“Mongolia Mining 2016” олон улсын уул уурхайн үзэсгэлэн нээгдэнэ

2016 оны 04-р сарын 06 өдөр, 10 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“Mongolia Mining 2016” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 6 дахь удаагийн арга хэмжээ “Буянт-Ухаа” спортын ордонд дөрөвдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд үргэлжилнэ. “Мongolia Mining” олон улсын үзэсгэлэн нь уул уурхайн салбарын техник технологийн хамгийн чухал арга хэмжээ бөгөөд өнөө жилийн үзэсгэлэнг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Оюу толгой ХХК дэмжин ажиллаж байгаа бөгөөд уламжлал ёсоор Майнэкс Монгол ХХК, Эрдэнэс Монгол ХХК хамтран зохион байгуулж байгаа юм. “Mongolia Mining 2016” үзэсгэлэнд 15 орны 120 орчим компани оролцож байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас гадна Австрали, АНУ, Герман, Франц,  ОХУ, Япон, БНХАУ, Беларус, Канад, Чех, БНСУ, Нидерланд, Их Британи зэрэг орнуудаас уул уурхайн ханган нийлүүлэгчид бүтээгдэхүүнээ сурталчилна. Wagner Asia Equipment LLC, United Belaz Machinery, Sany Group, Minelab Electronics Pty Ltd, Mitsubishi Materials Trading Corp, Goodwin Ltd, Newcom Mining services LLC, Lubridutch, Магнай трэйд гэх мэт уул уурхайд тоног төхөөрөмж нийлүүлэгч томоохон компаниуд бүтээгдэхүүнээ дэлгэх ба Эрдэнэс Монгол ХХК, Оюу Толгой ХХК, Эрдэнэт Үйлдвэр ХХК зэрэг уул уурхайн компаниуд оролцож, харилцаа хамтын ажиллагааны арга хэмжээнүүдийг явуулна. “Mongolia Mining 2016” үзэсгэлэнгийн дэмжигч Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Эрдэнэс Монгол ХХК  болон Оюу толгой ХХК, Эрдэнэс таван толгой ХХК, Эрдэнэт үйлдвэр, Багануур ХК, Шивээ Овоо ХК оролцож хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, худалдан авалтын журам, шаардлагын талаар үзэсгэлэн гаргагчид, ханган нийлүүлэгчидтэй ярилцлага хийнэ. Мөн хүнд даацын машин, тоног төхөөрөмж нийлүүлэгчдийн семинар, үзэсгэлэнд оролцогч компаниудын танилцуулга явагдана. Ийнхүү уул уурхайн салбарын сүүлийн үеийн техник, технологитой танилцахын тулд улс дамжин, тив алгасан аялахгүйгээр дэлхийн техникийн хөгжлийн чиг хандлагыг анзаарч, хэрэгтэй тоног төхөөрөмжөө олж авах боломжийг “Mongolia Mining 2016” бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

 

 

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх