УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар 12 асуудлыг хэлэлцлээ

2022 оны 06-р сарын 02 өдөр, 17 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
e89845fe-33fe-4e16-b5f3-bf1f1d9508da

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.02/ үдээс өмнөх хуралдаан 10.06 цагт эхэлж хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлБайгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлБайгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн уншиж танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт, санал УИХ-ын гишүүдээс гараагүй бөгөөд төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нараас Улсын Их Хуралд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу 1994 оны 11 дүгээр 17-ны өдөр баталсан Эрдэнэсийн сангийн тухай анхдагч хуулийг хүчингүй болгох шаардлагатай гэж үзэн тус Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасны дагуу Эрдэнэсийн сангийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын саналыг дэмжин, УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Дараа нь Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хуралдан чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналыг хуулийн төсөлд нэмж тусгасан төслийн эцсийн хувилбарыг бэлтгэлээ хэмээн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Ганбат нар санал хэлсэн бөгөөд хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Мөн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хийв.

Хууль зүйн байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-1 заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар санал хураалт явуулсан бөгөөд зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжсэн хэмээлээ.

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асууж, байр сууриа илэрхийлсний дараа Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын нэг томьёоллоор санал хураалт явуулан төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хийлээ.

Тус Байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийсэн гэлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулж хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлсний дагуу Ажлын хэсгээс “Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц нь байршил тогтоох, харилцаа холбооны төхөөрөмжөөр тоноглогдсон байх, хөлөг онгоцыг алсын зайнаас хянах үйл ажиллагааны журмыг далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Байнгын хороогоор дэмжигдсэн саналын томьёоллыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн дээрх хуультай хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өөрчлөн найруулах саналын томьёоллыг чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн боловсруулсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.  Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг тус байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан. Төсөлтэй холбогдуулан асуулт, санал гараагүй бөгөөд төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Түүнчлэн “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулан эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Мөн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулав.

УИХ-ын чуулганы 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт аван зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэн гишүүд байр сууриа нэгтгэсэн гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдсэн учир санал хураалтыг үргэлжлүүлсэн юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр төслийн 3.2 дугаар зүйлийн 2.6 дахь заалтыг “зөвшөөрөл хүссэн болон сунгуулах өргөдлийг хүлээн авах, өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг магадлан шалгах, шийдвэр гаргах үйл ажиллагааны явцыг зөвшөөрөл хүсэгч, зөвшөөрөл эзэмшигчид цахим хэлбэрээр, нээлттэй, ил тод байлгах;’’хэмээн өөрчлөн найруулах боллоо.

Мөн төсөлд дөрөвдүгээр бүлэг буюу “Зөвшөөрөл хүсэгч, эзэмшигчид тавигдах нийтлэг шаардлага, зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг” гэж гарчиг, мөн “4.1.Зөвшөөрөл хүсэгч, эзэмшигчид тавигдах нийтлэг шаардлага” гэсэн зүйл нэмэх санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авлаа. Ингэснээр хуулийн төсөлд “Энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн үйл ажиллагааг эрхлэх этгээд нь иргэний эрх зүйн чадвартай байх; хуульд заасан бол мэргэжил, мэргэшлийн шалгалтад тэнцсэн, зохих дүгнэлт гаргуулсан байх; татвар төлөгчөөр бүртгүүлсэн байх нийтлэг нөхцөл, шаардлагыг хангасан байна” гэсэн агуулгыг нэмэхээр болов.

Түүнчлэн Ажлын хэсгийн зүгээс төслийн 8.4 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтын “улсын төсвөөс болон иргэн, хуулийн этгээд, хэрэглэгчээс” гэснийг “иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагаас” гэж өөрчилж, мөн зүйлд “хууль санаачлагчаас Нийтийн сонсголын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасны дагуу хууль тогтоомжийн сонсгол явуулсан эсэхийг шалгах.” гэсэн 2.6 дахь заалт нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Төсөлд хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тусгасан “Энэ хуулийг зөрчсөн төрийн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн агуулгатай 9.5 дугаар зүйл, мөн шилжилтийн үеийн зохицуулалтыг тусгасан “Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, эсхүл хуулийн төслийг хэлэлцэн батлах үе шатанд байгаа зөвшөөрөлтэй холбоотой хуулийн төсөлд Зөвшөөрлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5.3 дахь заалт, Нийтийн сонсголын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт хамаарахгүй.” гэсэн 9.6 дугаар зүйл Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Мөн төслийн “8.6 дугаар зүйл” гэснийг 9.7 дугаар зүйл” гэж өөрчилж, мөн зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв. Ингэснээр энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болов.

Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

Дараа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй санал нэг бүрийг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжжээ. Тухайлбал, төслийн зарим нэр томьёог үнэлгээний олон улсын стандартын хорооноос баталсан стандартад нийцүүлэн шинэчлэн боловсруулж, нийтийн эрх ашгийг хөндсөн хөрөнгөд үнэлгээ хийхэд олон улсын болон үндэсний стандарт, журам, аргачлалын дагуу үнэлгээний хуулийн этгээдээр гүйцэтгүүлэхээр нэмж тусгасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Мөн хөрөнгийн үнэлгээний тайлан үндэслэлгүй хийгдсэн нь тогтоогдсон тохиолдолд үйлчлүүлэгч өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх, захиалагч, гуравдагч этгээд хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцах, тайлбар, мэдээлэл авах, мэргэжлийн байгууллагад гомдол гаргах, үнэлгээчин мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах, үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээдээс хөрөнгийн үнэлгээ хийх гэрээнд заасан төлбөрөөс гадна бэлэг, хандив авахыг хориглохоор тусгасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Мэргэжлийн байгууллага шаардлага хангасан иргэнд үнэлгээчний эрхийг таван жилийн хугацаатай олгож, таван жилээр сунгах, сунгаснаас хойш хуульд заасан үүргээ тогтмол биелүүлсэн тохиолдолд үнэлгээчний эрхийг хугацаагүй олгодог байх, зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдэд энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгохоор нэмж тусгасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналыг авчээ.

Үнэлгээний хуулийн этгээдийн үндсэн орон тооны үнэлгээчин нь судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээс өөр давхар ажил эрхлэх, бусад үнэлгээний хуулийн этгээдэд гэрээгээр ажиллахыг хориглох санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мэргэжлийн чадварлаг үнэлгээчинд бүтээлчээр ажиллах боломжийг нээлттэй болгох гэсэн үндэслэлээр дэмжээгүй байна.

Хуулийн төсөлд шилжилтийн үеийн зохицуулалт буюу энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын дотор энэ хуульд нийцүүлэн үнэлгээчний эрхээ сунгуулах, шинэчлэх тухай хүсэлт гаргах зэрэг зохицуулалтыг төсөлд нэмж тусгасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Патентын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шинжилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрдэнэсийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудаар зохицуулах боломжтой гэж Ажлын хэсгийн гишүүдээс үзэн хууль санаачлагчид нь буцаах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авах УИХ-ын гишүүдийн нэрсийг авснаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн бөгөөд хэлэлцүүлэг үдээс хойших хуралдаанаар үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх