь юу ч хариулалгүй дүрлэгнэн сууна.
– Чи чинь юу болчихоод байгаа юм бэ. Яагаад дүрлэгнээд байж ядаад байгаагаа хэлчээч дээ
– Би яасан юм зүгээр л байдгаараа байна даг
– Худлаа яриад бай чи нэг л өөр байна
– Ялгуунаа надаас юу ч битгий асуу тэгэх үү тиймээ би хэцүү байна. Намайг зүгээр л тайван орхиод өгөөч гуйж байна
– За за юу сайхан дур сайхан. Би саад болохоо болъё доо тэгвэл
Ганбаа унтлагынхаа өрөөнд орон хаалгаа хаачихсан тул Ялгуунд хийх юм олдсонгүй хэсэг сууж байгаад компьютерээ асаав. Гэтэл ч Жанцансамбуу ороод ирэв. Ялгуун олон юм бодолгүй шууд л сайн уу ч байхгүй
– Би чам дээр очлоо чи хүлээж авах уу?
– Нээрээ юмуу хүрээд л ир. Хэзээ ирэхээр болсон?
– Мэдэхгүй зүгээр энд ингэж эргүүтэж байхаар наана чинь очвол ядаж чи байна туслаад өгөх юм байгаа биз дээ
– Тэгэлгүй яах вэ юмаа хөөцөлдөж байгаа юмуу?
– Харин сая л гэнэт ингэж шийдлээ. Яаж хөөцөлдвөл дээр вэ?
– Олон л арга байгаа ш дээ. Үнэхээр чи гарчихвал хүрээд л ир би чамайг хүлээгээд авъя.
Ялгуун маргаашнаас нь Америк явахаар хөөцөлдөж хүнтэй ч уулзахаар болов. Тэрээр хамгийн түрүүнд найруулагчтайгаа ярьтал удахгүй тийшээ тоглолт хийх баг явна тэрэнд оруулахыг бодъё харин чи шагналтай юм байгаа биз дээ гэхэд нь дуун дээр нь
– Мэдээж гарчихвал тэгэлгүй яахав. Ингээд Ялгуун энэ тухайгаа Ганбаад ч хэлэлгүй юмаа бэлдэж эхлэв. Хоног өдөр өнгөрсөөр Булганы ирэх хугацаа ч ойртоод ирэв. Ганбаа нэг өдөр халамцуу орж ирснээ Ялгууныг тэврэн авч уйлж гарав. Ялгуун учрыг олж ядан чимээгүй л харан сууна. Ганбаа уйлж уйлж толгойгоо өргөн
– Ялгуунаа би яах вэ? Булган одоо хэдхэн хоноод ирлээ. Би яах ёстой юм бэ?
– Намайг тэгэхээр яв гэсэн үг үү тэ?
– Харин би яахаа мэдэхгүй байна
– За яахав ингэх гээд байсан юм аа. Харин ч чамаас хүүхэдтэй болчихоогүй нь их юм. Зүгээр ээ битгий санаа зов би яваад өгнө чамаас. Харин хэзээ ч намайг битгий дахин хоргоогоорой
– Надад чамаас салахад ч хэцүү байна намайг үнэхээр их уучлаарай хонгороо
– Би юу гэхэв дээ. Чамаас, эндээс л бүр холдоод өгвөл болоо юм бишүү. Дараа долоо хоногт би Америк явчих байх. Уг нь явахаасаа өмнө хэлэхгүй гэж бодож байсан ч байдал нэгэнт ийм болсон болохоор одоо яая гэхэв
– Нээрээ юу чи тэгээд бүр шийдчихсэн үү. Тэгэхээр би чамайг дахин харахгүй нь ээ
– Харах шаардлага байгаа юм уу. Харин дахиж битгий тэр сайн эмэгтэйг гомдоогоорой
– Амлаж байна. Намайгаа уучлаарай алив нааш ир
– Үгүй дээ Ганбаа одоо хангалттай. Би маргааш гэрийг чинь сайхан цэвэрлэж өгчихөөд явъя даа. Бараг тэгээд явтлаа уулзахгүй байх тэр нь ч дээр биз дээ. Аз жаргал хүсье сайхан амьдраарай. Ганбаа Ялгууныг үнсэх гэтэл тэрээр түлхээд өөртөө ойртуулсангүй.
Төгсгөл
Нисэх онгоцны буудал дээр Булганыг гаргаж өгөхөөр Идэрээ, Гээгээ, Доогий, Бурмаа, Одмаа нар ирсэн харагдана. Булган:
– Ингээд би гэртээ харьлаа гэж үү хэмээн итгэж ядан баярласан хөөрсөн нүдээр тэднийг ажихад Гээгээ түүний чихэнд
– Чамтай байсан цаг мөч бүхэн жаргалтай сайхан байсан шүү. Болж өгвөл блогоо хөтлөхөө битгий болиороо бас “ Ээжээ хурдан ирээрэй “ – гээ хурдан дуусгаарай …. баяртай хэмээгээд хацар дээр нь үнсвэл Булган юу ч хэлж чадсангүй нулимстай нүдээр түүнийг ширтэн
– Чамд ч гэсэн аз жаргал хүсье. Богинохон ч гэсэн надад амьдралын амтыг мэдрүүлсэнд баярлалаа. Би байнга блогдоод байж чадахгүй ч орж холбоотой байж байнаа. Бас өгүүллэгээ ч дуусгана амлаж байна. Ингээд зорчигчид сууж эхэлсэн болохоор Булган ч тэдэнтэй салах ёс хийхэд Одмаа түүнийг хүзүүдэн тэврээд
– Чамдаа баярлаж явдаг шүү заяаны ханьтай минь учруулсанд. Би одоо жирэмсэн хэмээн жаргалтай инээхэд Булган уулга алдан хамтдаа орилж гарав. Онгоцонд суусан хойноо ч Булган итгэж ядан: Энэ үнэхээр үнэн гэж үү …. би ингээд гэртээ, охин дээрээ очиж байгаа гэж үү …. нээрээ би нисэх гээд суучихсан байна гэж үү арай би зүүдлээд байгаа юм биш биз дээ хэмээн бодоод өөрийгөө аяархан чимхвэл өвчин мэдрэгдэж байсанд учиргүй баясан жаргалтай нь аргагүй инээд тодруулан сууна. Тэрээр дамжихаар хүлээж байх хооронд цаг зогсчихсон мэт санагдан байж ядуулав. Ингээд буун буутлаа нэг ч цурам хийсэнгүй Монголынхоо нутгийг хараад баярласандаа тогтож ядан гэгэлзэнэ.
* * *
– Миний охион сэрээрэй одоо ээж нь ирлээ. Аав нь ч хүрээд ирлээ босоорой
– Гоё доо, гоё доо би бурхнаас зөндөө гуйж эмээтэйгээ долоон бурхандаа сүүгээ өргөсөөр ээж минь одоо ирж байна даа ямар гоё вэ. Тэд замаараа амьд цэцгийн баглаа аван нисэх онгоцны буудал дээр хүлээн суув. Улаанбаатар – Сөүлийн чиглэлийн онгоц газардах болсныг дуулгахад бүгд босон дэлгэцрүү хараа билчээнэ. Хүмүүс ч эхнээсээ бууж байгаа харагдахад Сүх хамгийн түрүүнд чанга дуугаар
Охин минь байна …. миний охин мөн байна хэмээн бүх хүнийг хартал орилон нүдэндээ нулимс мэлтэгнүүлэв. Ганбаа охиноо хөтлөн хамгийн урд зогсон ээжийгээ хүлээнэ.
Булган зүрх нь хүчтэй булгилан дугаарлаж зогссоор гараад иртэл Нарангарав уу
…. ЭЭЖЭЭ … хэмээн хамаг тэнхээгээрээ орилсоор түүний өөдөөс цэцгээ барин гүйлээ.
Төгсөв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх