С.Даваасүрэн: Үнэт цаасны зах зээл дээр 28 жил үзэгдээгүй тэсрэлт бий болсон

2019 оны 09-р сарын 18 өдөр, 12 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
davaasuren

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, салбартаа тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм нь зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа энэ удаагийн зочноор Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэнг урьж ярилцлаа.

-Санхүүгийн зохицуулах хороо бол Сангийн яам, Монголбанктай статус ижил УИХ-ын харъяа байгууллага. Ийм онцгой эрх мэдэл­тэйгийн хувьд санхүүгийн зах зээлд зохицуулалтын дайвар байгууллага биш гол оролцоотой байх үүргээ хэрхэн биелүүлж байна вэ?

-Санхүүгийн салбарыг зохицуулдаг байгууллага үүсч хөгжөөд 25 жил болж байна. Санхүүгийн зохицуулах хороо 1994 онд байгуулагдсан Үнэт цаасны хорооноос улбаатай. 25 жилийн хугацаанд Монгол Улсын санхүүгийн салбар уналт, өсөлтийг багагүй туулсан нь давуу тал, дотоод нөөц бололцоогоо бий болгох боломжуудыг олгосон байх. 2005 онд Санхүүгийн зохицуулах хорооны эрхзүйн байдлын тухай хууль батлагдсанаар үнэт цаасны зах зээл дээр даатгал, ББСБ, Хадгаламж зээлийн хоршоо нэмэгдэж Санхүүгийн зохицуулах хороо өргөжиж байгуулагдсан. Дэлхий нийтийн чиг хандлагаас харвал санхүүгийн зах зээл үнэт цаас, даатгал, банк гэсэн гурван гол тулгууртай. Харин Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсанаас хойшхийг бүхэлд нь харах юм бол эрхзүйн зохицуулалт тал дээр илүү хүчин чармайлт гаргаж ажилласан. Гэтэл санхүүг зохицуулна гэдэг зөвхөн эрхзүйн орчин сайн байх бус мөн чанар, зүй тогтлыг нь ойлгож, эрх зүйн төдийгүй эдийн засгийн хөшүүргийг тооцож тохирсон шийдвэрийг гаргах ёстой. Мөн шийдвэрийнхээ хэрэгжилтийг хянах нь аль ч улсын санхүүг зохицуулдаг байгууллагын үндсэн үйл ажиллагаа байдаг. Өнгөрсөн жилүүдэд ББСБ, Хадгаламж зээлийн хоршоо руу түлхүү анхаарсан байсан. Миний хувьд энэ албыг аваад эдийн засгийн хөшүүргээр зах зээлийг хэрхэн сэргээх вэ гэдэг сувгийг зах зээл болгон дээр судалж үзсэн.

Хууль эрхзүйн хувьд үйл ажиллагаа маш тодорхой. Харин бодит байдал дээр Санхүүгийн зохицуулах хороо юу хийдэг, хэрхэн ажиллах ёстой вэ гэдэг ойлголт  олон нийтийн дунд тааруу байна гэдэгтэй санал нийлнэ. Өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан 3000 гаруй хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулж байна. Өмнө нь санхүүгийн салбарын активын тав орчим хувь нь Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад байсан. Дэлхий нийтийн жишгээр үнэт цаасны зах зээлийг зах зээлийн үнэлгээгээр хэмждэг. Энэ зах зээлийн үнэлгээ сүүлийн гурван жилд 1.9 дахин өссөн. Ийм өсөлт сүүлийн жилүүдэд ямар ч зах зээл дээр гараагүй гэдгийг хэлж чадна. Үнэт цаасны зах зээлийг хэмждэг бас нэг чухал хэмжээс бол арилжааны тоо хэмжээ юм. 2016 онд хувьцааны арилжаа зах зээлийн ердөө хоёр хувь, 98 хувийг Засгийн газрын бондын арилжаа эзэлж байсан бол 2017 оноос Засгийн газар бондоо хөрөнгийн зах дээр арилжихаа зогсоосон. Сүүлийн гурван жилд нээлттэй хувьцаат компаниуд  хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилждаг болсон нь чанарын маш том өөрчлөлт бөгөөд арилжааны хэмжээ 6.3 дахин өссөн. Энэ бүгдээс Монгол Улсын хөрөнгийн зах зээлд сүүлийн 28 жилд гараагүй тэсрэлт бий болсон гэж хэлж болно.

-Дэлхий нийтийн чиг хандлагаас харвал санхүүгийн зах зээл нь үнэт цаас, даатгал, банк гэсэн гурван гол тулгууртай.

-Энэ том тэсрэлтийг хэрхэн хийв. Эдийн засаг гадна талдаа өссөн нь хөрөнгийн зах зээлд нөлөөлөв үү ?

-Хууль болон зах зээлд оролцогчид сүүлийн 20 гаруй жил өөрчлөгдөөгүй мөртлөө энэ тэсрэлт яагаад гарав гэхээр зорилгоо зөв тодорхойлж судалгаатай хандсанд л байна. Эдийн засаг сайжрахаар дагаад Хөрөнгийн зах зээл сайжирсан зэргээр хүмүүс ярьдаг л юм. Хоёр зүйлийг хэлмээр байна. Хамгийн чухал нь буюу үнэт цаасны зах зээл орхигдсон байсан. Амь оруулахын тулд яах ёстойг тал бүрээс нь судлахад хоёр гол суваг харагдсан. Нэгдүгээрт, энэ зах зээл дээр борлогддог бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, хөрөнгийн биржид бүртгэлтэй 300 орчим хувьцаат компани хоорондоо арилжаа хийдэг, идэвхигүй байдлыг өөрчлөх ёстой байсан. Тиймээс бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх, арилжааг идэвхжүүлэх, улмаар хязгаарлагдмал хувьцаат компаниудаар “цус сэлбэх” арга хэмжээг авч ажилласан. Мөн давхар бүртгэл хийлгэх, нэгдэх процесс ч эрчимтэй явагдсан. 2017 оноос өнөөдрийг хүртэл арав гаруй IPO гарсан байна. Цөөнгүй хязгаарлагдмал хувьцаат компани олон нийтээс хөрөнгө босгож нээлттэй компани болж Хөрөнгийн биржид бүртгүүллээ. Зах зээлийн үнэлгээ өсөхийн хэрээр хувьцаа, Хөрөнгийн биржийн тухай олон нийтийн ойлголт харьцангуй сэргэж байна. Ажлаа авсны дараахан 2016 оны III улирлаас санхүүгийн зах зээлийн хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгааг бие даасан судлаачдын багаар хийлгэж эхэлсэн. 1000 гаруй хүнээс түүврийн аргаар хийдэг судалгаагаар жил гаруйн өмнө хөрөнгийн зах зээл, хувьцааны талаарх ойлголтыг мэдэхгүй гэж 30 хувь нь хариулж байсан бол өнөөдөр нэг хувь хүрэхгүй болсон. Хувьцааны арилжаанд оролцож үзээгүй ч сонирхож байна. “Амьгүй”, “идэвхигүй” байсан зах зээлийг олон нийтийн сонирхол, анхаарлын төвд авчирсан нь Санхүүгийн зохицуулах хорооны ажлын үр дүн юм.

-Таны хувьд Их Британи, АНУ-д эрдмийн зэрэг хамгаалсан. Сан­хүүгийн гол салбарыг удирдаж буй хүний хувьд багаа бүрдүүлэхээс эхлээд хамт олноо зохион байгуулах арга барил, зарчмыг тань сонирхож байна?

-Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс чадвартай байх ёстой. Харин чадвартай хүмүүсийг тогтвортой ажиллах боломжоор хангаж өгөх хэрэгтэй. Иргэдийн амьдралд шууд нөлөөлж буй төрийн шийдвэрийг гаргахын тулд бодлоо богшоож, биеэ чилээх учиртай ийм л чухал алба. Төрийн албанд ажиллах босго доогуур болж, мэдлэг чадвар сул хүмүүс ажиллаад эхэлбэл тэднийг сургах, дадлагажуулахаас эхлээд төрийн чухал шийдвэр туршилтад өртөх эрсдэлтэй. Тиймээс аль болох чадварлаг, сэтгэлтэй боловсон хүчнээр багаа бүрдүүлж, эргээд тогтвортой ажиллах боломжоор хангана гэдэг бол хамгийн чухал стратеги. Чадварлаг баг амархан бүрдэхгүй. Энэ зах зээл, зорилго чиглэл яагаад чухал гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооны даргын ажлыг хүлээж аваад  эхний сардаа зах зээл болон баг бүрэлдэхүүнийг судалсан. Дараа нь зах зээл рүү чиглэсэн бүрэн судалгаа хийхийг зорьсон. Үр дүнтэй ажиллахын тулд судалгаа шинжилгээн дээр тулгуурласан шийдвэр гаргаж, түүнийхээ төлөө тууштай зогсч, хэрэгжилтийг нь бүрэн хангаж ажиллахын төлөө хичээж байна. Төр хариуцлагатай байна гэдэг бол үнэнийг хэлдэг байх ёстой. Төрийн “амнаас” гарч байгаа үг бүр үнэн байж, нэгэнт шийдвэрээ гаргасан л бол хэрэгждэг байх учиртай. Миний хувьд өнгөрсөн хугацаанд Санхүүгийн зохицуулах хороо шийдвэрээ зарласан бол хэрэгждэг байх ёстой гэсэн зарчмыг баримталж ирсэн. Энэ бол хувь хүн болоод төрийн албан хаагчийн хувьд ч их чухал, үнэ цэнэтэй зарчим гэж ойлгодог. Төрийн албан хаагчийн цалин хангамж бага,  санаснаараа нэмж өгөх боломжгүй. Энэ тохиолдолд хүмүүсээ, ялангуяа залуусаа гадаад орчинтой нээлттэй ажиллаж тэндээс юм сураасай, тийм боломжийг нь нээж өгөх юмсан гэж хичээдэг. Тэр хэрээрээ хүмүүс маань чадавхжиж, харах өнцөг нь тэлдэг, шинэ санаа гардаг. Санхүүгийн зохицуулах хороо 20 гаруй хууль 170 орчим дүрэм журмаар зах зээлээ зохицуулдаг. Өмнө нь энэ олон зах зээлийн талаар суурь судалгаа байгаагүй. Тиймээс хөндлөнгийн судалгааны байгууллагатай хамтарч ажиллахаас гадна Санхүүгийн зохицуулах хороонд Судалгаа эрсдэлийн шинжилгээ хариуцсан бие даасан бүтэц бий болгосон. Зөвхөн статистик мэдээллийг эмхэтгэх ажил биш учраас  мэргэжлийн баг бүрдүүлсэн нь энэ. Сүүлийн гурван жилд 50 гаруй судалгаа хийсэн нь зах зээлээ төсөөлж таамаглах, нөхцөлд байдлыг зөв үнэлж шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт тавих боломжийг олгосон. Судалгаа шинжилгээн дээр үндэслэн зах зээл рүү хандсан тодорхой шийдвэр гаргаж эхэлсэн нь ББСБ-уудын дүрмийн санг нэмэгдүүлсэн явдал юм. Эхний томоохон шийдвэр байсан. Санхүүгийн хүртээмж, зээл олголт, зээлийн хүү буурах үйл явцыг зохицуулж байх ёстой учраас энэ шийдвэрийг гаргасан. Ер нь ажлаа эхлэхдээ л судлах, шинжлэх, нөхцөл байдлыг үнэлэх, дараа нь ямар арга барилаар ажиллах вэ гэдгээ тодорхойлсон.

-Хууль болон зах зээлд оролцогчид сүүлийн 20 гаруй жил өөрчлөгдөөгүй байхад энэ тэсрэлт яагаад гарав гэхээр зорилгоо зөв тодорхойлж судалгаатай хандсанд л байна.

-Технологи, финтект суурилсан санхүүгийн үйлчилгээ зах зээлийн хөгжлийг хурдасгаж байна. Гэтэл эргээд мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний өгөгдөлтэй холбоотой эрсдэл бий боллоо. Үүнд манай улсын санхүүгийн сектор, бодлого тодорхойлогчид  бэлэн үү?

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийгээд байгаа 50 гаруй судалгаа бол санхүүгийн зах зээлийн түүх бага багаар бичигдээд л байна гэсэн үг. Өмнө нь Санхүүгийн зохицуулах хороо зөвхөн зөвшөөрөл олгодог, цуцалдаг байгууллага болчихсон, хүмүүс ч тэгж ойлгодог байсан.  Судалгааны бааз суурийг бий болгох гээд оролдоод байна. Та финтекийн талаар асуулаа. Нэг зүйл тодруулж хэлмээр байна. Финтект суурилсан үйлчилгээг дэлхий нийт 70 жил хүлээсэн. Дэлхийн II дайны дараагаас улс орнуудын баян, ядуугийн ялгаа илүү тод болж энэ асуудалд дэлхий нийтээрээ анхаарах болсон. Арваад жилийн өмнөөс хөгжлийн ялгааг багасгах, амьдралын чанарыг сайжруулах нэг цонх нээгдсэн нь финтек. Дэлхий нийтээр финтекийн ачаар хэн, хаана байрших, ямар ажил мэргэжил орлоготойгоосоо үл хамаарч санхүүгийн олон төрлийн үйлчилгээг хүртэх боломжийг финтек нээсэн. Нөгөө талдаа зардал буюу хэрэглэгчийн эрх ашиг хэрхэн хамгаалагдахаас эхлээд кибер аюулгүй байдлын асуудал яах аргагүй хөндөгдөнө. Мэдээллийн нууцлалыг хангах, түүний холбоотой зардлын асуудал манай улсад төдийгүй дэлхий нийтэд асуултын тэмдэг болж байна. Нэг ёсондоо хувийн секторын хурдацтай өсөлт, тэлэлтийг төрийн зохицуулалт гүйцэж байгаа эсэх, хянаж чадаж байгаа тухай асуудал юм. Зүйрлэвэл, зах зээл дээр роботууд бий болоод эхэлбэл тэднийг хянадаг робот цагдаа хэрэгтэй болно.  Тиймээс төрийн чадавхи, алба хаагчдын ур чадвар, технологийн дэвшил ямар байх тухай асуудал зайлшгүй хөндөгдөнө. Гэхдээ энэ бол бидний гарцаагүй туулах зам учраас бүхий л түвшинд боломжийнхоо хэрээр бэлтгэлээ хангах ёстой. Дээр нь блокчейн технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ гээд технологийн дэвшил хурдацтай хөгжиж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос бүх мэдээллийнхээ бааз суурь, тоон өгөгдлийг  боловсронгуй болгох чиглэлээр шинэчлэл хийж ажиллаж байна.

-Саяхны судалгаагаар иргэд албан бус сектороос зээл авах нь эрс нэмэгдсэн дүн гарсан байна. Энэ нь банкинд итгэх итгэл буурсных уу. Ер нь манай улсын санхүүгийн зах зээл зөв голдрилоор явж байна уу?

