София Жакман: Хүмүүс мэдээ мэдээллээр өлсөж байна

2016 оны 07-р сарын 18 өдөр, 00 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

АСЕМ 11-ын үеэр 700 гаруй гадаад сэтгүүлчид ирж ажилласнаараа дэлхийн дахинд Монголын тухай мэдээллийг хүргэж чадсан билээ. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын хэд хоногт интернэтэд Монголын тухай хайлт  1,5 тэрбум хол давсан тухай албан ёсны мэдээ гарсан. Энэ олон сэтгүүлчид маш завгүй ажилласан бөгөөд Япон улсын ерөнхий сайдын хэвлэлийн албаны сэтгүүлчтэй ярилцсанаа толилуулъя.

Сайн байна уу, та өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг София Жакман гэдэг. Японы Токиогоос ирсэн сэтгүүлч байна. Шинэ Зеланд хүн лдээ.

Сэтгүүлчээр ажиллаад хэр удаж байна вэ?

Дөрвөн жил болж байна.

Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?

Японд нэг жил их сургуульд суралцаж байгаад тэрнээс хойш ажилдаа ороод ажиллаж байна. Одоо бол Японы Ерөнхий сайдын хэвлэлийн албанд харъяалагдаж ерөнхий сайдтай хамааралтай бүхий л асуудал, хэвлэлийн бага хурал, бусад улс орнуудын засгийн газруудтай холбогдож ажиллаж байна.

Японоос энэ удаагийн АСЕМ-ыг сурвалжлахаар хэдэн телевиз, мэдээллийн агентлаг, сайтуудын сэтгүүлчид ирсэн бэ?

Би яг нарийн мэдэхгүй байна. Ерөнхий сайдын хэвлэлийн албаны хүрээнд 10 гаруй агентлагууд ирсэн. Нийтдээ Япон улсаас ирсэн хэвлэлийнхний тоо тэрнээс их байгаа.

13699539_1299626170055518_1906867795_o

Сэтгүүлч хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

Өнөө үед сэтгүүлч байна гэдэг их сонирхолтой зүйл. Интернэтэд бүх зүйлүүд байж мэдээллүүд байнга шинэчлэгдэж байна. Зарим хүмүүс мэдээ мэдээлэлд живж байна, мэдээллүүд үхэж байна гэсэн зүйл ярьдагтай би санал нийлдэггүй. Одоо л хүмүүс сэрж байна. Өглөө босоод л хүмүүс бүгд эргэн тойронд юу болж байгааг мэдэхийг хүсдэг. Хүмүүс мэдээ мэдээллээр өлсөж байна, тэд зөвхөн эргэн тойрноо биш, хөршөө биш дэлхийн дахинд юу болж байгааг мэдэхийг хүсэж байдаг болсон цагт технологийн дэвшлийн ачаар тэд ч ийм боломжтой болсон. Бидний ажил бол мэдээ мэдээллийг үнэн зөвөөр нь тэдэнд хүргэх үүрэгтэй. Сэтгүүлч бид ч бас хүн юм чинь мөнгө хэрэгтэй, одоо үед мөнгөтэй хүнд хэвлэл мэдээлэл илүүтэйгээр ажилладаг. Гэсэн ч бид тэнцвэрийг хадгалж ажиллах хэрэгтэй санагддаг. Ямар ч үед мэдээлэл үнэн зөв бөгөөд хурдтай байх гэдэг зүйл хэзээ ч үгүй болохгүй.

Өдөрт тэдэн мэдээ оруулах ёстой ч юмуу ажлын норм байдаг уу?

Яг тэд гэсэн норм байхгүй ч ерөнхий сайд өдөрт юу хийнэ тэр бүгдийг л оруулах хэрэгтэй болдог. Барагцаагаар өдөрт 10 гаруй  мэдээллийг оруулдаг байх шүү. Зарим үед маш их мэдээллийн урсгалтай үед богино хэмжээний мэдээнүүдийг оруулах шаардлагатай болдог. Мэдээллийн төвөөс бидэнд маш шуурхай ажиллахыг шаарддаг. Гэхдээ алдаагүй, тэгээд маш хурдтай байх шаардлагатай байдаг. Ер нь л ерөнхий сайдын хөдөлгөөн бүрийг оруулдаг гэхэд болно доо.

Улаанбаатартай танилцаж амжсан уу?

Одоохондоо амжаагүй л байна. Бид өдөр шөнөгүй ажиллаж байгаа учраас энэ хурлын тухай мэдээллээ бичээд дуусгаад цаг гарах юм бол гадагшаа гарч гадуур хооллож, дурсгалын зүйлүүд худалдаж авна даа. Хоол гэснээс хонины мах нь үнэхээр амттай юм байна лээ. Шинэ Зеландад бид нар хонь иддэг ч гэсэн эндэхийн мах нь илүү чихэрлэг, амттай санагдсан шүү.

13720495_1299626140055521_1612250042_o

Монголд ирсэн анхны сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Янзтай, Би чинь Шинэ Зеланд хүн болохоор одоо зуны байдал, цаг агаар гээд надад их дотно гэр шиг минь санагдсан.  Бас ширээн дээр байсан шагай гэж зүйлийг Япончууд хараад их гайхаж байсан. Миний хувьд манай улсад ч бас шагайгаар тоглодог хүүхэд байхаасаа  шагай харж өссөн болохоор надад  бол хэвийн зүйл байсан.

Шагайгаар ямар төрлийн тоглоом тоглодог вэ? Бидэнтэй адилхан морь, тэмээ, хонь, ямаа гэж талуудыг нь нэрлэдэг үү?

Маш олон төрлөөр л тоглодог. Гэхдээ бид тэгэж нэрлэдэггүй, тэр бол Монголчууд л нэрлэсэн байх.

Миний асуугаагүй боловч танд хэлэхийг хүсч байсан зүйл байна уу?

Монгол Шинэ Зеландтай харьцуулахад хүн ам багатай улс хэрнээ манай улс зохион байгуулаагүй ийм тоо хэмжээний олон улсын хурлыг ийм түвшинд зохион байгуулж байгаа нь үнэхээр сайхан санагдаж байна. Бас Монгол их урт хугацааны баялаг түүхтэй орон ч бид тэр болгоныг мэддэггүй байсан бол энд ирээд түүх соёлтой нь танилцах боломж гарсанд их баяртай байгаа.

Ажил ихтэй байсан ч цаг гаргаж яриа өгсөн танд баярлалаа.

Баярлалаа

Б.Болор

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх