М.ОДГЭРЭЛ
Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Н.Нямсүрэн өөрийн алтан хамтрагчаа ийн тодорхойлсон. Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын дуучин, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Дашийн Дагиймаа холыг харж уужуу боддог, тайван амгалан хийгээд тайзан дээрээ ер бусын түшигтэй, уртын дуу шигээ бүсгүй гэнэ. Үзэгчдийн нүдэнд ч тэгэж л буудаг.
Д.Дагиймаа хорвоод мэндэлсэн цагаасаа уртын дуугаар бүүвэйлүүлж өссөн хувьтай нэгэн. Түүний нагац ээж нь нутаг усандаа алдартай уртын дууч. Одоо ч Сэлэнгийнхээ төвд найр наадамд уригдсан шигээ уртын сайхан дуугаа хүний сэтгэлд хүртэл уянгалуулан тааваар жаргаж сууна. Дагий тэнтэр тунтар алхаж хөлд орохоосоо ч өмнө уртын дуу “гунгануулан” хэлд орсон гэдэг. Ямартаа л эмээ нь “Миний охин дөнгөж гурван настай байхдаа “Цомбон туурайтай хүрэн”-г бүтнээр нь эвлэгхэн дуулчихдаг байж билээ” гэж ярихав. Аав, ээж, ахан дүүс нь өхөөрдөн найр наадамд дагуулж очоод дуулуулахад хүн бүрийн хайрыг татаж, өвөр дүүрэн чихрээр шагнуулаад ирдэг байж. Ээж, аавынхаа энгэрт элэг бүтэн эрхэлж явсан бяцхан охин гэнэтийн ослоор аавыгаа алдаж амьдрал төгс бишийг дэндүү эрт ухаарсан. Хорвоог аавгүй туулах он жилүүдэд сэтгэл нь жиндэх үе бишгүй л тохиосон биз. Энэ үед уртын дуугаараа тайтгарч, уужуу бодол ухаан суусаар хөгжсөөр явсан.
Өргөн Сэлэнгийн хөвөөнд төрсөн охин ээж, эмээ, дүүгийн хамт Булган аймаг руу шилжиж, тэнд бага насаа үджээ. Угаас эмээгийнх нь нутаг хойно нөмөртэй байсан биз. Тэгээд ч гаалийн байцаагч ээжийнх нь ажил тэнд гарсан хэрэг. Булган хангай нутагт шинээр шилжиж ирсэн жаахан охин хүүхдийн урлагийн “Яргуй” наадамд “Хөөрхөн халиун” дуугаар оролцож гутгаар байр эзэлсэн нь авьяасаа албан ёсоор үнэлүүлсэн анхны урам байлаа. Тэр цагаас хойш дууны уралдааны буухиа тасраагүй. Булганы Гаалийн газар татан буугдахад эднийх Эрдэнэтэд шилжин иржээ. Тэр үед Д.Дагиймаа V сургуулийн Н.Рина багштай 4а ангийн сурагч болов. Сурлага сайтай, уртын дууч охиныг багш нь ихэд олзуурхан угтсан нь мэдээж. Дагий анги дээшлэх тусмаа “Уурхайчин” соёлын ордон хавиар дугуйланд хамрагдаж, тоглолтод оролцож, урлагийн Их наадамд бэлтгэж өнждөг болов. Ирээдүйд эдийн засагч болохоор мөрөөдөж явсан охин сургууль төгсөх намраа өөрийн бяцхан тоглолтыг соёлын ордонд тавьсан нь мэргэжил сонголтын чигийг эрс өөрчлөхөд нөлөөлсөн гэдэг. Сургуулийнх нь нийгмийн ажилтан, ах дүү, төрөл садан нь бүгд дуучин болго гэж ээжид нь эрс шийдэмгий зөвлөсөн нь учиртай. 2003 он бол урлагийн салбар уналтад орсон үе. Тиймээс охиноо “мананд төөрүүлчих вий” гэж эх хүний хувьд сэтгэл зовинон тээнэгэлзэж нойр хулжин хоносон нь хичнээн бол. Зүүрмэглэхдээ охиноо тайз гэрэлтүүлэн дуулж алга ташилтан дунд мэхийн ёсолж буйгаар зүүдлэн сэрээд шийдсэн ч байж мэднэ.
СУИС-ийн уртын дуулаачийн ангид элсэхийн тулд дуулахаас гадна хөгжим тоглох, бүжиглэх, анхаарал шалгах, бүр этюд үзүүлэх ур чадвараа шалгуулж байж тэнцдэг “жаягтай”. Д.Дагиймаагийн хувьд хамгийн хэцүү нь этюд үзүүлэх. Эрдэнэтийн Хүүхэд залуучууын театрын найруулагч, жүжигчин Ц.Баярмагнай мэргэжлийн үүднээс тусалж, түүний сэтгэлд сүүмэлзэх галыг өрдөж бэлтгэсний үр дүнд тэрээр 100-аад хүүхдээс гуравт жагсаж мэргэжлийн сургуульдаа бардам тэнцсэн. Уртын дууны суурийг эмээ нь нялхын сэвлэгтэй байхаас нь зөв тавьсан болохоор оюутан цагийн он жилүүд нэг л мэдэхэд ард хоцорсон гэж ярих. Үнэндээ ангийнхан нь шигшлэг, томолт, шуранхай гээд уртын дууны нарийн техникүүдийг сурах гээд зүдэрч байхад Д.Дагиймаа СУИС-ийнхаа багш нарын “Тэнгэр аялгуу” хамтлагийн гишүүн болчихсон энд тэнд уригдан тоглолт үзүүлж явав. Мөн мэргэжлийн уртын дуучид чансаагаа шалгадаг баруун монголын Бөлтүүш гэж дуучны нэрэмжит олон нугалаа, “хөдөлгөөнтэй” айзам уртын дууны уралдаанд ур чадвараа гайхуулан дэд байр эзэлсэн шигээ үеийнхнээсээ “хол тасарсан амьтан” явсныг нөхөд нь хуучилсан. Зуныхаа амралтаар Өмнөговийн “Гурван тэмээт” жуулчны баазад багш нартайгаа гэрээгээр тоглолт хийж ажиллаад сургалтын төлбөрөө олчихно. Сургууль төгссөн намар “Тэнгэрийн аялгуу” хамтлагийнхантайгаа Япон улсыг тойрч бүтэн сар тоглолт хийж явсан нь одоо ч сэтгэлд нь гэгээн дурсагдана. Уртын дууг Япончууд чин сэтгэлээсээ анир чимээгүй болж сонсдог нь гайхамшигтай санагджээ. Тэр цагаас хойш наран улсыг Дагий таван удаа зорьсон.
