Б. Алтангүл: “Гадаад хэл сурах нь хувь хүний хөгжлийн түлхүүр”

2023 оны 05-р сарын 25 өдөр, 09 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
320127331_2078057779048166_5983168976345095163_n

Тэртээх 1994 онд дөнгөж сургуулиа төгссөн Б. Алтангүл хэмээх хэл устай залуухан гялалзсан багш МУИС-д ирж байсан бол эдүгээ 33 жилийг ардаа үджээ. Хүн хувь заяагаа өөрөө бүтээдэг гэдэг шиг эл багшийн эрдэм боловсролыг өдий зэрэгтэй эзэмшсэн нь түүний бага насны дайчин хичээнгүй бие даасан чанартай салшгүй холбоотой. Энэ утгаар оюутан  залууст Франц улсын хэл соёлыг хүртээж түгээснээр Монгол Улсад гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулах үйлсэд чинхүү хүчин зүтгэж яваа нэгэн билээ. Эндээс  хэл сурахын гайхамшиг болоод сайн суралцвал ямархан амжилт, амьдрал хүлээж байдгийг түүний бодит үлгэр дууриалал, хичээнгүй байдлаас бэлхнээ харж болохоор. …. Одоогоор Монгол Улсад 600 гаруй франц мэргэжилтэн бэлтгэсэн тэрбээр өглөө бүхэн  шинэ зүйлийг сэтгэж, шинэ санаа дэвшүүлсээр ажилдаа ирдэг нь түүнийг маш хурдан   өсч дэвшихэд хүргэсэн гэлтэй.  Ийнхүү  өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй, Дэлхийн Франц хэлний багш  нарын холбооны Ази номхон далайн бүсийн  дэд захирал, МУИС-ийн Франц хэлний багш,Франкофон хамтын ажиллагааны төвийн захирал Б. Алтангүлтэй  ярилцсанаа уншигч  танаа хүргэе.

-Таныг МУИС-ийн шилдэг төгсөгчийн нэг гэж сонссон. Энэ л амжилт таны урагшлах замын тань  үүдийг нээж, өргөжин хөгжихийн эхлэл байж дээ?

 – Миний бие 1990 онд МУИС-ийн оюутан болж ирээд өнөөдрийг хүртэл 33 дахь жилдээ энэ сайхан сургуультай хувь заяагаа холбож явна. 1994 онд сургуулиа төгсөөд шууд магистрт элссэн. Тухайн үед энэ сургуульд боловсон хүчний шинэчилсэн бодлого явуулж, салбар  салбартаа хамгийн шилдэг төгсөгчдөө авч үлдэж байлаа. Энэ үеэр анхны магистрын хөтөлбөрт сураад, эндээсээ докторт элсч байсан тэр торгон мөчийг өнөөдөр эргэн дурсахад сайхан  байна.

Тийм ээ, 33 жил гэдэг багагүй хугацаа. Тухайлбал, анхны хичээлээ заахдаа сандрах, цаашилбал, аливаа бүхэн шулуун дардан байдаггүй шиг саад  бэрхшээл,мөн баяртай жаргалтай үеүд олон тохиож байсан даа?

-Мэдээж залуу насны гал цог гэж байна. Энэ үедээ хичээлээ заах, оюутан сурагчидтайгаа уулзах, ажлаа төлөвлөх, ахмад болон дунд үеийн багш нараасаа суралцах, тодруулбал зах зээлийн эхэн үеийн дутагдаж гачигдсан үеийн багш нар л  даа, бид.  Зөвхөн багш нар ч гэлтгүй нийгмийн амьдрал орвонгооро эргэсэн маш тогтворгүй үе. Гэсэн ч бид цалингаа голж байгаагүй, өгснийг нь авдаг байлаа. Энэ нь мэргэжилдээ дуртайн илрэл, үүнийхээ хүчинд ямар ч бэрхшээлийг давж гарсан. Цаашилбал, зарим нэг нь хөл алдаж цаашдаа суралцаж чадахгүй, зарим нь сургууль хэрэгтэй ч үгүй ч юм уу гэж эргэлзсэн, бүүр  зарим нь гахай үүрч ганзагын наймаа хийх зэрэг холбирч, хувьсч  байлаа. Үзэл бодлын хувьд сургуулийн шилдэг төгсөгчид учраас бид сургуулийнхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахын төлөө дуу хоолой болох чин хүсэл зорилготой,одоогийнхоор бол эрч хүчтэй байж дээ.

348890543_119059907858621_5859705098173264562_n

-Бид дэлхий нийтийн хэл Англи хэл л гэж хошуурдаг. Гэтэл Монгол Улсад Франц хэл хөгжөөд нэгэн жарныг элээсэн байна шүү дээ. Энэ дэвшилд таны оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй их байсан нь дамжиггүй?

 -Энэ тухайд 1963 оны хичээлийн жилийн эхнээс МУИС-д анхны анги нээгдэж эдүгээ 60 жилийн түүхт  ой тохиож байгаа. НҮБ байгуулагдсаны дараа гадаад хэлийг сонирхох, дипломат харилцаа, хамтын ажиллагаа зэргээр  Монгол Улсын гадаад харилцаа өргөжсөн үеэс ЮНЕСКО-оос анхны багш нар ирж хичээл зааж байсан түүхтэй. Анхны анги 1968, дараагийн анги 1973 онд төгссөн байдаг. Энэ хугацаанд сонгоноор монгол хэл, шашин судлал,сэтгүүл зүй,хууль зүй гэсэн ангиуд сонгоноор хичээл зааж байсан. Удалгүй 1990 онд гадаад хэл жинхэнэ цэцэглэсэн оргил үе. Энэ утгаар хоёр дахь үеийн элсэгч нь болж 1990 оноос тасралтгүй оюутан сурагчдад зааж сургаж, мэргэжил эзэмшүүлж ирлээ. Тэр үед Франц хэлээр төгссөн хүн монголд яаж ажиллаж амьдрах вэ гэсэн сонголттой тулгарч, хүмүүс ч гайхаж байлаа. Гэвч энэ нь түр зуурын хувь заяаны дуудлага байсан байх аа. Миний хувьд франц хэлийг сурснаар Монгол Улсад гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулж, боловсон хүчин бэлтгэж байгаадаа баяртай байдаг. Үүгээрээ гуравдагч орны соёл зан заншлыг мэдэж цаашдаа харилцаа холбоо, гүүр гарцаа нээж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гуравдагч хөршийнхөө сайн сайхан зүйлийг мэдэж, мэдэрч,чадварт суралцаад цаашдаа дэлхийд гарах гарцаа олно гэсэн үг. Одоогоор Монгол Улсад 600 гаруй франц мэргэжилтэн бэлдсэн.

-Туйлын бүтээлч,санаачлагч багшийн хувьд аль хэдийнэ гадаад харилцаагаа өргөжүүлээд наад зах нь Францын ЭСЯ-тай харилцаа холбоо тогтоосон байлгүй дээ?

-Тийм ээ, Францын ЭСЯ-тай байнгын харилцаатай. Франц улс өөрийн хэл соёлоо түгээхийн тулд хамгийн том бодлого явуулдаг. Дэлхий дээр 321 сая хүн Франц хэлээр ярьдаг. Дэлхий дээр хамгийн их дипломат албатай орон бол Франц улс. Энэ бүгдийг дипломат бодлогоороо зангидаж холбож байна.  Ялангуяа эртний уламжлалаараа хэл соёлоо түгээх тал дээр маш их анхаардаг. Тийм учраас Франц хэлнии багш нарын мэргэжлийг дээшлүүлж, тэдэнтэй хамтын ажиллагаа өрнүүлэх гэх мэт олон талын харилцаатай. Дэлхий дээр Франц хэлтэй их дээд сургуулийн холбоо гэж дэлхийн 130 гаруй орныг нэгтгэсэн 1100 гаруй сургууль, судалгааны байгууллага байдаг. Энэхүү хүртээмжтэй ажлыг хөөцөлдөж 2013 онд МУИС-ийг гишүүнээр элсүүлсэн. Энэ хүрээнд оюутнууд маань Франц хэлтэй хөтөлбөрийг хаанаас сурч болох боломжууд нээгдсэн. Улмаар 2018 онд МУИС-ийн Номын сан ашиглалтанд ороход миний бие гадны хөрөнгө оруулалтаар “Франкофон хамтын ажиллагааны төв”-өө байгуулж байлаа. Оюутнууд маань чөлөөт цагаа өнгөрөөх, зөөлөн ур чадварт суралцах, багийн ажил хийх, өөрсдийнхөө  чадварыг дээшлүүлэх шаардлага хангасан таатай орчин зайлшгүй хэрэгтэй байсан. Учир нь  сургалт хүмүүжлийн харилцаа орхигдоод зөвхөн сургуульдаа ирдэг, явдаг ийм л хоёр замтай, хичээлийн дараа анги танхимын олдоц ч муу байсан. Тиймээс энэ хэлийг сурч байгаа оюутнууд хамтдаа сууж өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг, бусадтайгаа туршлагаа солилцдог, хуваалцдаг, харилцан ярилцдаг төвтэй болсон. Ингэж  зөөлөн ур чадвар суулгахын тулд сард нэгээс хоёр удаа лекц унших, тэмцээн зохиох зэрэг  ажлууд зохион байгуулж байгаа. Удахгүй төгсөгчдийн уулзалт, явган аялал, эрдэм шинжилгээний хурлууд зэрэг завсаргүй олон талт ажлууд хийгдэнэ.

– Франц улсад хэдэн удаа зочилж байв, тэрхүү хөгжилтэй  орны ёс заншил, онцлогуудаас суралцсаар л яваа даа?

– Оюутан  байхад Францын засгийн газрын шугамаар Францын зуны сургалтанд хамрагдах хүүхдүүдээс шалгалт авч 1992 онд анх Франц улсад очих завшаан тохиосон юм. Түүнээс хойш бараг 20 гаруй удаа очсон доо. Миний бие франц хэлнийхээ ачаар Франц хэлний сургалт болон олон улсын хурлын шугамаар дэлхийн 50 гаруй оронд очсон байдаг. Мөн Франкофон хамтын ажиллагааны төвийнхөө Ази номхон далайн бүсийн шинжээчийн чиглэлийн үйл ажиллагаанд оролцох, төвийн захирлуудын хурал олон болдог. Өмнө нь жилдээ жилдээ дөрөв, таван  удаа явдаг байсан бол ковидын үед жаахан хумигдаад  одоо эрчимжих тал руугаа явж байгаа.

 -Үүнийгээ дагаад та багшлаад зогсохгүй гадаад дотоодын сонгуульт ажил ч олон байдаг бололтой?

-Ялангуяа олон улсад маш их сонгуульт ажилтай. Дэлхийн Франц хэлний багш  нарын холбооны Ази номхон далайн бүсийн  дэд захирлаар 10 гаруй жил ажиллаж байна.  Франкофон хамтын ажиллагааны төвийнхөө Ази номхон далайн бүсийн шинжээч хийдэг. Монголын Казак эмэгтэйчүүдийн Арулар холбооны ТУЗ-ын гишүүн, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлд хандив мөнгө гэхээсээ илүү нутгийн асуудлыг дэвшүүлсэн хурал цуглааны ажлыг хариуцаж зохион байгуулдаг.

349012040_271441918631876_4269439779946637906_n

– Удирдагч, ажил хэрэгч хүмүүст цагийн менежмент, төлөвлөлт, түүнийгээ зохицуулах гэж том зарчим байдаг. Таны хувьд?

-Юуны өмнө менежмент маш чухал. Төлөвлөлтийг их  удаан бодож байж гаргалгааг нь  олдог. Гэвч хийж байгаа алхам бүрээ асуудал болгон яриад байх дургүй. Маш их тунгааж бодож төлөвлөсний дараа  хуваарилж  маш хурдан хугацаанд гараас гаргадаг. Айлын том охин гэдэг утгаараа багаасаа бие дааж, өөрийгөө дайчилж, өөртөө шаардлага тавьж,төлөвлөлтийг хийж сурсан юм шиг байгаа юм. Цагийн хуваарийн хувьд эрт амарч, эрт босдог. Өглөө 4, 5 цаг гэж сэрдэг учраас маш сайн төвлөрдөг. Эртэч шар шувуу л гэсэн үг.

-Таны өөрийгөө таньж дотоод ертөнцөө сонсох боломж олгосон зүйл юу вэ?

– Өдрийн цагаар хичээл заах, үйл ажиллагаа зохион байгуулах, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, магистр докторын оюутан удирдах, бакалаврын оюутанд зөвлөгөө өгөх гэх мэт тун завгүй ажилладаг. Харин өглөө эрт боссон буюу алхах үедээ аливааг эргэцүүлж,тунгаан бодож, дотор хүнтэйгээ ярилцдаг даа.

-Франц хэлээрээ дамжуулан оюутан  залуусыг хөгжүүлэхийн тулд ажил төрөлтэй болгох ч юм уу,эсвэл олон улсад холбож гарцыг нь нээж өгөхөд ямар туслалцаа үзүүлж ажилладаг бол?

-Энэ үүргээ маш сайн биелүүлж байгаа гэж боддог. Уран зохиолын ном, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг франц-монгол, монгол-франц хэл рүү орчуулах ажлыг хийдэг. Бид Баабарын түүхийн номыг орчуулж эмхэтгээд эхний хэвлэлт Монгол улсад хэвлэгдэж гарсан байгаа. Мөн Францад хэвлүүлэх гээд  Сорбонны Их Сургуулийн багш хянан засварлаад гаргах гэж бэлтгэж буй яриад байвал их зүйл бий. Биеэр үлгэрлэж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ярьж уулзалт хийж, тухайн эрдэмтэн профессоруудыг урьж авчирч  тэдэнтэй хамт ажиллаж байна. Магистр, докторын ахисан түвшний оюутнуудыг сургаж, бакалаврын оюутнуудтай ажиллах гээд л … Франц улс түүх соёл, урлаг, утга зохиолын дэлхийн өв.  Иймд түүнийг шүтээд байх биш, өөрөө судлаад яг монголын хөрсөнд тохирохоос нь бусдад дамжуулаад, нутагшуулаад сайн зүйлийг нь дэлгэрүүлэх хэрэгтэй. Жишээ нь Францчууд асуудлыг хооллож байхдаа л шууд ярилцаж шийдвэр гаргадаг давуу талтай. Бие биесээ ойлгож байгаа ярианы чадвар маш гайхалтай. Бидний хувьд ч хүнтэй харьцах, өөрийгөө ойлгуулах талыг нь нутагшуулах гэх мэт хүмүүжлийн, судалгааны бүтээл туурвилуудаараа телевиз, радио, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллаж байгаа. Учир нь Франц улс хэл соёлоо түгээх тал дээр дэлхий дээр тэргүүлдэг. Өнгөрсөн гуравдугаар сард франц хэлний баяр болж бид завсаргүй дуу, яруу найраг,цээж бичиг, жүжигчилсэн тоглолт зэрэг  5-6 төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулсан. Мөн саяхан Ренний Их сургуулийн оюутнууд ирж  монгол оюутнуудад тоглолтоо толилуулсан. Нэг  мэдэхэд л, нүд ирмэхийн зуур долоон хоног өнгөрчих юм байна шүү дээ.

346127501_269389952202009_5706208685737866037_n-Төвийнхөө хүрээнд  та бүхний ойрын болон хэтийн зорилго юу вэ?

– Юуны түрүүнд төвөө санхүүгийн хувьд тогтвортой байлгах хамгийн чухал. Олон улсын байгууллага учраас тогтмол ажлаа явуулж, санхүү тайлангаа зөв өгөх ёстой. Тйим учраас төвийнхөө үйл ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, төсөл хөтөлбөрт хамтарч оролцох, хоёрдугаарт МУИС дээр Франц Их, дээд сургуулийн хөтөлбөрийг нутагшуулах боломж байна уу гэдгийг харж, цааш нь дэлгэрүүлэх ямар боломж байна  гэдэг эрэл хайгуул хийж байна.  Хөгжсөн орнуудын сайн талаас нь авах гэх мэтээр мэргэжлийнхээ хүрээнд Монгол Улсад авчирч болох юу байна гэдэг талаар  байнга эрэлхийлж явах юм даа. Нөгөө талаас залуучууд бакалавраар монголдоо сураасай гэж хүсдэг. Учир нь эх оронч сэтгэлгээтэй болно. Дараа нь гадны оронд магистраараа сайн сураад юуг нь монголдоо авчирч мөнгө болгох вэ гэдгийг бодох ёстой. Энэ орон зайгаа олох ухааныг оюутнууддаа  ойлгуулах хэрэгтэй. Өнөөдөр бакалаврт Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрөөр сурч байна л даа. Үүний оронд магистраар нь хоёрхон жил тэтгэлэг олгочиход л  үр дүнтэй зүйл болно гэж боддог. Ингэснээр илүү ухамсар төлөвшил, мөнгө олох арга ухаанаа олж чадна.  Энэ саналаа дараагийн шатанд хэлэх бодол бий.

-Оюуны их ачаалал, алжаал, магадгүй стресс, бухимдлаа хэрхэн яаж тайлдаг вэ?

– Би нэг их стрессдээд  байдаггүй, болох зүйл болдгоороо л болно гэж боддог болсон. Харин залуу байхад эрч хүчтэй, миний санаснаар болсонгүй гэж омголон зангаар бухимдаж уцаарладаг байж. Гэвч би хичээлээ заах үед хамгийн их тайвширдаг. Хичнээн ядарч толгой өвдөж, нойргүй ядарч байсан ч ангийн хаалгаар ороод хичээлээ заахдаа бүүр уусчихдаг.  90 минутаа яаж үр дүнтэй өнгөрөөхөв, яаж оюутнуудынхаа чадварыг нь сайжруулахав гэж бодсоор байгаад ядарч цуцсанаа ч мэдэлгүй хичээлээ дуусгадаг. Ядарна, ядрахгүй гэдэг бол цагаа зөв төлөвлөөд,менежментээ зөв бариад явчих юм бол ямар ч асуудалгүй. Багш хүнийг цагаасаа хоцрох ёсгүй, тухайн цаг хугацаагаа маш үр дүнтэй өнгөрөөх хэрэгтэй гэж үздэг. Зөвхөн 90 минут хичээлээ заагаад гардаг биш, оюутан сурагчидтайгаа эргэх холбоотой байх нь чухал.

