Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.12.14/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулав.
Төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Болд, Д.Дамба-Очир, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Л.Элдэв-Очир нар итгэмжлэлийн байгууллагын бие даасан, хараат бус байдлыг хангах зорилгоор түүнийг шадар сайдын дэргэд ажиллуулах, байгууллагын стандартыг үндэсний стандартад нийцсэн байх шаардлагыг хуульчилж, хэрэв ийнхүү нийцээгүй бол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахыг хориглох, төслийн зарим заалтыг Төсвийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нийцүүлэх, хуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх, зарим нэр томьёоны тодорхойлолтыг ойлгомжтой болгох зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжжээ.
Түүнчлэн дээрх нэр бүхий гишүүдээс хуулийн төсөлд “Итгэмжлэл” гэсэн нэр томьёо хэрэглэсэн нь Иргэний хуульд заасан төлөөллийг хэрэгжүүлэх итгэмжлэлтэй андуурагдаж байгаа тул “Тохирлын үнэлгээний итгэмжлэл” гэж тодотгон томьёолж, үүнтэй холбоотойгоор хуулийн төслийн нэрийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай гэж өөрчлөх, хуулийн төслийг бүтцийн хувьд эхлээд иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээ буюу үйл ажиллагааны талаархи зохицуулалтыг, дараа нь байгууллагуудын бүрэн эрх, чиг үүргийг дурьдах нь зохимжтой гэж үзэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр зөвхөн хуулийн төслийн бүтэц, дараалал, үг хэллэг, найруулгыг засах санал гаргасан нь олонхийн дэмжлэг авсан байна.
Стандартыг сонгон хэрэглэх зарчимд шилжиж байгаа, техникийн зохицуулалтыг Засгийн газар батлах, шаардлагатай тохиолдолд салбарын асуудал эрхэлсэн сайд уг техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэх журмыг батлах болсонтой холбогдуулан Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулахаар гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна. Түүнчлэн хэлэлцүүлгийн явцад хууль, тогтоолын төслүүдийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдааны үеэр олонхийн дэмжлэг авсан дээрх саналууд дэмжигдсэн юм. Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн Я.Санжмятав танилцуулав.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль 1998 онд батлагдсанаас хойш цагаатгуулах тухай гомдол гаргах хугацааг 3 удаа, нэхэмжлэл гаргах эрх, хөөн хэлэлцэх хугацааг 4 удаа сунгажээ. Харин уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.3-д заасан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон байна. Учир нь 2009 онд хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр цагаатгагдсан хүмүүсийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд нөхөх олговрын нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар хуульчилжээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүлийн гишүүд болох 18178 иргэнд улсаас 16 тэрбум 400 сая төгрөгийн нөхөх олговор, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ 153 иргэнд орон сууц, 204 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор олгоод байгаа аж.
Одоогоор улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цаазлагдсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн төрсөн хүүхэд болох 400 орчим иргэн байгаагийн доод тал нь 80-аас дээш настай юм. Тэд бага насандаа өнчрөн, эцэг эх нь хөрөнгөө хураалгаж, сургуульд орох боломж нь хязгаарлагдах, тэтгэвэр тэтгэмж нь багаар тогтоогдох зэрээр багагүй хохирол амссан байна. Эдгээр иргэдийн тоо цаашид төдийлөн нэмэгдэхгүй учир хэлмэгдэж цаазаар авахуулсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн төрсөн хүүхдэд орон сууц болон түүнтэй тэнцэх мөнгөн олговор хэлбэрээр нэг удаагийн нэмэлт нөхөх олговор олгохоор уг хуулийн төсөлд тусгажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасны дагуу өмнө нь орон сууц, гэр болон түүнтэй тэнцэх нөхөх олговор аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр, хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд орон сууц болон түүнтэй тэнцэх мөнгөн олговор хэлбэрээр нэмэлт нөхөх олговрыг нэг удаа олгохоор тусгасан байна.
Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.3-д заасан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах болон нөхөх олговор олгох хугацааг хуулийн төсөл батлагдсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд байхаар төсөлд тусгажээ. Ингэснээр Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивт хадгалагдаж байгаа хэргийг шалгаж дуусгах, цагаатгах, нэхэмжлэл гаргах, нөхөх олговор зэрэг асуудал шийдвэрлэгдэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох асуудал болон Тагнуулын ерөнхий газрын тусгай архив, ОХУ-д байгаа материалыг бүрэн шийдвэрлэж дуусгах, түүнчлэн хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн хэмээн УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм. Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх хуулийн төслийг хэлэцэхийг санал нэгтэйгээр дэмжсэн аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, О.Баасанхүү, Н.Оюундарь, Л.Болд, Ж.Батзандан, Д.Тэрбишдагва, Я.Содбаатар, Л.Мөнхбаатар, С.Жавхлан, Д.Сарангэрэл нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
