Цагийн хүрд эргэсээр зуун дамжсан түүхийн баян намтартай, түүчээлсэн олон үйлстэй Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр нас нэмж байна. Тэртээх 1978 оны энэ өдөр “Эрдэнэт” гэдэг нэр Монголчуудын нэгэн тод хуудас болж, эрдэс баялгаа “үнэд” хүргэх, тодруулж хэлбэл, уулын үйлдвэр баялаг бүтээх нөр их ажлаа эхлүүлж байсан юм. Анхны зэс, молибдений баяжмалаа дэлхийд илгээсэн энэ өдөр Эрдэнэтээр овоглодог төдийгүй энэ үйлдвэрийн үр өгөөж, буяныг хүртэж яваа бүх хүнд хамаатай түүхэн өдөр. Чухам өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харахад, хэрэв Эрдэнэтийн овооны арвин их ордыг геологчид олж нээгээгүй бол, тухайн үеийн төр засаг алсын хараатай хандаагүй бол, хуучнаар ЗХУ болон БНМАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт үйлдвэр байгуулах үндэслэл, байр сууриа зөв тодорхойлж чадаагүй бол..,Эх орны маргаашийг хөтлөх “үүц” энд буйг, Эрдэнэт үйлдвэр байгуулж, нийгэм эдийн засгаа хөгжүүлэх төлөвлөгөө байгаагүй бол бидний оршин буй өнөөдөр ямар байх байсан бол гэж эргэцүүлнэм. Энд л Эрдэнэтийн түүх, түүнийг бүтээлцсэн мянган мянган хүмүүний эрхэм гавьяа оршдог.
Эрдэнэтийн овоо бол нөөцөөрөө дэлхийн 10 том зэсийн ордын нэг. Олон жил ашиглах нөөцтэй тул эцсийн бүтээгдэхүүн гаргах иж бүрэн үйлдвэр байгуулах боломжтой, манай улс дэлхийн зах зээлд гарах үйлдвэртэй болно гэх зэрэг холыг харсан хэд хэдэн үндэслэлээр Эрдэнэтийг байгуулахаар Монголын тал, Оросын талтай хэлэлцээрийн ширээнд суусан байдаг. Энэ хэлэлцээр ширүүхэн “ халз тулаан”-тай болж байсан ч үүнд эртнээс нягт нямбай бэлтгэж, өөрсдийн саналаа тууштай хамгаалж чадсанаар 1973 оны 11 дүгээр сарын 22-нд Монгол-Зөвлөлтийн хамтарсан “Эрдэнэт үйлдвэр”-ийг байгуулах хэлэлцээр байгуулагдсан юм гэж тухайн үед хэлэлцээрийн төсөлд ажилласан эрхмүүд дурдатгалдаа өгүүлсэн нь бий. Энэ бол Эрдэнэтийн бүтээн байгуулалт, өнөөг хүрсэн бүхний эхлэл байв. Тэр цагаас тавхан жилийн дотор эзгүй өргөн талыг Эрдэнэтчүүд гэх эзэнтэй болгож, хот үйлдвэр хоёрыг хослуулан бий болгосон илгээлтийн эзэд, эвлэлийн гишүүд, уурхайчдын үе дамжсан хөдөлмөр зүтгэл бидний төдийгүй Монголчуудын өнөөдрийг бүтээж байна. Өнөөдрийг бүтээх энэ харгуй тийм ч дардан тунгалаг байгаагүй. Ажил хөдөлмөр ундарсан, амжилт бахархлын од гийсэн он жилүүдтэй зэрэгцээд нийгмийн тогтолцооны шилжилт, эдийн засаг санхүүгийн хүндрэл бэрхшээл гээд олон хүчин зүйл Эрдэнэтийг тойроогүй. Энэ тухай дурьдахын учир гэвэл, Эрдэнэт үйлдвэр нэр төрийн бахархал боловч Эрдэнэтийг “авч явах” нь нэн чухал үүрэг хариуцлага байсаар ирсэн гэдгийг тодотгох гэсэн хэрэг.
Эх орны нийгэм эдийн засгийн өмнө том үүрэг хүлээдэг Эрдэнэт үйлдвэр өөрөө тэр чигээрээ том хариуцлагыг ч бас үүрдэг. Улс орны “мөнгөний авдар” дундрах үед ч, цаг үеийн гамшиг бэрхшээлийг даван туулахад ч Эрдэнэт хамгийн том итгэл найдвар нь байсаар ирсэн. Тэрхүү үүрэг, хариуцлагаа Эрдэнэт үйлдвэрийнхэн түүхэн 42 жилийн хөгжлийн замналынхаа бүхий л цаг үед үргэлж биелүүлсээр, ямар ч үед найдлага алдаж байгаагүйг он цаг гэрчилнэ.
Хот суурингаар нь “хорионд” оруулсан 2020 оны ковидтой цаг үеийг хаа сайгүй чадан ядан туулж байна. Дэлхийд данстай том үйлдвэрүүд хаалгаа барьж, жижиг том ялгаагүй худалдаа, үйлдвэрлэлийнхэн санхүүгийн хямралын өмнө “сөхөрч” байхад Эрдэнэт үйлдвэр үүрэг хариуцлагынхаа ард түүртсэн шинжгүй гарч байна. Нийгмээрээ сэтгэл зүйн тогтворгүй байдалд маргаашаа хэрхэн төсөөлж, төлөвлөх гээд “гашилж” байхад Эрдэнэтчүүд илүү сайн ажиллаж, ирээдүйн зорилтоо биелүүлэх тухай ярилцаж байна. Энэ бол цаг үеийн ямар ч нөхцөл байдалд бэлтгэлтэй, төлөвлөгөөтэй байж, цаг цагт үүрэг хариуцлагаа юуны түрүүнд тавьж ирсэн том үйлдвэрийн менежментийн төлөвшил, эмх цэгц, чадавхи чадварын даацыг илэрхийлнэ. Өдрийн орлогоороо амьжиргаагаа болгодог, борлуулалтаараа ажилчдаа цалинжуулдаг олон олон иргэд, байгууллага үйл ажиллагаагаа хумьж, бүр хэсэг хугацаанд зогсоож байхад Эрдэнэт үйлдвэрт нэг ч ажлын байрны цомхотгол, цалин хөлсний бууралт, таналт огт хөндөгдөөгүй. Мэдээж, нөгөө л хариуцлага, эмх цэгц, өндөр зохион байгуулалт энд үйлчилсээр байна. Дэлхий сандарч буй ковид-19 тархалтаас үүдэх эдийн засаг санхүүгийн хүндрэл, бэрхшээлийг Эрдэнэт үйлдвэрийнхэн урьдчилан тооцоолж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хөтөлбөр төлөвлөгөөг авч хэрэгжүүллээ. Ингэснээр үйлдвэрлэл хэвийн горимоо хадгалж, санхүү урьдынхаараа үргэлжилж, төсвийн орлого бүрдүүлэлтийн төлөвлөгөө биелсээр байна. Оны эхнээс төлөвлөсөн үйлдвэрлэлийн болон нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт үргэлжилж, уурхайчид ажилласаар, бас бүтээсээр. Оны эхний 11 сарын байдлаар, Эрдэнэт үйлдвэрийнхэн улс болон орон нутгийн төсөвт 804 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Хүдэр боловсруулалтын хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлэх Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн байгууламж өдрөөс өдөрт урагшилж, нийгмийн хөрөнгө оруулалтаар “Уурхайчин-1” хорооллын эхний ээлж хаяагаа тэлж, ханаа зузаалсаар байна.
Сүүлийн саруудад дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсөж буй. Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 7000 хол давсан ам.долларын ханштай байгаа нь сүүлийн долоон жилд байгаагүй өндөр тоо гэдгийг олон улсын судалгааны байгууллагууд онцолсон. Чихэнд чимэгтэй сайн мэдээ хэдий ч оны эхний хагас жилд зэсийн үнэ төлөвлөж байснаас доогуур буюу 501 ам.доллараар, оны эхний 10 сард 70 ам.доллараар бага байв. Коронавирусийн сөрөг үр дагавраар энэхүү үзүүлэлт оны төгсгөлд ч 13 орчим ам.доллараар бага байх төлөвтэйг мэргэжилтнүүд тодорхойлж байгаа. Тиймээс зэсийн үнэ өсөж буй ч үндсэн цалин дээрээ нэмээд урамшуулал нэмэгдэл ирэх боломж төдийлэн ойрхон биш буйг уурхайчид мэдэж байгаа. Харин энэ хүнд хэцүү цаг үед улс орныхоо өмнө, татварын орлогоос цалинждаг бусад салбарынхны өмнө үргэлж итгэл найдвар нь байх нийгмийн хариуцлагаа үүрч, Эрдэнэт уулынхаа буян хишгийг хувааж түгээх үүргээ биелүүлэхэд зорилго нэгтэй ажиллаж байна. Энэ бол өнөөдрийг бүтээж буй Эрдэнэт үйлдвэрийнхэн. Баяр бахдалаа өндөр үүрэг хариуцлагатайгаа хамтад нь нэр төртэй биелүүлж яваа Эрдэнэтийн уурхайчиддаа үйлдвэрийнхээ нас нэмсэн өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийг бүтээсэн энэ цагийн эгэл баатруудад маргаашийг ч бүтээх эрч хүч, даалгаврыг хамтад нь итгэл дүүрэн үлдээе.
М.БАЛЖИННЯМ

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Итали Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
УИХ-ын 2026 оны хаврын чуулган гуравдугаар сарын 16-нд эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж бай
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
