МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, МАН-ЫН ДАРГА УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн уудам сайхан нутгийнхаа өнцөг булан бүрт суугаа эх орон нэгт монголчууд аа
Өргөн эх дэлхийн дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа элэг нэгт Монгол ахан дүүс ээ.
Та бүхэндээ XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Цагаан сар бол монголчууд бидний үндэстний өв соёлоо өвлүүлэх, удам судар, ураг төрлөө мэдэлцэх, эв эеийг эрхэмлэн дээдлэх, төрт ёс, тусгаар тогтнолын дархлаа болсон уламжлалт сайхан баяр юм. Цагаан сарын шинийн нэгний өглөө тэнгэр хангай, уул усандаа сүслэн мөргөж, хийморь сүлдээ сэргээн, ахас дээдсээ хүндэтгэн, үгийн сайныг хэлэлцэн, үйлсийн сайныг ярилцан, эвдрэлцсэн нэгнээ уучлан өршөөж, ухаарал нигүүлслийн сэтгэлээр ураг төрлөөрөө учран золгодог билээ.
Улиран одож буй тахиа жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 70 гаруй мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж, монголчууд бид 3 сая 200 мянгуулаа боллоо. “Хүн нэмбэл хүнс нэмнэ” гэж та бидний билэгшээдгээр буянт мал сүрэг өсөж 66 саяд хүрлээ.
Улсын эдийн засаг тогтворжих замдаа орлоо. Тогтоон барьсан эдийн засгаа томруулан өсгөж, айл өрх бүрийн авдранд, иргэн бүрийн ирээдүйд хүртээх нь Монгол Улсын Засгийн газрын гол бодлого байх болно. Монголчууд бид эдийн засгаа дөрвөн хувиар өсгөж чадлаа. Энэ бол манай улсын эдийн засаг сэргэж эхэлсний бодит нотолгоо юм. Гадаад валютын нөөц нэг жилийн дотор 2,5 дахин нэмэгдэж 3,2 тэрбум доллар боллоо. Экспорт анх удаа зургаан тэрбум долларт хүрч өслөө. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.1 тэрбум долларт хүрлээ. “Чингис бонд”-ын 500 сая ам.долларын төлбөрийг Засгийн газар цаг хугацаанд нь төллөө. Ингэснээр олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, манай улсын зээлжих зэрэглэлийг дэлхийн голлох үнэлгээний агентлагууд нэг шат ахиулан, Монгол Улс тогтвортой гэсэн ангилалд орлоо. Төсвийн сахилга батыг сайжруулснаар төсвийн алдагдлыг өмнөх жилтэй харьцуулахад хоёр дахин бууруулж, ДНБ-ий есөн хувьд хүргэлээ. Төсвийн орлого 580 тэрбум төгрөгөөр давж биеллээ.
Энэ бүгд нь монголчууд бидний хувьд Тахиа жилд гаргасан чамлахааргүй амжилт юм.
Монгол ахан дүүс ээ,
Урин цагийн амар мэндийг угтсан билэгт энэ сайхан өдөр Монгол Улсын Засгийн газар хийж бүтээх ажлаа ард түмэндээ хэлж, зорилгоо нэгтгэхийг эрхэм болголоо.
Айлчлан ирж буй “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилд улсаа хүнсний орон болгох, эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангах, газрын тосыг дотооддоо боловсруулах, агаар орчны бохирдлыг бууруулах, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл зэрэг гол ажлаа эрчимжүүлэх болно.
Түүнчлэн ард түмнийхээ бодит орлогыг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгээр хангах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, авто зам, төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон ажлыг хэрэгжүүлж, газрын доорх баялгийн иргэдэд оногдох өгөөжийг нэмэгдүүлэх болно.
Нэг ёсондоо ажил ундарч, амьдрал өрнөсөн он жил байх болно.
Засгийн газрын дээрх шийдвэрүүдийг бодитой ажил хэрэг болгох гол хөдөлгөгч хүч нь Монголын ард түмэн та бүхний минь чин зориг, итгэл үнэмшил, тууштай дэмжлэгт оршиж байгаа юм шүү.
Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд мөнхөд оршдог, эв нэгдэл, их ухаан, эрч хүч хайрладаг аугаа үнэт зүйл бол туурга тусгаар Монгол эх орон минь юм. Энэ сайхан эх орондоо монгол хүн бүр эрүүл энх, аз жаргалтай, элбэг хангалуун амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар, Монгол Ардын Нам хичээн зүтгэх болно.
Хөвсгөлийн хөвч тайгаас Өмнийн их говийг өртөөлөн, Алтайн өндөр уулсаас Мэнэнгийн шар тал хүртэл уудам Монгол нутагт минь урин хавар морилон ирлээ.
Ирж буй XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилдээ иргэн бүр эрүүл саруул, энх амгалан, алсдаа уужуу, холдоо зорилготой, хоймортоо сүлдтэй, хотондоо ашиг шимтэй байх болтугай. Айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, төр улсаараа элбэг дэлбэг, түмэн олноороо тэнүүн жаргалтай амьдрахын ерөөл өргөн дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
