АСЕМ-ын уулзалтын зохион байгуулалтад ойролцоогоор 12 мянга гаруй хүн гар бие оролцсон

2016 оны 07-р сарын 16 өдөр, 22 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Улаанбаатар хотноо амжилттай зохиогдож өндөрлөсөнтэй холбогдуулан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн уг арга хэмжээг дүгнэж, уулзалтын үр дүн, Монгол Улсад  үлдэж буй бодит үр ашиг, ач холбогдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөл байгуулагдсанаас хойш жил гаруйн хугацаанд өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийг байрлуулах хотхон байгуулах, зочид буудлуудыг чадавхжуулах, хот тохижуулах, мэргэжилтэй ажилчид болон сайн дурын ажилтнуудыг бэлтгэх зэрэг олон чухал ажил хийгдсэнийг сайд Л.Пүрэвсүрэн мэдээллийнхээ эхэнд онцоллоо.

АСЕМ-ын уулзалтын зохион байгуулалтын хүрээнд 4400 хүнийг мэргэшүүлсэн сургалтад хамруулснаас үйлчилгээний чиглэлээр 620 хүн, зочид буудлын менежментийн чиглэлээр БНСУ-д 15 хүн, хурлын менежерээр 50 хүнийг гадаадад сургасан байна. Мөн олон улсын хурлын орчуулагчаар Энэтхэгт 14, Европын холбооны зардлаар 6 хүнийг мэргэжлийн түвшинд бэлтгэж, сайн дурын 1100 гаруй оюутан залуусыг сургалтад хамруулжээ. Түүнчлэн  аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаа, тагнуулын 500 орчим хүнийг сургаж бэлтгэсэн байна.

АСЕМ-ын уулзалтад зориулж улсын төвсөөс 2014, 2015 онд тодорхой хөрөнгө батлаагүй, харин 2016 онд 21 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ хөрөнгийг уулзалт зохион байгуулах байр танхим, зочид төлөөлөгчийн унаа, хот тохижилт, дэд бүтэц, аюулгүй байдлын хамгаалалтад ашиглагдах автомашин, тоног төхөөрөмж зэрэгт зарцуулснаа мэдээллээ.

АСЕМ-ын төлөөлөгчдийн нислэг, зочид буудал, бүтээгдэхүүн ханган нийлүүлэлт, үйлчилгээ зэргээс Монголд үлдэх эдийн засгийн ач холбогдлыг одоогоор 8-10 сая ам.доллар хэмээн тоймлоод байгаа бөгөөд удахгүй нарийвчилсан тооцоо гаргах аж.

27722914723_d75c35a856_z

Түүнчлэн АСЕМ-ыг амжилттай зохиосноор улс орныхоо нэр хүндийг дэлхийн түвшинд өргөөд зогсохгүй энэ бүх бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалт, дэд бүтэц, хүний нөөц, мэдлэг туршлага зөвхөн Монгол Улсад үлдэж, дараа дараагийн олон улсын арга хэмжээг зохион байгуулах хөрс суурь болж буй нь мөнгөн дүнгээр илэрхийлж боломгүй ач холбогдолтой болохыг сайд Л.Пүрэвсүрэн мэдээлэлдээ онцоллоо.

Гадаад хэргийн сайд мэдээллийнхээ төгсгөлд АСЕМ-ын уулзалтын зохион байгуулалтад ойролцоогоор 12 мянга гаруй хүн гар бие оролцсон, тэдгээр төрийн албаныхан, сайн дурынхан, төрийн бус байгууллагынхан, бүтээгдэхүүнээрээ туслалцаа үзүүлсэн үндэсний үйлдвэрлэгч компаниуд, үүрэн холбооны операторууд, хандивлагчид, хувийн хэвшлийнхэнд болон бодит мэдээллийг шуурхай түгээж, улс орноо сурталчилсан хэвлэл мэдээллийнхэн гээд хувь нэмэр оруулсан бүх хүнд талархал илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх