Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.07.06) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өнгөрсөн сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаархи Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцуулсан юм.
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо энэ сарын 05-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах” тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, тогтоолын төслийг хэлэлцсэн талаар Байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлтийг хэлэлцэж дэмжжээ. Байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлтэд “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах” тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжсэн бөгөөд зарчмын зөрүүтэй санал ирүүлээгүй аж.
Байнгын хороодын хуралдааны явцад тогтоолын төсөлтэй холбогдуулан төсвийн орлого буурсан байхад зарлагыг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлсэн, зарим яамд болон төрийн байгууллагуудын төсвийн зардал хэтэрсэн, төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвийн төсөөллийг байн байн өөрчилдөг байдалд дүгнэлт хийж, цаашид аудитын байгууллагын дүгнэлтийг тодорхой болгож алдаа дутагдлыг засуулж хариуцлага тооцох, мөн аудитын зөвлөмжийг заавал хэрэгжүүлдэг байх саналууд гаргажээ. Түүнчлэн Засгийн газрын нийт өр, төлбөрийн хэмжээ нэмэгдсэнд дүгнэлт хийж тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн байна.
Энэ үүднээс “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 3 заалт бүхий тогтоолын төсөл санаачлан боловсруулж, Засгийн газар тодорхой чиглэл өгөх нь зүйтэй гэж үзсэнийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжжээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа тогтоолын төсөлд “Үндэсний аудитын газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд төсвийн ерөнхийлөн захирагчдын авлага, төсвийн орлогын гүйцэтгэл, эргэлтийн хөрөнгө, төрийн сангийн богино хугацааны өр төлбөр, урт хугацааны өр төлбөрт нарийвчилсан задаргаа, шинжилгээ хийж, дүгнэлт гаргах шаардлагатай” гэсэн горимын саналыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн байна.
Дэд хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 93.2 хувийн саналаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдлаа. Мөн уг тогтоол батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.6 хувь нь дэмжив.
Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталлаа
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр 2”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Уг хуулийн төслийг Засгийн газраас өчигдөр өргөн мэдүүлсэн юм.
Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр 2”-ийн гол зорилго нь Улсын Их Хурлаар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, эдийн засгийн хүндрэлийн үед нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөхөд чиглэгджээ. Хөтөлбөр нь Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын нэг хэсэг юм.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг илүү үр дүнтэй болгох, зорилтот бүлэг рүү чиглүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн өрхийн нэгдсэн мэдээллийн баазыг шинэчлэх зэрэг нийт 18 бодлогын арга хэмжээг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Уг хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкнны 150 сая ам.долларын энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бөгөөд зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна.
Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж санал нэгтэйгээр дэмжсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй. Иймээс санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.1 хувь нь уг зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж баталлаа.
Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хэрэгжүүлэх ”Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувийн саналаар баталсан юм.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан ”Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд банкны салбарыг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах, чанаргүй зээлийг шийдвэрлэх зорилго бүхий активын удирдлагын компанийг байгуулах, банкуудын өрийн дарамтыг шийдвэрлэх тогтолцоог нэвтрүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах, банкны хяналт, шалгалтыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх зэрэг нийт 12 бодлогын арга хэмжээг 1 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Энэхүү хөтөлбөрийг урьдчилсан байдлаар Азийн хөгжлийн банкны 100 сая ам.долларын энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тохироод байгаа агаад зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна.
Сангийн сайдын илтгэл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, О.Баасанхүү нар асуулт асууж тодруулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувь нь зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжсэн юм.
Мөн чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өчигдөр өргөн мэдүүлсэн Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институтийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулсан юм.
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны /КАРЕК/ хөтөлбөр нь гишүүн Төв Азийн 11 орон (Афганистан, Азербайжан, БНХАУ, Гүрж, Казакстан, Киргиз, Монгол, Пакистан, Тажикстан, Туркменистан, Узбекистан) олон талт хамтын ажиллагааны 6 байгууллага (Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын Сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын валютын сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Исламын Хөгжлийн банк)-ын дэмжлэгтэйгээр бүс нутагт ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор 2001 онд бий болжээ. Манай улс уг хөтөлбөрт 2002 онд элссэн байна.
Хөтөлбөрийн гишүүн орнууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор 2020 он хүртэл хамтран ажиллах стратеги, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон баримт бичгийг боловсруулан Сайд нарын уулзалтаараа 2011 онд батлуулан хэрэгжүүлж байгаа аж. Тус стратегийн баримт бичиг нь “Сайн хөрш, Сайн түнш, Сайхан ирээдүй ” гэсэн алсын хараа, түүнд хүрэх стратегийн 2 түвшний зорилгыг тодорхойлжээ. Стратегийн энэхүү 2 түвшний зорилгын хүрээнд гишүүн орнууд нь үйл ажиллагааны 7 тэргүүлэх чиглэлийг тодорхойлон бүс нутгийн шинж чанартай үйл ажиллагаа явуулж, тодорхой төслүүд хэрэгжүүлж байна юм байна.
Стратегийн баримт бичгийн дагуу 2015 оны 3 дугаар сард БНХАУ-ын Шинжаан Уйгар аймгийн Өрөмч хотод КАРЕК Институтийг анх үүсгэн байгуулсан бөгөөд үйл ажиллагааг нь урт хугацаанд тогтвортой явуулах, гишүүн орнуудын оролцоог ижил байлгах зорилгоор олон улсын бие даасан байгууллага болгох асуудал хөндөгдөж, уг үүднээс Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс зэрэг 3 улс “Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны Институтийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-ийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулан соёрхон батлуулснаар хэлэлцээр хүчин төгөлдөр болжээ.
КАРЕК Институт нь гишүүн орнуудын чадавхийг бэхжүүлэх арга хэмжээг зохион байгуулахаас гадна хөтөлбөрийн хамтын ажиллагаанд шаардлагатай судалгаа, шинжилгээний ажлыг хийх үүрэгтэй бөгөөд институтийг бие даасан олон улсын байгууллага болгох ач холбогдол нь хамтын ажиллагааны чиглэл, үйл ажиллагааг тодорхойлох, шийдвэр гаргах, батлахад гишүүн орнуудын оролцоог ижил түвшинд хангах боломжийг нээж өгч байгаа учраас Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны Институтийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжих санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.1 хувь нь дэмжиж, хэлэлцээрийг соёрхон баталлаа.
Намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг дэмжиж баталлаа
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулсан юм.
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хууль санаачлагчдаас урьдчилан санал авахад Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Байнгын хороодоос давхардсан тоогоор 78, Засгийн газраас 63, Монголбанкнаас 4, нийт 145 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлсэн байна.
Тогтоолын төслийг боловсруулахдаа хэлэлцэхийг нь хуулиар тусгайлан заасан төслүүд, мөн өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн төслүүд, түүнчлэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхэд зайлшгүй шаардлагатай төслүүдийг тогтоолын төсөлд нэр зааж тусгах зарчим баримталжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, О.Баасанхүү, Б.Пүрэвдорж, С.Бямбацогт нар Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувь нь Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжиж, тогтоолын төсөл батлагдлаа.
Уг тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр болж байгаа юм. Үүнд:
- Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
- Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
- Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл;
- Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
- Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;
- Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;
- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Бусад.
Үүгээр Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган өндөрлөлөө. Монголд Улсын Их Хурлын дарга М.Энхболд хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааг хааж үг хэллээ (Улсын Их Хурлын даргын хэлсэн үгийг www.parliament.mn сайтаас бүрэн эхээр нь танилцана уу).
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган ажлын 55 өдөр хуралдаж, бие даасан хууль 18, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 113, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 9, Улсын Их Хурлын 30 тогтоол баталсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
