“Өргөө” амаржих газарт төрөөд удаагүй байсан эхийг өмссөн хувцастай нь ХӨСҮТ рүү тээвэрлэсэн явдал Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох гол шалтгаан болсон. Тэгвэл үүнээс хойш тус эмнэлэгт коронавирусийн халдвартай хэд хэдэн эх амаржаад байгаа аж. “Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэгтэй ярилцлаа.
-Та “Өргөө” амаржих газрын даргаар томилогдоод удаагүй байгаа. Одоо нөхцөл байдал ямар байна вэ. Танай эмнэлэгт коронавирусийн халдвартай хэдэн эмэгтэй амаржаад байна вэ?
-Би ажлаа аваад хоёр сар орчим болж байна. Манайх коронавирусийн халдвартай таван эхийг амаржуулсан. Өнөөдөр нэг эх өвдөөд, ирчихсэн байна. Мөн эмэгтэйчүүдийн тасагт халдвартай нь батлагдсан нэг хүн эмчлүүлээд гарсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ХӨСҮТ-д халдвартай 20 гаруй эх төрсөн. Халдварын тархалт нэмэгдэж байгаа өнөө үед халдвартай эхийн төрөлт энэ хэрээр нэмэгдэж байна. Ийм ч учраас ХӨСҮТ маань ачааллаа дийлэхгүй, нийслэлийн амаржих газруудад халдвартай эхийг төрүүлэх шаардлага тулгараад байгаа. Иймээс бид бэлтгэл ажлаа сайтар хангах гээд өдөр, шөнөгүй ажиллаж байна.
-Коронавирусийн халдвартай эхийг төрүүлж байгаа эмч, сувилагч нарыг халдвар авахаас хэрхэн сэргийлж байна вэ?
-Халдвартай эхийг төрүүлж байх явцдаа халдвар авчих вий гэдэг нь эмч, эмнэлгийн ажилтан бидний хувьд хамгийн чухал асуудал болоод байна. Одоогийн байдлаар коронавирустэй эхийг амаржуулснаар өөрсдөө халдвар авсан нэг ч тохиолдол гараагүй. Гаргахгүйн тулд бид халдвараас сэргийлэх дэглэмээ сайтар баримтлах, амны хаалтаа зүүх, гараа ариутгах гээд бүхий л нөхцөл бололцоогоор ханган ажиллаж байна. Эмнэлгийн ажилчид онош нь батлагдсан өвчтөнөөс, эмнэлгийн орчинд гэхээсээ илүү гэр орноосоо, гадуур явж байгаад халдвар авчихсан байх вий гэдэг үүднээс бид дөрөвдүгээр сар гаргаад ажилчдаасаа хоёр үе шаттайгаар шинжилгээ авсан. Эхлээд ханиалгах, халуурах гэх мэт шинж тэмдэг илэрсэн ажилчдаасаа шинжилгээ автал хоёр хүнээс халдвар илэрсэн. Энэ хүмүүсийн хувьд гэр бүлийнхэн нь халдвартай, эсвэл тусгаарлагдаж байсан байгаа юм. Ингээд дөрөвдүгээр сарын 12-нд хавьтлын судалгаа хийж, 277 эмч, эмнэлгийн ажилтнаас шинжилгээ авахад зургаан хүнээс халдвар илэрсэн. Эдгээр ажилтныг эмнэлэг рүү оруулаагүй. Тэгэхээр манайд эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой голомтын халдвар илрээгүй. Дээрх хүмүүстэй хавьтал болсон, эрсдэл өндөртэй ажилтнуудыг гэрт нь тусгаарласан. Өөрөөр хэлбэл, манай эмнэлэг дотооддоо халдвар алдаагүй бөгөөд эмч халдвар авсан тохиолдол байхгүй.
-Коронавирусийн халдвартай эхийг төрүүлсэн эмч, сувилагчдыг тусгаарлаж байгаа юу. Халдвар авах, мөн тараахаас хэрхэн сэргийлж ажиллаж байна вэ?
-Дээрх таван тохиолдолд халдвараас сэргийлэх дэглэмээ сайн баримталж, эхчүүдийг амаржуулсан. Бид урьдчилаад тусгаарлах өрөө бэлдчихсэн байсан тулдаа халдвартай эхчүүдийг амжилттай төрүүлсэн. Эхийг амаржуулсны дараа тусламж үзүүлсэн багийнхнаас шинжилгээ авч байгаа. ХӨСҮТ-ийн 20 гаруй эх амаржуулсан туршлагыг судалсан. Эмч, ажилтнууд халдвараас сэргийлэх дэглэмээ сайтар баримталсан тохиолдолд заавал 14 хоног тусгаарлаагүй. Тэднээс давтан шинжилгээ авахад хэвийн байсан. Гэхдээ халдварын тохиолдол ихсэж, нөхцөл байдал өөр боллоо. Тиймээс бид ковидтой жирэмсэн эхчүүдийг төрүүлэх 10 ор бэлтгэж байна. Халдвар авсан олон хүн төрөх тохиолдолд багаар ажиллуулах зохион байгуулалт хийж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг багийг 10 хоног ажиллуулж, тусгаарлах, дараагийн багийг сэлгэж ажиллуулах гэх мэт зохион байгуулалтыг зөвөөр хийх шаардлага тулгарч байна.
-Халдвартай эхчүүдийг төрүүлснийхээ дараа ХӨСҮТ рүү шилжүүлж байгаа юу?
-Одоогоор манай амаржих газар төрсөн таван эхээс дөрөв нь гарсан. Нэг нь өнөө өглөө төрсөн, хяналтад байгаа. “Ковид-19”-ийн халдвартай эхчүүдийн биеийн байдал нь хөнгөн байсан тул гэртээ тусгаарлагдах боломжтойг нь гэрт нь гаргасан. Хэрэв гэртээ тусгаарлагдах боломжгүй бол Яармагийн 300 ортой эмнэлэгт хүргэж байна. ЭМЯ болон НЭМГ, ХӨСҮТ-өөс байнга мэргэжил, арга зүйн зөвлөмж авч, удирдлага болгон ажиллаж байгаа. Халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай уялдуулж шийдэх олон асуудал урган гарч байна. Цаашид шинээр үүсэж буй нөхцөл байдалд тохируулан үйл ажиллагаагаа өргөжүүлж, улам хичээж ажиллах шаардлага эмч, эмнэлгийн ажилтан бид бүхний өмнө тулгарч байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