-Санхүүгийн зах зээлийг зохицуулж шийдвэр гаргаж буй хүмүүсийн хувьд зах зээлийнхээ органик байдлыг мэдрэх нь чухал. Хэрэглэгчдийн итгэлийн судалгаагаар хүмүүс хаашаа чиглэж байгааг харахыг зорьсон. Өнөөдөр банк бус санхүүгийн байгууллагуудаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн тоо огцом өсч энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 2.4 дахин нэмэгдэж 360 мянгад хүрсэн. Харилцагчдын тоо 2.4 саяд хүрсэн байна. Гар утсанд суурилж зээл авсан хүмүүсийн тоо нийт зээлдэгчдийн 53 хувийг эзэлж байгаа нь финтек санхүүгийн зах зээлд хүчтэй орж ирсний илрэл. Хүмүүс ч цаг хугацаагаа хэмнэхийг илүүд үзэж байна. Сүүлийн жилүүдэд бичил болон хэрэглээний зээл огцом өссөн. 2016 оны аравдугаар сард ББСБ-ын дүрмийн санг нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаар нийт хөрөнгийн хэмжээ сүүлийн гурван жилд 2.1 дахин өслөө. Хөрөнгийн хэмжээ  нэмэгдсэнээр тэдний чадавхи сайжирч, цөөнгүй ББСБ-ууд финтекийг ашиглах болсон нь эрс өөрчлөлт авчирч байна. Ийнхүү банк санхүүгийн салбарт өрсөлдөөн өрнөх болсон нь эрүүл үзэгдэл юм. Санхүүгийн стартап компаниудын хувьд финтект суурилсан үйлчилгээ явуулах нь харьцангуй зардал багатай учраас хүмүүсийн эрэлт, хэрэгцээг хангаж чадахуйц зээлийг шуурхай өгч байгаа нь давуу тал болж байна.

-“Амьгүй”, “идэвхигүй” байсан зах зээлийг олон нийтийн сонирхол, анхаарлын төвд авчирсан нь Санхүүгийн зохицуулах хорооны ажлын үр дүн юм.

-Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд ямар ахиц дэвшилтэй ажиллаж байна вэ. Ялангуяа, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлийн даатгалыг нэвтрүүлэх  ажил ямар шатандаа явна вэ?

-Даатгалын зах зээл сайн хөгжиж чадвал иргэдэд учрах эрсдэлийг хамгийн бага түвшинд барьж чаддаг. Энэ зах зээл хөгжөөд 85 жилийн ойтой золгож байна. 1934 онд Улсыг аюулаас хамгаалах газрын дэргэд эрсдлээс хамгаалах анхны даатгал бий болж байсан бол 2006 оноос Санхүүгийн зохицуулах хороо даатгалын салбарын зохицуулалтыг хийж байна. Ажлаа авсны дараа эхлээд ББСБ-уудад хандсан шийдвэр, дараагийн хоёр жилд үнэт цаасны зах зээл рүү чиглэсэн бодлого, зохицуулалтад түлхүү анхаарсан. Энэ жилээс даатгалын салбар руу анхаарч ажиллаж байна. Даатгал хийхийн тулд компаниуд чадавхитай байх ёстой. 2012 онд гаргасан дүрмийн санг өсгөх шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хороо гаргасан байдаг. Тус шийдвэрийн хэрэгжилтийг өнгөрсөн онд хангуулж ажиллаж чадлаа. Ингэснээр даатгалын компаниудын дүрмийн сан таван тэрбумд хүрч, нийт хөрөнгийн 1.8 дахин өссөн. Нөөц сангийн хэмжээний 80 хувийг албан журам, гэнэтийн осол, барилга угсралт, тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын даатгал эзэлж байгаа нь нэлээд ахиц дэвшил гарсан гэж хэлж болно. Даатгалын компаниудын идэвхи оролцоо ч сэргэж байна. Өнөөдөр 500 гаруй төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг зах зээл дээр борлуулж байна.

