Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Ноён уулыг төрийн тахилгатай болгох тухай 81 дүгээр зарлигийг гаргалаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ 81 ДҮГЭЭР ЗАРЛИГТ:
“Монголчуудын өвөг Хүннү дээдсийн алтан шарил, мөр улбааг хэвлийдээ хадгалсан өлгий дагшин нутаг, эх түүхийн голомт болсон өнө эртний тахилгат хайрхан Ноён уулыг дээдлэн шүтэх, Тулгар төрийн түүх шастир, өв соёлыг хайрлан хамгаалах, үндэсний үзэл дархлаа, ухамсар бахархлыг дэвжээн дэлгэрүүлэх зорилгоор иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдаас гаргаж буй саналыг дэмжиж, монгол түмний үеийн үед улираан хадгалсаар ирсэн заншил соёл, урьдын журмыг баримтлан, төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэж,
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
- Монголын Тулгар төр Хүннү гүрэн байгуулагдсаны 2230 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Ноён уулыг төрийн тахилгатай болгосугай.
- Монголын Тулгар төр, Хүннү дээдсийн түүх цадиг, өв соёлыг судалж тогтоох, хадгалж хамгаалах, сурталчлан таниулах ажлыг гүнзгийрүүлэх, өргөжүүлэхийг төрийн ба төрийн бус, эрдэм шинжилгээний болон түүх соёлын байгууллагууд, ард иргэдэд уриалсугай” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг төрийн зарим байгууллагад гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд боллоо.
Ёслолд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Жамбалсүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн нар оролцож, зарлигийн хувийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авлаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ЗАРЛИГ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:
“Монголчууд аа,
Түүх, соёлын өв, байгаль орчныг хамгаалах үүрэг бүхий төрийн албан хаагчид, албан тушаалтнууд аа,
Миний бие хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ дагуу Хүннү гүрэн байгуулагдсаны 2230 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уулыг төрийн тахилгатай болгох зарлиг буулгалаа. Хүлээн авагтун!
Ноён уул бол монголчуудын өвөг Хүннү дээдсийн алтан шарил, мөр улбаа, төрт ёсны 2200 жилийн түүхэн баримтыг хэвлийдээ хадгалсан өлгий дагшин нутаг, эх түүхийн голомт болсон өнө эртний тахилгат хайрхан билээ.
Бидний өвөг дээдэс Хүннү гүрний өв соёлыг хадгалсан Ноён ууланд орших булшийг 1912 онд “Монгол-Ор” нийгэмлэгийн техникч А.Баллод гэх хүн олсныг судлахаар 1924 онд Оросын судлаач П.К.Козловын удирдсан Монгол, Төвдийн газар зүйн шинжилгээний анги ирж, Ноён ууланд Хүннүгийн 200 гаруй булш байгааг тогтоосон байна.
Ноён уулын баруун талын Сүжигт, өмнөд талын Журамт, зүүн талын Хужирт амнуудад нийт 250 орчим булш бий. Ноён уулын дурсгал нь дараах асуудлуудад хариу өгснөөрөө бидэнд онцгой ач холбогдолтой билээ. Эдгээрийг дурдвал:
- Хүннүгийн угсаатны бүтэц, угсаа гарвал;
- Нийгмийн бүтэц, Төрийн зохион байгуулалт;
- Хүннүгийн түүхийн он цаг, дараалал;
- Хүннүгийн амьдрал, аж ахуйн хэв маяг;
- Хүннү гүрний газарзүйн байрлал;
- Ази, Европын улсуудтай тогтоосон Хүннү гүрний харилцаа зэрэг юм.
Өнөөг хүртэл Хүннү гүрэнд хамаарах 7,000 гаруй булш олдсоны ихэнх нь, гол төлөв язгууртан ихэс дээдсийн булш манай улсын нутаг дэвсгэрт байна. Энэ нь Монгол бол Хүннү гүрний үндсэн нутаг, Засаг захиргааны төв гарцаагүй мөн болохыг нотолж байгаа юм.
Ноён уулын язгууртны булшнаас илэрсэн хүн судлалын хэрэглэгдэхүүн, малгай, дээл, хувцас, оршуулгын зан үйл зэрэг нь Хүннүгийн залгамж хойч нь монголчууд бид ч мөн болохыг генетикийн болоод соёлын хувьд бат нотолжээ.
Учир иймд монгол бидний дээд язгуур Хүннү гүрний түүх, соёлыг агуулсан, байгалийн үзэмжит тогтоц бүхий эртний түүхт Ноён уулыг байгаль, түүхийн дархан газар хэмээн үзэж, монгол түмний үеийн үед улираан хадгалсаар ирсэн заншил соёл, урьдын журмыг баримтлан, төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэж энэхүү зарлигийг гаргалаа. Тахилга нь зан үйл төдий зүйл биш юм. Энэ бол байгаль, соёл, эх түүхээ хайрлах, хүндэтгэх, хамгаалахыг үеийн үед сануулж, төрийн санах ой, бодлого болгон хойч үед дамжуулж байдаг цогц үйл ажиллагаа юм. Эртний энэ сайхан уламжлалын дагуу Ноён уулыг төрийн тахилгатай болгож байна.
Төрийн албан тушаалтан, үүрэгтнүүд ээ,
Ард иргэд ээ,
Бидний түүх соёл бол монголчуудын уг язгуур, мөн чанар, ижилсэл болон ялгааг илтгэх, хүндлэл бахархлын үндэс суурь юм. Соёл түүхийн агуу их гэрч, нотолгоог хадгалж, агуулж ирсэн Ноён уулыг хамгаалах нь иргэн бүрийн, монгол хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг ухаарч, хүлээн авагтун.
Мөнх тэнгэрийн хүчин дор язгуур дээдсийн сүлд хийморь биднийг ашид ивээж, Монгол Улс, Монголын соёл түүх өнөд оршиг!” гэлээ.






Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