Мэргэжлийн диплом өвөртөлснөөс хойш түүний ажлын гараагаа эхэлсэн урлагийн байгууллага нь “Улаанбаатар” чуулга. Өөрөөр хэлбэл Японы аялан тоглолтоос ирсэн даруйдаа шалгалт өгч шууд тэнцсэн газар. Энд тэр гурван жил хэртэй ажиллахдаа олон сайхан уран бүтээлийг өөрийнхөөрөө амилуулж мэргэжлийн хүрээнийхэнд танигдсан. Үндсэн ажлынхаа зэрэгцээ СУИС хамт төгссөн хоёр охинтой “Галбингаа” хамтлаг байгуулан “Монгол нутгийн үзэсгэлэн”-г дуулж дүрсжүүлэн урлагийн томчуудад ихэд тоогдон, тухайн цагтаа ардын дуу сонирхогчдын дунд “од” болон гийж явсан нь саяхан. Гэсэн ч тэр сурагч байхаасаа үерхсэн амраг хань, алаг үр, амьдралаа сонгон Эрдэнэтэд ирсэн. Өөрийнх нь жижигхэн хөлийн мөрийг хадгалсан газар нь, харж бахархан өссөн мөрөөдлийн авшиг шингэсэн хамт олон нь Д.Дагиймааг гараа тосон “өлгийдөн” авсан. Тэр бол “Эрдэнэт” үйлдвэрийн “Уурхайчин” соёлын ордон хийгээд Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын халуун сэтгэлт уран бүтээлчид юм. Тэр цагаас хойш урлагийн том, жижиг бүхий л тоглолтыг Дагий уртын дуугаараа нээх болсон. Жилийн дараа түүний алтан хамтрагч Н.Нямсүрэн ОХУ-аас дуурийн дуулаачийн сургууль төгсөөд мөн л уурхайчин ханиа даган Эрдэнэтэд ирсэн нь үнэхээр эрдэнэ мэт “олз” байлаа. Тэднийг уран бүтээлч сэтгэл, хөгжих чин хүсэл нэгтгэсэн. Н.Нямсүрэнгийн шаргуу дайчин, аливаад мэргэжлийн байх чанар, Д.Дагиймаагийн уужуу ухаан, аливаад ул суурьтай хандах чадвар дуу шигээ хоршин бие биеэ өнгөлж, тэд өнөөдрийн амжилтанд хүрсэн.
Би “Эрдэнэт” чуулгын дуучин Д.Дагиймаагийн хөрөг нийтлэлийг бичихийн тулд түүний дуулсныг сонсож сэтгэлээ хөглөх санаатай цахим санд орлоо. Үнэндээ ганц хоёр л дуу байхаар төсөөлсөн минь том эндүүрэл байв. “Мөнх хөх гол”, “Цэнхэрлэн харагдах уул”, өнөөх “Морин хуур” наадамд гуравдугаар байр эзлээд Үндэсний телевизээр бүтэн жил цацагдсан “Ийм л сайхан”-аас эхлээд арав гаруй дууг нь ард түмэн байнга үзэж сонсдог юм байна. Тэгэхээр Дагий зөвхөн Эрдэнэтийн бус Монгол түмний дуучин гэдгийг эндээс мэдлээ. Тэрээр “Дуучин хүн тоглолт дөхөх тусам илүү тайван болох учиртай. Хөөрөлд хэт автаад амьсгаа дээшээ гарчих юм бол дуулж чадахгүй болчихно. Тиймээс сайхан тайван байхад амжилт олно” гэж хэлсэн. Энэ бол түүний амьдралдаа баримталдаг хэмнэл. Гэсэн ч зүрх сэтгэлээрээ бадрангуй тэмүүлж, ёстой л асч яваа уран бүтээлч.
Н.Нямсүрэн: “Уртын дуучин хүнийг би Дагийгаар л төсөөлдөг. Байгаа төрх, намба, ааль гээд буй биеэрээ уртын дууч. “Уяхан замбуу тивийн наран”-г дуулдаг хүн яаж ч ааштай адгуу байхав дээ” гэж түүний тухай өгүүлсэн. Үнэндээ эх орноо, энэ дэлхий ертөнцийг сэтгэлдээ багтаан дуулж буй хүн заяамал байхаас ч яахав…




Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
