Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, БСШУСЯ хамтран “Ахмад багшийн хүндэтгэлийн дурсамж, уулзалт” арга хэмжээг Олон улсын багш нарын болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан өнөөдөр (2018.09.27) Төрийн ордонд зохион байгууллаа.
Тав дахь жилдээ болсон уг арга хэмжээнд манай улсын аймаг, сум бүрээс төлөөлөн болон 1000 багш хүрэлцэн ирсэн байна.
Арга хэмжээний нээлтэд Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ “Монголчууд бид дээд гурван эрдэнийнхээ тэргүүнийг Багш, Ном, Эцэг эх, хэмээн дээдэлдэг. Бид зөвхөн багш нараа л нийтэд нь ардын багш хэмээн эрхэмлэдэг. Багш та бүхний хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэл бол ёс суртахууныг төлөвшүүлэх монгол хүний хамгийн том баялаг. Ёс суртахуунгүйгээр төрийн алба урагшлахгүй, ёс суртахуунгүйгээр ямар ч хууль хэрэгжихгүй. Тиймээс та бүхний маань хүүхдүүдэд суулгаж өгсөн ёс суртахууны үр үндсийг таслахгүй ургуулах нь манай боловсролын салбарын хамгийн том зорилт байх ёстой” гэж онцлов.
Тэрбээр мөн “Өнгөрсөн хаврын ээлжит чуулганаар парламент Багшийн хөгжлийн тухай хуулийг баталсан. Энэхүү хуулинд багшийн ажлын үр дүнд суурилсан цалин хөлсний тогтолцоог бий болгох, багшийн хөгжлийг дэмжих сан байгуулах, багшийн ажлын ачааллыг багасгах, багшийг хөгжих боломжоор хангах, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн олон зүйл заалтыг тусгаж өгсөн” хэмээн тэмдэглэсэн юм.
Хүндэтгэлийн дурсамж, уулзалтын нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, БСШУСЯ-ын сайд Ц.Цогзолмаа, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Н.Учрал, О.Баасанхүү, Ахмад багш нарын холбооны тэргүүн, гавьяат багш Д.Амар нар үг хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Нийгэм бүхлээрээ эерэг, сайн өөрчлөлтийг хүсэж, хүлээж байна. Энэ өөрчлөлтийг авчрах хамгийн гол хүмүүс нь багш нар. Хүүхдийг бага наснаас нь, залуучуудыг оюутан байхад нь нийгэмдээ ямар оролцоотой хүн болгож төлөвшүүлэх нь багшийн ажлаас ихээхэн шалтгаална.
Сайн багшаас сайн шавь төрдөг. Тиймээс ахмад багш нар нь залуу багш нараа халамжлан хүмүүжүүлэх ажлыг салбарын яам Ахмад багш нарын холбоотой хамтран хийнэ. Туршлага гэдэг нэг өдөр бий болдоггүй. Насаараа ажиллаж байж бий болгосон тэр үнэт зүйлээ залуу үедээ өвлүүлэх нь боловсролын салбарын нэг зорилт байх юм” гэж тэмдэглэлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Н.Учрал хэлсэн үгэндээ эх орон, ард түмнээ хүндлэн дээдлэх уламжлалт ёс заншлыг нийгмийн амьдралын бүхий л хүрээнд батжуулах эрхэм үйлсэд ахмад багш нар жинтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэсэн.
Энэхүү дурсамж, уулзалтын үеэр шавь нар нь багшдаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болов.
Энэ үеэр мөн ахмад багш нар “1000 ахмад багш уулзаж, дурсамжаа хуваалцдаг, баярладаг энэ арга хэмжээг 5 жил дараалан зохион байгуулж байгаа Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, БСШУС-ын энэ үйл ажиллагаа төрөөс ахмад багш нартаа үзүүлж буй гүн хүндэтгэл юм” хэмээн сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.