 -Франц сурч байгаа,сурахыг эрмэлзэж байгаа залууст хандаж юу хэлэх вэ?

-Гадаад хэл сурах нь тухайн хүний хөгжих боломжийг бүрдүүлж,тархины үйл ажиллагаа тэлж, сэтгэн бодох чадвар сайжирдаг. Хөгшрөхгүй гэж бодвол та гадаад хэл сур гэсэн үг ч бий.  Тийм учраас ямар нэг гадаад хэлийг сурахад надад нэг боломж, гэрэлт цонх  нээгдлээ гэж бодох хэрэгтэй. Ялангуяа Франц хэлийг сурснаар дэлхий дээр байгаа 321 сая хүнтэй мөр зэрэгцэн алхана гэсэн үг. Энэ боломжийг гадаад хэл олгож байгаа юм. Франц хэл адармаатай, ярвигтай маш хэцүү. Хэрэв сайн сурчих юм бол дэлхий дээр олж идэх талх нь бэлэн байгаа. Үүнийг л мэдрэх ёстой. Сурахын төлөө хэсэг хугацаанд ядарч, хүч хөдөлмөр хөлсөө дуслуулж, өөртөө цаг гаргаж сурах хэрэгтэй. Оюутнууддаа аав ээжийнхээ ядарч зовж олсон мөнгийг үр ашигтай зарцуул, дөрвөн жил мөнгөө зөв зарцуулах юм бол 40,50 жил ухаантай амьдрана шүү дээ гэж хэлдэг. Гэвч одоогийн залуус бидний үе шиг ганц дипломоор насан туршдаа  амьдрах боломжгүй болсон. Дэлхийн ийм хурдацтай хөгжлийг дагаж, зохицож амьдрах шаардлага зайлшгүй урган гарч ирж байгаа. Бид ч хичээлээ заахдаа оновчтой олон аргыг ашигладаг. Оюутнуудаасаа хоцрохгүйн тулд байнга уншиж хөгжиж байх учиртай. Тухайлбал, гар утасны хэрэглээ, компьютерийн шинэ хэрэглээнүүдийг мэддэг байх хэрэгтэй.

– Сүүлчийн асуултыг танд нээлттэйгээр үлдээе. Хэлэх дуртай үг тань?

-“Санаа зөв бол заяа зөв” гэсэн үгэнд дуртай. Аав маань бидэнд “амьдрал ухаантай хүнд жүжиг,тэнэг хүнд тоглоом” гэж хэлэхэд нь тухайн үед инээдэм болгон хүлээж авдаг байж билээ. Одоо эргээд бодоход яг л жүжиг юм байна, хувь хүн өөртөө эзэн байя гэвэл жүжгээ л тоглоно. Эзэн биш байя гэвэл тоглоомоо тоглох байх. Үүнтэй холбоотойгоор хүүхэд залуучуудыг хүмүүжүүлж, хөгжүүлж байгаа бидний хувьд улсын бодлого зөв байх ёстой. Өнөөдөр дипломтой хүн биш, хүмүүжилтэй хүн чухал болоод байна шүү дээ. Орчин үеийнхээр хүн шиг хүн гэсэн үг.  Францчууд хаана  ч явсан номтой л нөхөрлөдөг. Уулзахад номын тухай, хоолны жор л ярина. Ялангуяа философийн номуудыг уншдаг учраас үзэл бодолдоо үнэнч. Манайд өөрийгөө олоогүй, хоосон боловсрол их байгаа учраас үзэл бодол нь тогтоогүй холбирч хувьсах нь их болж. Ном уншсан ч  түүнийгээ ярьж хэлэлцдэг систем алга байна.

Д.Нэргүй

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Зочин
     (202.131.22.***)
    2023/05/25 16:06

    Энэ нэг сагсуу ногоон Хасаг АУбакир гишүүний хадам тал гэсэн. Энэ УИХ-д дэвшинэ гэж горьдож яваа гэсэн . Сауле сайдын гишгэсэн мөрөнд ч хүрэхгүй авгай . Хасгууд дотор Саулегээс өөр бэлтгэгдсэн боловсон хүчин байхгүй шүү

    (0) (0)