Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.04.06) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад гишүүдийн 51.3 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ
Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн бөгөөд энэ талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухайн маргааныг хянан хэлэлцэж, уг тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргалаа.
Уг шийдвэрийн үндэслэлд “Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурал 2004, 2009 онд тус тус соёрхон баталжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалтад зааснаар Улсын Их Хурал Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэдэг. Түүнчлэн холбогдох хуульд Засгийн газар соёрхон баталсан Монгол Улсын олон улсын гэрээг цуцлах тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ёстойг заасан.Мөн Монгол Улсын Их Хурлаас нэгэнт соёрхон баталсан Олон Улсын гэрээг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэлгүй, өөрчилж, зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдах бүрэн эрхэд Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолоороо халдаж Үндсэн хуулийн холбогдох заалт болон бусад хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно гэж заасны дагуу Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоороо Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байна.” гэж заасан байна.
Цэцийн дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, С.Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос асуулт асууж, хариулт авав.
Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Дараа нь Засгийн газраас 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаанд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, тус яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос нар оролцсон.
Тогтоолын төслийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа.
Тогтоолын танилцуулгад, Монгол Улс Бүгд Найрамдах Киргиз улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосон, уламжлалт найрсаг харилцаатай. Цаашид Киргизээр дамжин энэ бүс нутгийн улсуудын хамарсан тив дамнасан эдийн засгийн том төслүүд болох газрын тос, хийн хоолой, дэд бүтцийн төслүүдэд манай улс оролцох, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болон Туркменистан, Иранд манай үндэсний бүтээгдэхүүнийг экспортлох, эдгээр улсаас газрын тос, байгалийн хий зэргийг импортлох томоохон гарц суваг болох боломжтой. Бишкек хотод 40 гаруй улсын Элчин сайдын яам байдаг бөгөөд зөвхөн манай улс л Ерөнхий консулын газартай байна. Ерөнхий консулын газар дөрвөн хүний орон тоотой ажиллаж байгаа бөгөөд цаашид тус газрыг Элчин сайдын яам болгосноор аливаа нэмэлт зардал гаргахгүйг дурджээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Засгийн газраас 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Бүгд Найрамдах Киргиз Улсын Нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, батлах нь зүйтэй гэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулгадаа дурдав.
Танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, О.Батнасан, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн зүгээс Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах шаардлага, улс төр, эдийн засгийн ач холбогдол болон тус улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн тоо, хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийн талаар илүүтэй тодруулж байлаа.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Монгол Улс нэгдэн орсон Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн дагуу Элчин сайдын яамаа нээхээр зэхэж байгаа. Элчин сайдын яам нээснээр Монгол Улсаа суугаа улсдаа бүрэн эрхтэйгээр төлөөлөх, тус улстай Засгийн газартай хэлэлцээ хийх, эдийн засгийн найрсаг харилцааг хөгжүүлэх, улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны салбарын харилцааг хөгжүүлэх зэрэг консулын газрын чиг үүргээс илүү өргөн цар хүрээтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Түүнчлэн Ерөнхий консулын газар дөрвөн хүний орон тоотой ажиллаж байгаа бөгөөд Элчин сайдын яам болгосноор аливаа нэмэлт зардал гаргахгүй гэж хариулав. Түүнчлэн тэрбээр хариултдаа, Одоогийн байдлаар тус улсад 45 монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд хоёр орны хоорондын худалдааны эргэлт 600000 орчим ам.доллар байгааг онцлов.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Ганбаатар, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нар дэмжсэн, дэмжээгүй талаараа байр сууриа илэрхийлсэн.
Ингээд Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулахыг батлая гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжлээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуралдаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж болон холбогдох албан тушаалтнууд оролцов.
Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг , Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан Улсын нисэхийн тухай хууль нь 2003 онд батлагдсан, улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэх, улсын нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн бөгөөд цаг үеийн шаардлагаар хоёр удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах шинжээчийг томилох болон улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах комиссын дүрмийг батлах эрх бүхий субьектыг тодорхой болгох, улсын агаарын хөлгийг ашиглах гарын авлага, техник, технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглах эрх зүйн зохицуулалтыг бий болгох, улсын агаарын хөлгийн нислэгийн ангилалд сургууль- байлдааны, шалгалт-туршилтын нислэг болон Агаарын цэргийн командлалын хуулиар хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт тусгасныг С.Чинзориг сайд танилцуулгадаа онцлов.
Түүнчлэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор улсын агаарын хөлгийн ашиглалтын үед осол, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, нислэгийн ангилал, төрөл тодорхой болох, Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын болон Агаарын цэргийн командлалын энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл, боломж, уялдаа холбоо сайжрах зэрэг эерэг үр дүн гарна гэж хууль санаачлагчид үзжээ.
Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүдээс санал гараагүй болно. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжин, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулгадаа дурдлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Гарамжав, Б.Баттөмөр нар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан.
Ингээд Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
