Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ НЭЭЖ:
Монголчууд аа,
Дэлхий даяар тархан суурьшсан монгол туургатнууд аа,
Та бүхэнд Монгол түмний их цэнгэл – Үндэсний баяр наадмын дэлгэр мэндийг өргөн дэвшүүлье.
Өнөө жил Монголын Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жил, наашлаад Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байна.
Түүхийн эдгээр тод тооллыг хэрэглэж хэвшсэн явдал нь бид энэ түүхээрээ бахархаж, тусгаар Монгол Улсынхаа уг үндсийг мандуулан сэргээхийн зэрэгцээ сургамж захиасыг авахын тулд юм шүү гэдгийг сануулъя. Түүх соёлоо танин мэдэхийн хэрээр хүнд эх оронч сэтгэл, үндэсний үзэл, ирээдүйн өмнө хүлээх үүрэг хариуцлага, ухаарал төлөвшил сууж байдаг. Тэр тусмаа Монголын түүх бол дэлхийн түүхийг бүтээж, энх амгаланг тогтноож явсан өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн хамгийн том өв бахархал юм.
Наадам бол монгол бидний өвөг дээдэс, түүхт эх нутагтаа үзүүлж буй өргөн их хүндлэл, дээдсийн сүр сүлд, ивээл хүчийг хурайлсан бэлгэдлийн цогцолбор зан үйл хийгээд өнө эртнээс уламжлан авч яваа өв их соёл, хүн бүрийн чин сэтгэл, хөөр баясал илэрдэг бахархалт ёслол билээ.
Төрт ёсны их баяр цэнгэл наадмаараа түүх соёлынхоо их улбааг тодотгон дэвжээж, хүчит бөхчүүд маань уран мэхийг уралдуулан, үнэн хүчийг үзэн барилдаж, эрдэмт уяачид маань ажнай монгол морьдоо уяж хурдлуулж, мэргэн харваачид маань эрхийн эрч, хараан цэцийг сорин, түмэн олноо баясган цэнгүүлсээр байх учиртай.
“Эрийн гурван наадам” гэх нэршлээсээ эхлээд, хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын мэргэн харваа бол монгол эр хүний эрдэм чадал, үнэлэмж шалгуурыг тодорхойлж ирсэн эртний түүхт уламжлал ёсон. Монголчууд эр хүний энэ гурван эрдэмд түшиглэн их түүхээ бүтээж, өв соёлоо цогцлоож, гүрэн улсаа байгуулж явсан.
Монгол төрийн их наадам нь Та биднийг бие сэтгэлээрээ жинхэнэ монгол хүн хэмээн ойлгуулж, ижилсүүлдэг баяр мөн. Түүнчлэн монгол хэмээх давтагдашгүй өвөрмөц соёлтой, ялгамжтай үндэстэн болохыг илтгэдэг үйл явдал юм. Энэ баяраараа бид эртний түүхт Монголынхоо бахархлыг бадрааж, үндэсний соёлыг мандуулдаг.
Тийм ч учраас гайхамшигт Монгол наадмыг ЮНЕСКО-гийн өвд бүртгэж, “Дэлхийн соёлын өв” хэмээн тодорхойлсон юм.
Дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирсэн хүндэт зочид, жуулчид, анд нөхдөдөө тусгайлан талархал илэрхийлье. Монгол оронд тавтай морилж, монгол наадмыг таалан болгооно уу.
Эрхэм соёлт наадамчид аа,
Монгол орон, дэлхий даяар тархан суурьшсан монгол хүн бүр монгол наадмаа сэтгэл тэнүүн, бахархал дүүрэн, өлзий төгс, хувь тэгш тэмдэглэхийг ерөөе. Сайхан наадаарай.
Наадмын дараанаас 1992 онд тунхагласан Ардчилсан Үндсэн хуулийнхаа амжилт ололтыг ахиулж, алдаа дутагдлыг засах түүхэн хариуцлагатай цаг үе тохионо. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажилд иргэн бүр ирээдүйнхээ төлөө анхаарал хариуцлагатай хандаж, идэвх оролцоогоо хангах нь юу юунаас чухал болохыг нийт ард иргэддээ зарлан сонордуулъя.
Өнөөгийн Та бидэнд тусгаар тогтнол, түүх соёлоо ямагт зүрхэн толт, нүдний цэцгий мэт эрхэмлэн хайрлаж явах түүхэн үүрэг буйг Монгол наадам маань сануулж байна. Бүрэн эрхт, тусгаар Монгол Улс байгаа цагт үндэсний их баяр наадам маань мөнх орших болно.
Их эзэн, эцэг дээдэс Чингис хаан минь ээ. Хүлэг морьд чинь хурдан байна, хүчит бөхчүүд чинь мэхтэй байна, харваачид чинь мэргэн байна. Эх нутаг, элгэн садан монголчуудаа үеийн үед дээд тэнгэрээс ивээгээрэй.
Мөнх тэнгэрийн ивээл дор Монгол наадам эхэллээ” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолыг үзэж сонирхож байна.






Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