Таны асуусан, уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй холбоотой эрсдэлийн асуудал даатгалын салбарын чухал асуудал юм. Иргэдээс судалгаа аваад үзэхээр 2018 оны хоёрдугаар улиралд даатгалд итгэдэггүй гэсэн 12 хувь, мэдэхгүй гэж хариулсан хүмүүс 30 орчим хувьтай байсан бол энэ жил ойлголт нэмэгдсэн байгаа юм. Сегментлээд харвал харьцангуй тогтмол орлоготой хүмүүс даатгуулах сонирхол өндөр байгаа нь судалгаанаас харагдаж байна. Зөвхөн дүрмийн санг өсгөх биш даатгалын компаниуд нэгдэх, менежментээ өөрчлөх шинэ хандлага бий болгож байгааг Санхүүгийн зохицуулах хороо дэмжиж байгаа. Шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргаж онлайн даатгалын бүтээгдэхүүнтэй болсон гээд дэвшилттэй тал бий ч үр дүн гарахад тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Санхүүгийн зохицуулах хорооны даргын хувьд сүүлийн хоёр жилд Хүртээмжтэй даатгалын олон улсын байгууллагын Азийн бүсийн даргаар ажиллаж байна. 10 орчим оронтой хамтран ажиллах хүрээнд эрсдэл, гамшгийн даатгалын үйлчилгээ цаг уурын өөрчлөлттэй холбоотой даатгалын үйлчилгээг төр хувийн хэвшлийн хамтын хүчээр санхүүгийн салбарт нэвтрүүлэхийг зорьж байна. Дэлхийн дулаарал урьд өмнө төсөөлөгдөөгүй, бас тохиолдож байгаагүй цоо шинэ нөхцөл байдлыг бий болгож байна. Манайд ч гэсэн үер ус, цас зуднаас эхлээд олон төрлийн гамшгийн эрсдэлийг даатгах шаардлага зүйс ёсоор үүссэн. Энэ төрлийн эрсдэлийг даатгахын хэрээр төрийн ачааллыг бууруулж, иргэдэд учрах хохирлыг багасгах боломжтой. Үүний тулд хүчирхэг даатгалын зах зээлийг бий болгох ёстой. Азийн бүсийг даргалж байгаагийн хувьд хүртээмжтэй даатгалын олон улсын хурлыг ОБЕГ-тай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Ер нь даатгалын салбар маш сайн ажиллаад эхэлбэл, зам гүүр, орон сууцтай холбоотой олон олон асуудлыг шийдэх бөгөөд энэ хэрээр төрийн ачаалал буурах боломжтой юм.

-Хадгаламж зээлийн хоршоод өндөр хүү амлаж иргэдийг луйварддаг асуудал байсаар байна. Үүнийг хэрхэн цэгцлэх ёстой вэ?

-Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсан цагаасаа эхлэн Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаанд маш их хүчин чармайлт гаргаж ажилласан. 2000 оны эхээр мянга орчимд хүрээд байсан Хадгаламж зээлийн хоршоодын тоо 2014 онд 100 гаруй болсон байдаг. 2015-2016 онд Улаанбаатар хотын хороо бүрт нэг хоршоо хүчээр байгуулж дахиад 100 гаруйгаар нэмсэн нь энэ салбарын органик хөгжилд сөрөг  нөлөө үзүүлж, харилцан итгэлцлийн үйлчилгээ гэхээсээ илүү амар хялбар аргаар мөнгө олох хууран мэхлэх боломжтой салбар гэж үзэх болсон. Уг нь Хадгаламж зээлийн хоршоо бол зөвхөн гишүүддээ үйлчилдэг ашгийн төлөө бус байгууллага юм. Итгэлцэл дээр үндэслэсэн харилцаа гэсэн үг. Хоршооны хадгаламж зээлийн үйл ажиллагаан дээр Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авдаг. Өмнө нь Хоршооны тухай ерөнхий хуулиар зохицуулдаг байсан бол 2011 оноос Хадгаламж зээлийн хоршооны хуультай болсон.

Хадгаламж зээлийн хоршоо нь гишүүдийнхээ тоог цаасан дээр хэт их нэмэх, зээл авсан хүн бүрийг гишүүн болгодог болж гажуудсан нь иргэдийн дунд итгэлцэл хэр байгааг харуулж байна. Дэлхийн жишигт бол Хадгаламж зээлийн хоршоо тогтвортой хөгждөг.  Манайд Хадгаламж зээ­лийн хоршоо алслагдсан бүсэд ББСБ арилжааны банкнаас илүү сайн ажил­лах боломж байна. Гэвч хэт их томорч, тодорхойгүй байдал үүсгэж,  иргэдийг хохироох байдал ажиглагдах  боллоо. Санаатайгаар хэт их ашиг олох зорилготой хүмүүс санхүүгийн ил болон далд луйврыг хийж арилжааны шинж чанартай болж байна, зарим нэг Хадгаламж зээлийн хоршоонд залилангийн хэрэг  үүсээд асуудал  шалгагдаад явж байгаа. Санхүүгийн зохи­цуулах хороо хоршоодын үйл ажил­лагаанд тавих хяналт шалгалт, дү­рэм журмаа чамбайруулан ажиллаж байна.

