Монгол орон төв Азид хамгийн ихээр хуурайшиж цөлжиж байгааг судалгаа харуулж буй. Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайланг өнгөрсөн хавар танилцуулах үеэр манай орны нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөнийг салбарын эрдэмтэд нотолж байсан. Ийм байхад уудам их газар нутагтай эх орон минь хэмээн бахархах хэрэг байна уу. Монголын газар нутгийн 76.8 хувьд цөлжилт их бага хэмжээгээр үүссэн,гол мөрөн ширгэсэн,хөрс ургамал сүйрсэн гэхээр эх орон минь улаан шороогоор “уйлж- байна биш үү. Энэ бол хөрсний доройтолд орсноос үүдсэн аюул. Бидний ярьдгаар,байгалийн үзэсгэлэн бүрдсэн ногоорон харагддаг сайхан нутгийг сүүлийн 15 жилийн хугацаанд цөлжилт, газрын доройтол “залгиж” эхэлжээ. Судалгаагаар Орхон-Сэлэнгийн сав нутаг, Хэрлэн голын сав, Дорнод Монголын хээрийн муж, Төв Халхын тэгш өндөрлөгийн хэмжээнд газрын доройтол нэмэгдсэн дүнтэй гарчээ.
Монгол орны хэмжээнд газрын доройтол илэрсэн газар бүрийн хэмжээнд байгальд нөлөөлж буй хүчин зүйлийн 49 хувийг хүн болон малын шилжин суурьшилт, хөдөлгөөн, 51 хувийг байгалийн хүчин зүйлсийн нөлөөтэй хэмээн онцолжээ. Ингэхдээ цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд Говьсүмбэрийн нутгийн 62.8, Дорнодын 43.5, Дархан-Уулын 31.7, Сүхбаатарын 31.1, Дундговийн 27.9, Дорноговийн 21.9, Өмнөговийн 17.5 хувь хамрагдаж байгааг тодотгосон нь дээрх аймгуудад цөлжилт хамгийн эрчимтэй явагдаж байгааг илтгэж байгаа юм.
Монгол Улсын мал жилээс жилд өсөн үржиж,малчдын амьдрал сайжран дээшилж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ малын хөл, бэлчээрээс үүдэлтэй цөлжилт нэмэгдсээр байна. Нэгж талбайд ногдох малын тоо толгойн өөрчлөлтийг судалж үзэхэд 1980-2000 оны хооронд нэг га-д ногдох малын тоо 100-300 хонин толгой байсан бол 2000-2015 оны хооронд энэ үзүүлэлт 400-500 хонин толгой болж өсчээ. Монголын бэлчээр нийт 80-90 сая хонин толгой малын багтаамжтай буюу нэг га-д 500-600 хонин толгой нягттай байхаар эрдэмтэд тооцоолсон байна. Харин 1991 оноос хойш бэлчээрийн даац, багтаамж улсын хэмжээнд тасралтгүй хэтэрсээр өнөөг хүрчээ. Үүнийг яаж шийдвэрлэх вэ гэдэг бас л том асуудал. Эрдэмтдийн ярьж буйгаар, цаашид малын тоо толгойг зохицуулалтгүй нэмэгдүүлэх нь газрын чанарт сөрөг өөрчлөлт үзүүлсээр байх аж.
Цөлжилтөд хүргэж байгаа хүчин зүйлийн хамгийн аюултай нь хариуцлагагүй уул уурхай гэдэгтэй маргах аргагүй. Говь хангай гээд хаана л бол хаана хүссэн газартаа улаан тоос татуулан газрын хэвлийг ухаж байгаа уул уурхайн компаниудыг эмхэлж цэгцлэхгүй бол Африкийн улсууд шиг хатаж үхэхдээ тулах ч юм билүү. 2016 оны байдлаар 15 аймгийн 56 сумын нутаг дэвсгэрт 4200 га газар уул уурхайн улмаас эвдрэлд орж эзэнгүй орхигджээ. Нөхөн сэргээлт хийнэ гэдэг ойлголт уул уурхайчдад алга. Цөлжилтийн эсрэг бид гар хумхиэ суухгүй байгаа. Бага ч болов юм хийх гэж ядаад хэдэн мод ургуулах гэж аль байдгаараа хичээж байна. Гэвч өргөн уудам нутгийг ухаж төнхөөд хөрсийг нь эргүүлээд хаясан хүмүүстэй хариуцлага тооцоогүй цагт үр дүнд хүрэх нь удаан байна. 14 аймаг цөлжилттэй тэмцэх хөтөлбөр, долоон аймаг дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан холбогдох аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулан хэрэгжүүлж байгаа. “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын хөрөнгөөр 2005-2015 онд нийт 7059.8 га талбайд ойн зурвас байгуулсан. Улсын хэмжээнд говь, хээрийн бүсийн 15.7 сая га талбай бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, энэ нь улсын нийт газар нутгийн 10.03 хувийг эзэлж байна. 2015 оны байдлаар 2009 булаг, шандны эхийг улсын төсвийн хөрөнгө болон гадаадын төслүүдийн санхүүжилтээр хашиж, хамгаалах ажил хийж гүйцэтгэсэн гайна. Гэхдээ энэ мэт санаачилга цөлжилтийг сааруулахад тус нэмэр болох төдий ажил болохоос биш асуудлыг шийдэхгүй л дээ. Хятад,Япон, БНСУ-д сүүлийн 20 орчим жилд цөлжилт газрын доройтлыг судалж зөвхөн цөлжилтийг сааруулахын тулд хэдэн сая га талбайг ойжуулсан туршлага байна. Монголд байгаль орчныг сайжруулах,цөлжилтийг сааруулах судалгааны хангалттай олон байгууллага бий. Тэд хамтраад Монгол орны нийт газар нутгийн 76.8 хувийг хамарч,аюулын харанга дэлдэж буй цөлжилт, газрын доройтлыг бууруулахад ханцуй шамлан ороосой. Үүдээр орж ирсэн цөлжилтийг хойморт суухаас нь өмнө хазаарлая. Гадныхны туршлагыг ч анзааръя.
Өвөр Монголын хойд нутгийн цөлжилтийг зогсоохоор 100 сая мод тарих төсөл 4 жил явж байгаа бөгөөд одоогоор 37 сая мод тариад байна. Хятадын цөлжилттэй тэмцэгч Ван Синьпин монголчуудад элсний нүүдлийг зогсооход туслахаар хоёр удаа Монголд ирсэн. Өдгөө 49 настай Ван Синьпин нь Хятадын Ганьсу муж дахь Хятадын ШУА-ийн Эко-байгаль орчин, байгалийн нөөц судлалын хүрээлэнгийн судлаач. Тэрээр Хятадын Шинжлэх ухаан, технологийн яамнаас хэрэгжүүлж буй олон улсыг хамарсан төслийн хүрээнд Монголд цөлжилттэй тэмцэхэд тусалж байгаа. Тус яам нь цөлжилттэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн хятад мэргэжилтнүүдийг зургаан судалгааны хүрээлэн болон их сургуулиас сонгон аваад Монгол, Израиль болон Казахстан руу илгээх гурван жилийн хөтөлбөрт 10 сая юань буюу 1.6 сая орчим ам.доллар зарцуулж байгаа тухай сонссон.
Элсний нүүдлийг зогсоох арга ухаанаараа эх орондоо нэрд гарсан судлаач Ван болон түүний нөхдийн туршлага дэмжлэг бидэнд ус агаар шиг хэрэгтэй. Нэрэлхэж цааргалалгүй тэднээс суралцая. Ван нь дэрс сүрлээр шатрын хөлөг хэлбэртэй хашилт хийж, ургамал тарих аргаар элсний нүүдлийг зогсооход мэргэшсэн нэгэн гэнэ билээ. Эх орноо аваръя, цөлжилттэй тэмцэе. Эс тэгвээс нэг л өдөр амаа барьж мэднэ.
Н.Наран
Эх сурвалж: NewsMall.mn

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
