Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд тулгамдсан, өнөөг хүртэл шийдвэрлэж чадаагүй томоохон асуудал бол жендерт суурилсан хүчирхийлэл юм. Дэлхийн 180 гаруй улс орон жил бүрийн энэ өдрөөс ирэх сарын 10-ныг хүртэл “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний дагуу манай улс уг аяныг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагатай хамтран 22 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад “Ойлгоё хүндэлье” уриаг дэвшүүлээд байна. Үүгээр дамжуулан аливаа хэлбэрийн хүчирхийллээс ангид байхын тулд бие биеийнхээ эрхийг хүндэтгэж, харилцан ойлголцох, эрүүл харилцааг эрхэмлэхийг уриалж байгаа аж. Монгол Улс Найробид өгсөн амлалт буюу жендерт суурилсан хүчирхийллийг тэглэх том зорилтынхоо төлөө тууштай ажиллахын илэрхийлэл болгож олон улсын хэмжээнд хүчирхийлэлтэй тэмцэх бэлгэ тэмдэг болсон улбар шар өнгөөр НҮБ-ын байр, төрийн ордон, төв талбай, нийслэлийн ЗДТГ зэрэг барилга байгууламжийг гэрэлтүүлсэн юм. Жендерт суурилсан хүчирхийлэл гэж юу вэ. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах тухай тунхаглалд “Нийгмийн болон хувийн амьдралын хүрээнд эмэгтэйчүүдийг бие махбод, бэлгийн болон сэтгэл зүйн зовиур шаналгаа амсахад хүргэж байгаа болон хүргэж болзошгүй жендерт суурилсан хүчирхийллийн аливаа үйлдлийг, түүн дотроо үйлдэхээр, эрх чөлөөг нь хасах буюу хасахаар заналхийлэх явдлыг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл” гэж тодорхойлжээ. Хүчирхийллийн олон хэлбэр байдаг бөгөөд манай улсын хувьд энэ төрлийн хүчирхийлэл ихэвчлэн гэр бүл болон ажлын байранд гардаг. Үүний хохирогчид нь эмэгтэйчүүд байдаг. Тодруулбал, жендерт суурилсан хүчирхийлэлд хэн ч өртөж болох ч ихэвчлэн охид, эмэгтэйчүүд өртөж, хүчирхийлэл үйлдэгчдийн 90 хувь нь эрэгтэйчүүд байдгийг судалгаагаар тогтоожээ. Гэр бүл болон ажлын байранд хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн зарим нь энэ тухайгаа ойр дотнын хэн нэгэн, найз нөхдөдөө хэлдэг бол нөгөө хэсэг буюу дийлэнх нь хэнд ч хэлдэггүй, нуун дарагдуулдаг байна. Энэ байдал нь ийм төрлийн хүчирхийлэл газар авах, нэмэгдэх нэг шалтгаан болдог. Үндэсний статистикийн хорооноос жендерт суурилсан хүчирхийллийн тандалтын судалгааг хамгийн сүүлд 2017 онд хийжээ. Тухайн судалгааны үр дүнгээс харахад гэр бүлийн хүчирхийлэл маш бага буюу нэг хүрэхгүй хувь нь бүртгэгдсэнд асуудлын учир бий. Үүний шалтгаан нь 25.9 хувь нь гэр бүлийнх нь нэр хүнд унахаас айсан, 20.9 хувь нь хүчирхийлэл байдаг л зүйл буюу ноцтой асуудал биш гэж хариулсантай холбоотой. Мөн хаана хандахаа мэдэхгүй, гэр бүлийн салалт, учирч болох аюул занал, үр дагавар буюу хүчирхийлэл улам нэмэгдэх байх гэсэн айдастай байдгаа дурджээ. Энэ бол эмзэглэмээр бас анхаарах ёстой асуудал юм.
Хөрш айлын гэрийн эзэн эхнэр, хүүхдээ зодож буйг мэдсэн ч “Эр, эмийн хооронд илжиг бүүр жороол” гээд мэдээгүй дүр эсгэн өнгөрүүлдэг байсан цаг саяхан. Харин түүнээс үүдэлтэй буюу холбогдох газарт нь мэдээллээгүйн улмаас хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүд хүүхдүүдэд учирч болох эрсдэл, улмаар амь насаа алдах ч аюултайг олон нийт ойлгож бас албан ёсоор хөршийг, хөндлөнгийн гэрчийг үүрэгжүүлсэн учраас асуудал нуугдмал бус ил гарах болсон. Бас нэг шалтгаан нь 1997 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулж буй “Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян” юм. Төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын хамтран зохион байгуулдаг тус аян жилээс жилд хүрээгээ тэлж, үйл ажиллагаа нь өргөжиж, үүний үр дүнд олон нийтийн хандлага ч өөрчлөгдөж байгаа. Гэхдээ жендерт суурилсан хүчирхийлэл нийгэмд ялангуяа гэр бүл, ажлын байранд эл болон нуугдмал хэлбэрээр үйлдэгдсээр байна.
Ажлын байранд үйлдэгдэж буй хүчирхийллээс сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа нь бэлгийн дарамт. Судалгаагаар таван хүн тутмын нэг нь ажлын байрандаа ямар нэгэн байдлаар энэ төрлийн дарамтад өртсөн бол гурван хүн тутмын нэг нь хохирогч болсон хэн нэгнийг мэддэг гэж хариулжээ. Энэ төрлийн хүчирхийллийн хохирогчдын 95 хувь залуу охид, эмэгтэйчүүд байдаг бөгөөд хохирогчдын 57.6 хувь нь төрийн албанд ажилладаг гэсэн дүн гарчээ.
Дараагийн асуудал бол гэр бүлийн хүчирхийлэл. Товчхондоо гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох эхнэр, нөхөр, төрөл садан, хамтран амьдрагч, гэрлэлтээ цуцлуулсан иргэд, ямар нэгэн шалтгаанаар асрамж халамжинд нь байгаа эдгээр хүмүүсийн хэн нэгэн нь эрх мэдэл, давамгай байдлаа тогтоохын тулд бэлгийн болон эдийн засаг, бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж буй нь явдал бол гэр бүлийн хүчирхийлэл. Гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртдгийг тогтоожээ.
Хаалттай хаалганы цаана өрнөж, эхнэр, хүүхдийнхээ сэтгэл зүйд дарамт, эрүүл мэндэд нь удаа дараа хохирол учруулж улмаар амь насыг нь егүүтгэдэг сэтгэл шимшрүүлэм хэрэг олон гардаг. Ойр дотнын хэн нэгэн нь хүчирхийлэлд өртөж буйг хэн ч мэддэггүй, анзаардаггүй мэдсэн ч нүд, чихээ таглаж явсаар эцэст нь нэг нь амь насаа алдсан тэр цагт амаа барьдаг. Хөршийнх гэрийн эзэн согтуу, эрүүл ч бай орой бүр эхнэр, хүүхдээ дарамталж, зодож цохидгийг мэддэг ч холбогдох газарт нь хэлэхгүй явсаар эцэст нь эхнэр нь амь насаа алдсан тэр үед толгой руугаа цохиж “Ганц удаа ч болов цагдаад хэлэхгүй яав даа. Тэгсэн бол амь насаа алдахгүй ч байсан юм билүү” хэмээн халаглаж байсан гэдэг.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний арван сарын байдлаар 28599 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 884 нь гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг байжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 18 гэмт хэргээр өссөн үзүүлэлт аж. Хүчирхийлэлд өртөгчдийг насны бүлгээр нь харвал 30-39 насны эмэгтэйчүүд хамгийн өндөр хувь буюу 36 хувийг эзэлдэг бол хүчирхийлэл үйлдэж байгаа этгээд хөдөлмөрийн насныхан байна.
Манай улс Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийг 2011 онд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2016 онд баталсан. Одоо УИХ-аас Хөдөлмөрийн, Төрийн албаны, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд холбогдох зохицуулалтыг хийхээр ажиллаж эхэлжээ. Мөн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход чиглэсэн зохицуулалтыг тусгасан байна. Жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсоосон улс орон одоогоор байхгүй байгаа нь НҮБ-ын санааг чилээсэн асуудал болоод буй. Энэ төрлийн хүчирхийллийг таслан зогсоосон анхны улс яагаад Монгол байж болохгүй гэж. Үүний бие биеийнхээ эрхийг хүндэтгэж, харилцан ойлголцох, эрүүл харилцааг эрхэмлэх нь зүйтэй. “Олгой хагаравч тогоон дотроо”, “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэх аминч үзлээсээ салж чадвал жендерт суурилсан буюу гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цаашлаад хүний амийг аврах боломжтойг үүгээр дамжуулъя.


Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Нийт нутгийн 45 хувьд цастай байна
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