-Энэ салбарыг гурван жил удирдахдаа хийж бүтээсэн бүхэн минь болоод миний хамгийн том амбици бол энэ зах зээл дээр гэрэл гэгээ гаргая гэж бодсон. Тэр гэгээ нь цаашид илүү том болж, тод асах ёстой.

-Та удирдаж байх хугацаандаа энэ салбарыг ямар шатанд хүргэх төсөөлөл, амбици байна вэ?

-Энэ салбарыг гурван жил удирдахдаа хийж бүтээсэн бүхэн минь болоод миний хамгийн том амбици бол энэ зах зээл дээр гэрэл гэгээ гаргая гэж бодсон. Тэр гэгээ нь цаашид илүү том болж, тод асах ёстой. Хүмүүс харанхуйд байгаад байвал дасчихдаг. Төсөөлөх юм бол хөмөрсөн тогоон дотор байгаа юм шиг. Хөмөрсөн тогооныхоо энд тэндээс нь цоолоод гэрэл гэгээ гаргаж эхэлбэл дотор нь суугаа хүмүүс харанхуйд байгаагаа мэдэрнэ. Тэр гэрэл гэгээ томрохын хэрээр улам илүүг хүсч эхэлнэ. Миний хамгийн том амбици бол санхүү тэр дундаа хөрөнгө үнэт цаас, даатгалын зах зээлд бага ч гэсэн гэрэл гэгээ гаргасан юм болов уу гэж найддаг. Тэр ч утгаараа гурван жилд зах зээл 200 дахин өсч сүүлийн 30 жил гараагүй том тэсрэлт бий болж ДНБ-д эзэлж байгаа хувь хэмжээ 16 хувьд хүрсэн. Харин үр өгөөжийг нь иргэд, өрх гэр, зах зээлд оролцогчид, бизнес эрхлэгчид хүртэнэ. Үүний тулд зах зээлээ ойлгож, мэдэрч илүү хүчин чармайлт гаргаж ажиллах ёстой. Шийдвэр бүр зах зээлд нэвт тархдаг учраас маш болгоомжтой, нямбай хандах учиртай юм. Мөн гаргасан шийдвэрийг зарим оролцогчид буцаалгах сонирхолтой байдаг. Бүх хүнд нэгэн зэрэг таалагддаг бодлого шийдвэр гэж огтоос үгүй, тийм боломж ч байхгүй. Гаргасан бодлого, шийдвэр нэг хэсэг хүмүүсийн эрх ашигтай зөрчилдөнө. Тиймээс аливаа шийдвэрийг тооцоо, судалгааны үндсэн дээр хуулийн хүрээнд гаргаж, тууштай зогсох хэрэгтэй. Мөн цөөн хүмүүсийн эрх ашгийг хамгаалах уу, эсвэл хөгжлийн том зорилгыг урт хугацаанд авчрах уу гэдэг л чухал даа. Үүнийг цаг хугацаа нотолно. Хамгийн гол нь хэрэгжилт, үр дүнг нь үзэх хэрэгтэй. Ядуурал, ажилгүйдлийг бууруулах, орлогын тэгш байдлыг бий болгох  чухал зах зээл бол санхүүгийн зах зээл байдаг. Санхүүгийн зах зээл зөв зохистой, тэнцвэртэй ажиллаж эхэлбэл макро түвшинд улс орны өсөлт, хөгжилтийг хангах том боломж юм. Түвшин түвшиндээ маш их хүчин чармайлт гаргаж ажиллах шаардлагатай.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.18  ЛХАГВА  №185  (6152)

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. kkkkkk
     (156.56.145.***)
    2019/09/19 00:58

    hudlaa shaasan goyo darga busguichuud ih boljee

    (0) (0)