АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт амжилттай өндөрлөлөө

2016 оны 07-р сарын 16 өдөр, 20 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Улаанбаатар хотноо 7 дугаар сарын 15, 16-нд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Дээд хэмжээний уулзалтад АСЕМ-ын 53 гишүүн, үүнээс Европын 30, Азийн 21 орон, мөн хоёр олон улсын байгууллагаас өндөр түвшний зочид, дагалдах албаны хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй төлөөлөгч оролцлоо.

АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвээр зохион байгуулагдсан энэхүү уулзалтын эхний өдөр хоёр хэлэлцүүлэг бүхий нэгдсэн хуралдаан болсон бол хоёр дахь өдрийн хаалттай хуралдаанаар төлөөлөгчид “АСЕМ-ын гурван баганыг сайжруулах нь” сэдвийн хүрээнд албан бус хэлэлцүүлэг өрнүүлж, мөн бүс нутгийн хамтын ажиллагаа болон олон улсын терроризмын эсрэг үйл ажиллагаа, дүрвэгсдийн асуудал, цаг уурын өөрчлөлт, тогтвортой хөгжил, хүний эрх, хуулийн засаглал, эрчим хүч, хүнс тэжээл, цэвэр ус, хөдөлмөр эрхлэлт, эмэгтэйчүүдийг чадавхжуулах зэрэг цаг үеийн халуун сэдвүүдийг хөндөж ярилцлаа.

Хурлын төгсгөлд “Хурлын даргын мэдэгдэл” болон “Улаанбаатарын тунхаглал” гэсэн хоёр баримт бичгүүдийг баталлаа. Энэхүү баримт бичгүүд нь АСЕМ-ын үйл явцыг урагшлуулах, эрх тэгш түншлэл, харилцан бие биенээ хүндэтгэх, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр Ази, Европын хооронд харилцаа холбоогоо илүү өргөн хүрээнд бэхжүүлэх, тодорхой салбар асуудлаар илүү төвлөрсөн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон хөтөч зураг болно гэж уулзалтад оролцогчид санал нэгтэй дүгнэж байна.

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Туск нар үг хэллээ.

Дээд түвшний уулзалтын үр дүн болон батлагдсан баримт бичгүүдийн талаар  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Туск, Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер, Мьянмарын Ерөнхийлөгч Тин Киав, Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо  нар гадаад, дотоодын сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хоёр өдөр үргэлжилсэн хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Хуралдаанд оролцсон төлөөлөгчид санал бодлоо чөлөөтэй солилцлоо. Хоёр тивийн удирдагчид нэгдэж чадлаа. Монгол Улс энэ удаагийн дээд түвшний уулзалтыг эх орондоо хүлээж авч байгаагийн хувьд хуралд оролцогчдод өөрийн түүх, соёл, ёс заншлаа сурталчлан таниулахыг зорилоо. АСЕМ-ын дээд түвшний уулзалт хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг тул бид дараагийн АСЕМ-ын уулзалтыг эх орондоо 100 жилийн дараа хүлээн авах нь ээ. Орон орны хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд Та бүхний маань бэлтгэсэн мэдээлэл дэлхийн 1,5 тэрбум хүний сонорт хүржээ. Та бүхэндээ баярлалаа” хэмээв.

Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Туск “Уулзалтын үеэр хэд хэдэн газар террорист халдлага гарлаа. Бид дэлхий нийтийн хэмжээнд эв нэгдлээ илэрхийлж, энэ индэр дээрээс дуу хоолойгоо хамтдаа хүргэсэн. Террорист халдлага манай хоёр тивд аюултай. Тиймээс бид дээд хэмжээний уулзалтын үеэр энэ асуудлыг ярилцсан. Мөн дүрвэгсдийн асуудал, аюулгүй байдлын талаар санал солилцсон. Ер нь ард иргэдийн аюулгүй байдалд чухал шийд гарах ёстой. Энэ талаар бид төвлөрч ярилцлаа” гэв.

Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер “Миний оролцсон АСЕМ-ын уулзалтуудаас энэ удаагийн уулзалт хамгийн онцлогтой, давтагдашгүй байлаа. Монгол Улс хурлыг маш сайн зохион байгууллаа. Дараагийн уулзалт хоёр жилийн дараа Брюсельд болно” гэв.

Мьянмар Улсын Ерөнхийлөгч Тин Киав “Энэ ховор боломжийг бидэнд олгосонд баярлалаа. Амьдралд нэг тохиох гайхалтай туршлага байлаа. Танай сайхан орны байгалийг биширч, монголчуудын зочломтгой занд талархаж байна. Хоёр өдрийн хурлын үеэр албан болон албан бус олон уулзалт хийлээ. Өнгөрсөн 20 жилийн ажлаа дүгнэж, олон чухал асуудлыг хэлэлцлээ. Хоёр бүс нутгийн уялдаа холбоог сайжруулах талаар бид санал нэгдлээ. Нийтлэг ашиг сонирхол бүхий  асуудлуудаар түлхүү ярилцлаа” гэв.

Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Туск, Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер, Мьянмарын Ерөнхийлөгч Тин Киав, Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх