Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Иргэний танхим”-д өнөөдөр “Боловсрол ба хүмүүжил” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нар оролцлоо. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны удирдлагууд, Боловсролын хүрээлэн, багш бэлтгэдэг төрийн ба төрийн бус их дээд сургууль, боловсролын чиглэлээр ажилладаг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын болон иргэдийн төлөөллүүд оролцов.
ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД:

“2017 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамжаар боловсрол болоод хүмүүжил, боловсролын гүн ухааныг судлах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ дагуу цуврал уулзалт, хэлэлцүүлэг эхэлж байна.
Монголын гэлтгүй аль ч нийгэм нь хүмүүсийн үнэт зүйлсийн нэгдэл байх ёстой байдаг. Хувь хүний үнэт зүйл хүүхдийн хүмүүжлээр дамжин бий болж, нийгмийн ёс суртахууныг тодорхойлдог. Улс орны ирээдүйг авч явах иргэдээ бэлтгэх нь аль ч төрийн бодлогын төвд байдаг зүйл. Үүний хамгийн чухал хэсэг нь боловсролын салбар байдаг. Ямар ч эцэг, эх үр хүүхдээ сайн хүн болоосой гэж хүсдэг мөртлөө түүнийгээ багш, сургуулийн орчинд найдаж, даатгадаг буруу зуршил манай улсад бий. Хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд мэдээж сургууль, багш анхаарал хандуулах ёстой ч эцэг, эхийн оролцоо заавал байх ёстой.
Үе үеийн Засгийн газрууд боловсролын салбарт боломжийн хэрээр их мөнгө төсөвлөж, зарцуулж ирсэн ч бодитой ахиц дэвшил, эерэг өөрчлөлтөд төдийлөн хүрэхгүй байгаа. Манай төсвийн нэг их наядаас дээш төгрөгийн төсөв авдаг цорын ганц салбар нь боловсролын салбар. Татвараар 6-7 их наяд төгрөгийн орлого олоод түүнийхээ нэг их наяд гаруй төгрөгийг боловсролын салбарт зарцуулдаг. Гэвч, үр дүн нь сайн биш байгаа. Шалтгаан нь зөвхөн мөнгөндөө бус боловсролын удирдлага, зохион байгуулалт нь улс төрийн сонгуулийн үр дүнгээс хамааралтайгаар өөрчлөгдөж, удаан хугацаанд тогтвортой явах боломжгүй байгаа гэж харж байна.
Харамсалтай нь өнөөгийн Монголын нийгэм, ёс суртахууны уруудал доройтолд орсныг гэрчлэх олон жишээ бий. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үүссэн нөхцөл байдлыг нийгмийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл гэж үзээд, олон нийтийн оролцоотой өргөн хүрээний уулзалт, хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулж, нийгмийг хамарсан ёс суртахууны хандлага төлөвшил, соён гэгээрлийн давалгаа бий болгох нь энэ асуудлыг шийдвэрлэх арга зам гэж харж байгаа.
Та бүхэн хүмүүжил, ёс суртахууны асуудал, цаашлаад сургалтын чанар, эцэг эхийн болон төрийн оролцооны талаар сайтар ярилцаж, боломжтой шийдэлд хүрээсэй гэж хүсэх байна. Би эхлээд төрийн гэж хэлэлгүй эцэг эхийн гэж хэлснийг та бүхэн анзаарч байгаа байх. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд хамгийн их үүрэгтэй шүү. Дараа нь боловсролын салбар. Нэг ийм гадаад үг байдаг. “Хүүхдийн хүмүүжлийг тосгоныхон бүгд хариуцдаг” гэж. Мөн “Муу бүхнийг өөрсдөө үйлдээд, цагийг муу хэмээх” гэсэн үгс бий. Бараг л Монголын нөхцөлд таарсан гэж хэлж болохоор үгс байна. Хүүхдийн хүмүүжил, нийгмийн ёс суртахуун бол хэн нэгэн рүү түлхэх асуудал биш, хүн бүрийн үүрэг хариуцлага, үйлдэл, үлгэр дуурайл юм гэдгийг сануулсан үгнүүд байгаа биз.
Өнөөдөр Монголд ёс суртахуунтай, эх оронч хүмүүжилтэй иргэд, зөв үлгэр дуурайл юу юунаас чухал болоод байна. Үүний төлөө нийгмээ оношлох, бодлого тодорхойлох, зөв шийдэл гаргах, эмчилж эрүүлжүүлэх цаг нь болжээ. Та бүхэнд амжилт хүсье” гэв.
Хэлэлцүүлгийн талаар нэмэлт мэдээлэл:
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр 26 тоот захирамж гаргаж, “Монголын язгуур суртахуун, уламжлалт соёл, бусад орнуудын боловсролын гүн ухаан, үзэл баримтлалыг харьцуулан судлах, Монгол Улсын боловсролын гүн ухаан, үзэл баримтлалыг тодруулан оновчлох, асуудлын хүрээнд хэлэлцүүлэг, судалгааны ажлыг зохион байгуулан гүйцэтгэж, төрөөс хэрэгжүүлбэл зохих бодлогыг боловсруулан танилцуулах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан юм.
Энэ ажлын хэсэг нь боловсролын бодлогын хөгжил, хэрэгжилт, тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны аргазүйн дагуу ард иргэдийн оролцоотойгоор судалж байгаа юм байна. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд боловсролын бодлогын хувьсгал хөгжил, хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг бусад орныхтой харьцуулан үзжээ.
Өнөөдрийн байдлаар Монголын боловсрол цаашид тогтвортой хөгжихүйн үндсийг тодруулан тодорхойлох ажлыг судалж байна. Энэ асуудлыг цаашид гүнзгийрүүлэн судалж, олон нийтийн санаа бодлыг тусгах шаардлагатай тул сонирхлын бүлгүүдийн оролцоог хангасан уулзалт, ярилцлага зохион байгуулж байгаа юм.
Цуврал хэлэлцүүлэг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Иргэний танхим”-д эхэлж, “Боловсрол ба хүмүүжил” сэдвээр болсон нь энэ юм.


32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
