О.Буяннэмэх: Ард түмэн юу хүсч байна, түүний төлөө л ажиллах ёстой

2015 оны 05-р сарын 07 өдөр, 12 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

МАХН-ЫН ДЭРГЭДЭХ АРДЧИЛАЛ, ШУДАРГА ЁС, МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН О.БУЯННЭМЭХТЭЙ ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ЯРИЛЦЛАА.
-Танай холбооноос Таван толгойн асуудлаар мэдэгдэл гаргасан байна. Энэ ямар агуулгатай мэдэгдэл вэ?
– «МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл» нь 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Стратегийн орд болох Оюутолгойн 51 хувь буюу түүнээс дээш, Тавантолгой ордыг ард түмний мэдэлд байлгах талаар тусгасан. 2008 онд Тавантолгойн ордыг төрийн мэдэлд буцааж авсан. Ингэхдээ тухайн үед төрийн өмчийн 85 хувь, ард түмний мэдэлд 10 хувь буюу 2.1 сая орчим хувьцаа эзэмшигч, үлдсэн хувьцааг хувийн компанид өгсөн. Гэтэл сүүлийн үед Тавантолгойн төрийн мэдлийн болон ард түмний хувьцааг хөрөнгө оруулалтыг дэмжих нэрийн дор нууц байдлаар гэрээг хийж, ард түмэнд ашиггүйгээр шийдэх гэсэн улстөрчдийн хувиа хичээсэн бүлэглэлийн явуургүй үйлдэл идэвхжсээр байна. МАХН-ын УИХ дахь гишүүд 2014 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр мэдээлэл хийж, Тавантолгойн тогтоолын төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн шүү дээ. Тавантолгойн гэрээний төслийг ард түмэнд ил тод, нээлттэй, харилцан ашигтай, үр өгөөжтэй шийдэхийн оронд харин ч нууц байдлаар, үгсэн хуйвалдаж, улс төрийн шантааж хийн талцан, бие биенээсээ өрсөлдөн улс төрчдийн оролцоотойгоор эдийн засгийн бүлэглэлийн талд шийдүүлэхээр тэмцэлдэж байгаа нь хэрээс хэтэрлээ. Энэ нь өөрөө яах аргагүй монголын ард түмнийг доромжилсон эрээ цээргүй үйлдлүүд болоод байна. Бид нар мэдэж байгаа. Монгол Улсын Сайд М.Энхсайханаар ахлуулсан Ажлын хэсэг нь Тавантолгойн гэрээний асуудлыг хариуцаж байгаа. Энэ ажлын хэсэг 2012 оны «Шударга ёс эвсэл»-ийн Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан Тавантолгойн ордыг ард түмний мэдэлд байлгана гэсэн зорилтыг гажуудуулсан. Тэгээд зогсохгүй 2.1 сая хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндөж, «Энержи ресурс» компанид өгч, монголын эдийн засгийг тус компанийн хараат болгох ноцтой үйлдлийг хийж байна. Мөн Тавантолгойн гэрээний нөхцөл байдлаас шалтгаалан Эвслийн байр суурь зөрчилдөхөд хүрээд байна. Тиймээс бид цаашид Тавантолгойн гэрээг хийхдээ ил тод, нээлттэй, харилцан ашигтай байдлаар ард түмний эрх ашигт нийцүүлэн хийж гүйцэтгэхийг УИХ-ын гишүүдэд анхааруулж байгаа юм. Эцсийн дүндээ Монгол төрийн зөв бодлого ард түмний ирээдүйн амьдралын баталгаа болох учиртай. Бидний зүгээс гаргасан мэдэгдлийн агуулга энэ.
-УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн байр суурь зөрчилдөх нь танай намд сөрөг талтай байж мэдэх юм. Эвслийн нэгдсэн үйл ажиллагаа саармагжихад хүрч мэднэ. Та энд ямар тайлбар өгөх вэ?
-Улс төр өөрөө өргөн хүрээнд нь авч үзвэл улс орны нийтлэг эрх ашигийн төлөөх ашиг сонирхол, амбиц. Энэ утгаараа аливаа улс төрийн хүчнүүд улс орныхоо нийтлэг эрх ашгийн төлөө нэгдэж болно. Ийм жишиг манай улсад бий шүү дээ. Засгийн газраа УИХ-д суудалтай намууд хэд хэдэн удаа хамтран байгуулснаас тодорхой харж болно. Харин тэр эрх ашиг, сонирхол зөрчилдөхөд хүрвэл бас салж болно. Хамгийн чухал нь Монгол Улсын эрх ашиг. МАХН өөрөө шударга ёсыг нийгэмд тогтоох, байгалийн баялгыг ард түмэндээ өгөх, тэндээс олох үр шимийг жигд хүртээхийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн. Тухайлбал Тавантолгой. Өнөөдөр Тавантолгойн талаарх манай намын байр суурь маш тодорхой байгаа. Тийм ч учраас Тавантолгой дээр М.Энхсайхан сайдын барьж буй бодлого манай намын бодлоготой зөрчилдөхөд хүрвэл бид өөрийн байр сууриа дагана. Улс төрийн намууд хамтарч, болохгүй бол тус тусын замаар явах нь хэвийн үзэгдэл. Хамгийн чухал нь монголчуудын эрх ашиг. Өөрөөр хэлбэл манай намын хувьд хэдхэн улстөрчдийн эрх ашгаас илүү улс эрх орны эрх ашиг, нийт ард түмний аж амьдрал чухал. Бидэнд 2012 оны сонгуулиар ард түмэндээ амласан амлалт бий. Түүнийгээ л биелүүлэхийг сонгогчид хүсч байгаа. Иргэнийхээ хүслийг дагадаггүй төр байж болохгүй. Тийм учраас бид ард түмэн юу хүсч байна, түүнийг нь бий болгож, биелүүлэхийн төлөө ажиллах ёстой. Ард түмний эрх ашгийг давсан улс төрийн намууд, улстөрчдийн ашиг сонирхол байж болохгүй.
-Хэрвээ УИХ та бүхний хүсч буйгаас өөр шийдвэр гаргавал яах вэ?
-УИХ гэдэг яг юу юм бэ гэдгийг эргээд бодох ёстой. УИХ-д сууж байгаа 76 хүн энэ улсын нийт ард түмний итгэлийг хүлээж, тэдний төлөө зүтгэхээр сууж байгаа илч төлөөлөгч. Тэгэхээр УИХ ард түмнийхээ эсрэг шийдвэр гаргахгүй гэж найдаж байгаа. Энэ тухайгаа манай нам удаа дараа мэдэгдсэн. Ард түмэндээ үйлчилж, тэднийхээ төлөө ажиллахгүй юм бол ийм төрөөр монголчууд яах юм бэ. Хэрвээ энэ УИХ Тавантолгойн гэрээг одоогийн явж байгаа замаар нь батлах юм бол монголчууд хэнийг төрийн түшээ болгосон юм бэ, улс орны хувь заяаг хэний гарт атгуулсан юм бэ гэдгээ баттай мэдэж авах байх. Хамгийн харамсалтай нь энэ гэрээг энэ чигээр нь баталбал монголын хүн бүрийн хүртэх ёстой баялаг ганцхан компанийн гараар гадныхны халаас руу урсах болно. 2.1 сая хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хөсөр хаягдана. МАХН ийм зүйл болохыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Тавантолгойн баялгын үр шимийг монголчууд бүгдээрээ хүртэх ёстой учраас бид ямар ч нөхцөлд өөрсдийн байр сууриа хамгаалж, шаардлагатай улс төрийн арга хэмжээг хэрэгтэй гэж үзвэл шат дараатай авна.
-Таны ярианд Тавантолгойн гэрээн дээр улстөрчид нууц байдлаар үгсэн хуйвалдаж байгаа тухай дурдагдлаа. Яагаад ингэж хардах болов?
-Тавантолгой өөрөө асар их мөнгөний тухай яриа. Энэ ордыг буюу энэ их мөнгийг улс орноо өөд татаж, эдийн засгаа чадавхижуулах, ард түмнийхээ аж амьдралыг өөд татахад зориулах уу, хэдхэн хүний шуналын савыг дүүргэхэд зориулах уу гэдэг л гол асуудал болоод байгааг хүн бүр ойлгож байгаа. Тийм учраас бид улстөрч, эдийн засгийн бүлэглэлийн ашиг сонирхол оруулахгүй, зөвхөн ард түмний эрх ашгийн төлөө л шийдүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх