О.Буяннэмэх: Бид өөрсдийнхөө ирээдүйг өөрсдөө бүтээх нь чухал

2014 оны 06-р сарын 19 өдөр, 15 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

 МАХН-ын дэргэдэх “Ардчилал, шударга ёс-Монголын залуучуудын холбоо”-ны тэргүүн О.Буяннэмэхтэй ярилцлаа.

 -МАХН-ын дэргэдэх залуучуудын холбоо ямар  бодлого, чиглэлтэй  ажиллаж байна?

 -Бид  2014 оныг анхан шатны байгууллагаа бэхжүүлэх жил болгон зарласан. Манай холбооны залуус   МАХН-ын бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Түүнээс  гадна өөрийн гишүүд, дэмжигчидтэйгээ уялдаа холбоогоо сайжруулж, тэдний дуу хоолой болж ажиллаж байна.

 -Улс төрийн намын дэргэдэх Залуучуудын холбоо гэдэг их чухал ач холбогдолтой байгууллага. АШЁМЗХолбоо МАХН-ын үйл ажиллагааг хэр дэмжиж ажиллаж байна?

 -Тийм ээ. Улс төрийн намын дэргэдэх залуучуудын холбоо бол тухайн нам дотроо хамгийн чухал нөлөөтэй байгууллага. Тиймдээ ч манай холбоо өдөр ирэх тусам гишүүнчлэлээ нэмж, нийгэмд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй залуучуудын холбоо болж өргөжиж байна. Намынхаа үйл ажиллагааг ч дэмжиж, уялдаа холбоогоо сайжруулахад анхаарч  ажилласаар ирлээ. Өнөөдөр бидний дундаас  намын Гүйцэтгэх товчооны гишүүн, нарийн бичгийн дарга, Бага чуулганы гишүүн, Засгийн газрын гишүүнээр  болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр олон залуус ажиллаж байна. Энэ бол   бидний ажлын нэг үзүүлэлт, манай холбооны  хөгжлийн нэг илэрхийлэл гэж болно. Мөн манай холбоо МАХН-ын ирээдүйн чадварлаг боловсон хүчинг бэлтгэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.

-Танай  холбоо ямар үзэл баримтлалыг дэмждэг вэ?

 -Холбоо  анх үүсч  байгуулагдахдаа залуус бид өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлыг төрийн эрх бүхий байгууллагад хүргүүлж, шийдвэрлүүлэх, мөн Монголын залуусын дуу хоолой болж ажиллах зорилго тавьсан. Цаг үеийн шаардлага ч тийм байсан. Иймд ямар үзэл баримтлалтай аль улс төрийн хүчинг дэмжиж ажиллах талаар залуус бид цуглаж ярилцсан. Мөн  багагүй судалгаа хийж, түүнийгээ судалж дүгнэсэн. Эцэст нь зүүн төвийн социал демократ үзэл баримтлалтай МАХН-ын бодлого, үйл ажиллагаа бидэнд илүү  таалагдаж, тус намын хийж буй тухайн үеийн эх оронч тэмцэл залуус биднийг өөрийн эрхгүй татсан гэж болно. Иймд манай холбооны залуус ч зүүн төвийн социал демикрат үзлийг дэмжиж өнөөдрийг хүрсэн.

 -Залуучуудын холбоог  удирдана гэдэг амаргүй  ажил байдаг байх. Залуусаа чадваржуулах, мэргэшүүлэх гээд л олон талын үүрэг таны өмнө байгаа гэдгийг ярианаас чинь ойлголоо?

 -Залуучуудын холбоог удирдана гэдэг миний хувьд бахархалтай санагддаг. Мэдээж бидний өмнө тулгамдсан  олон асуудал бий. Бусад намын дэргэдэх залуучуудын холбоог бодоход бид хөрөнгө, санхүүгийн боломжгүй. Гэхдээ манай холбооны залуус Монголынхоо ирээдүйн сайн сайхны төлөө, шударга ёсыг тогтоох их үйлсэд эргэлт буцалтгүй орсон учраас хэзээ ч шантарч байсангүй. Түүнээс гадна холбооны залуус, гишүүд, дэмжигчдийгээ чадваржуулж мэргэшүүлэх нь бидний тэргүүлэх зорилго юм. Тиймдээ ч бид гадаад харилцаа, хамтын ажиллагаанд  түлхүү  анхаарч ажиллаж  ирсэн. 2014 оноос АНУ-ын Бүгд найрамдахчуудын нийгэмлэгтэй хамтарч МАХН-ын залуу боловсон хүчинг чадваржуулах хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлж эхлээд байна. Тус хөтөлбөрийн хүрээнд бид энэ зунд  залуу манлайлал, сонгуульд хэрхэн амжилт гаргах, социал демикрат үзлийн талаар зэрэг олон сургалт зохион байгуулахаар  бэлтгэж байна.

 -Залуу хүнийхээ хувьд Монголынхоо ирээдүйг та хэрхэн харж байна?

 -Би их эх оронч сэтгэлгээтэй хүн. Мэдээж бид дэлхийн хамгийн сайхан оронд төрсөн улс. Эцэг, өвгөд минь бидэнд халуун цусаараа тэмцэж эрх чөлөө, эрхэм баян эх орныг өвлүүлсэн. Гэтэл сүүлийн үед  харамсахгүй байхын аргагүй сэтгэл эмзэглүүлсэн үйлдлүүд гарах боллоо. Монголчууд  өөрсдөө  ийм зүйлүүдийг хийгээд  байна. Ардчилсан гэх нийгэмд улс төрийн золиос болж залуус үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө буудуулж үрэгдэж байна. Монгол хүн амьд явах ямар ч баталгаагүй боллоо. Сайхан залуу гудамжинд хөгжим сонсч яваад, эсвэл машин барьж яваад хариуцлагагүй барилгын компанийн буруугаас болж  төмрөнд цохиулж, дарагдаж амь эрсдэж байна. Монгол охид  харийнханд худалдагдаж байна. Монгол хүний үнэлэмж өдөр ирэх тусам буурч  байна. Ард түмний амьдрал өдөр ирэх тусам ядуурч байна. Бүр өдрийн хоолоо залгуулах гэж нохойн хоолоор амь зогоож байна гээд яриад байвал аймшигтай сэтгэл эмзэглүүлсэн үйлдлүүд их  гарах боллоо.

 Бас бидний ирээдүйн амьдралын баталгаа болсон байгалийн баялгийг маань гадныхны гар хөл болсон арчаагүй улс төрчид хуйвалдаж, худалдаж,  зөвхөн өөрсдөдөө ашигтай гэрээ хийж устгаж байна. Ард түмнийг улам л сул дорой, ядуу тарчиг болгох гэж оролдож байна. Ийм хувиа хичээсэн улсаас бид салах  цаг болсон. Намайг хүүхэд байхад л  УИХ-ын гишүүн байсан хүмүүс 20 гаруй жил эрх мэдлээ тавьж өгөхгүй өнөөдөр ч  Их хуралд  суусаар л, бас ард түмэн бидний ирээдүйн баталгааг үгүй хийсээр    байна. Манай холбооны залуус энэ мэтийн муу муухай бүхнээс төр улсаа салгаж, алдсан алдаа бүхнээ эргүүлж засахын төлөө нэг зорилго, нэгдмэл  санаагаар зүтгэж ажиллахыг эрмэлзэж  байна. Монголын  ирээдүйд зөв бодолтой, шударга залуус өнөөгийн нийгэмд өөрчлөлт хийх учиртай. Ингэж эрс шинэчлэл хийж байж бид сайхан монгол орныг цогцлоон хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 -Сүүлийн үед залуусын нийгмийн идэвх буурсаар байна. Энэ талаар таны бодлыг сонирхож болох уу?

 -Залуусын нийгмийн идэвх өдөр ирэх тусам буурч байгаа нь үнэн. Баталгаагүй нийгмийн амьдрал, тогтворгүй хууль эрх зүйн орчин, найдваргүй улс төрийн байдал, шударга бус явдал, ажилгүйдэл, хүнд суртал гээд тоочоод байвал олон зүйл нөлөөлж байна. Залуус нийгэмдээ итгэхээ байж, сэтгэлгээний хямралд орж эхэлсэн. Бас гутранги, өөртөө итгэлгүй болж байгаад залуу хүнийхээ хувьд би харамсдаг. Уг нь ухаалаг төртэй байсан бол энэ бүхнээс урьдчилан сэргийлж, дор бүрдээ засах байлаа. Гэхдээ миний бодлоор оройтоогүй гэж үздэг. Бид залуусынхаа нийгмийн идэвхийг сайжруулахын тулд эхлээд баталгаатай, тайван нийгмийг  одооноос бүрдүүлэх талд  төрийн бодлого гаргаж ажиллах хэрэгтэй байна. Энэ асуудал  манай холбооны хувьд санаа зовоосон нэгээхэн том сэдэв болж явдаг. Гэхдээ залуус бид  өөрсдөө л энэ бүхнийг засч баталгаатай сайхан ирээдүйг хөгжүүлэх учиртай.

 -Баярлалаа, Монголынхоо ирээдүйн төлөө санаа тавьж явдагт. АШЁМЗХ жил бүр хөдөө орон нутагт хүрч ажилладаг гэсэн. Энэ жилийн ажлын гараагаа хэзээ эхлэх гэж байна. Урд жилүүдээс  ямар онцлогтой вэ?

 -Би түрүүнд хэлсэн, манай холбоо 2014 оныг Анхан шатны байгууллагаа бэхжүүлэх жил болгон зарласан гэж. Энэ ажлын хүрээнд “Залуусаа сонсъё” аяныг  энэ  сарын 20-ноос эхлэн нэг сарын хугацаатайгаар 21 аймаг, 9 дүүрэгт хүрч ажиллахаар бэлтгэж байна. Хөдөө орон нутагт байгаа залуустайгаа уулзаж, тэдний дуу хоолойг сонсч, тулгамдаж буй асуудал, ирээдүйнхээ талаар санал солилцож, төрийн бодлогод тусгуулах санаануудыг авч ирнэ гэж бодож байна. Мөн холбооныхоо салбар холбоодын үйл ажиллагаатай танилцаж, уялдаа холбоогоо сайжруулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлж, эрчимжүүлэх, гишүүнчлэлээ нэмэх, тэдэнд итгэл өгөх гээд төлөвлөсөн ажил их бий. Энэ  аяны дараа  МАХН-ын удирдлагуудад танилцуулж, зөвлөмж гаргаж хамтарч ажиллах болно.

 -УИХ‑д суудалтай, Засгийн газарт хамтран ажиллаж  байгаа намын бодлогыг хэрэгжүүлэх, улс  орны хөгжлийн бодлогыг тодорхойлоход тус холбооны залуус идэвх санаачилгатай ажиллаж байгаа юм байна.Манай уншигчдад болон Монголын  залуу үеийнхэнд хандаж та юу хэлэх бол?

 Баярлалаа. Залуус бидний бодож санаж яваа зүйлүүдийг сонирхон асууж, хүмүүст хүргэж байгаа танай хамт олонд баярлалаа. Танай сонины уншигчдад болон Монголынхоо нийт залуучуудад  хандаж бид өөрсдийн ирээдүйгээ өөрсдөө бүтээх нь хамгийн чухал тулгамдсан асуудал болжээ. Мөн МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, монголын залуучуудын холбоотой хамтарч эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө хамтарч ажиллахыг  уриалъя.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх