Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй 2021 оны арваннэгдүгээр сарын 9-нд утсаар ярив.
Ерөнхий сайд нар Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн түүхт ойг жилийн туршид ёслол төгөлдөр тэмдэглэж буйд баяртай байгаагаа онцлов. Энэ түүхэн хугацаанд хоёр улс томоохон сорилтуудыг хамтын хүчээр даван туулж, хөгжил дэвшлийн төлөө далайцтай бүтээн байгуулалт өрнөсөн жилүүд байсныг дурдлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалыг үр дүнтэй болгох үүднээс бэлтгэл ажлыг хоёр талаас эрчимжүүлэхээр ярилцав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын харилцаанд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар дорвитой арга хэмжээ авч буй, тухайлбал, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өрийн асуудлыг шийдвэрлэх, тээврийн тарифыг үе шаттай чөлөөлөхөөр ажиллаж байгааг тэмдэглэв.
Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийн төслийн ТЭЗҮ-г боловсруулж дууссаны дараа санхүүжилтийг хамртан шийдвэрлэх боломжийн талаар ярилцав.
“Роснефть” компанитай хамтарсан компани байгуулж, Хөшигийн хөндийн шинэ онгоцны буудалд шатахуун нийлүүлэх асуудлыг шийдвэрлэснээ дурдаад тус компани манай улсад шатахууны нийлүүлэлтээ тохирсон хуваарийн дагуу тогтвортой нийлүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв. Оросын тал энэ асуудалд анхаарахаа илэрхийллээ.

Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр зам, эрчим хүчний төслүүдэд Оросын аж ахуйн нэгжүүд оролцох нь нээлттэйг Монгол Улсын Ерөнхий сайд тэмдэглэв.
Хилийн боомтуудын дэд бүтцийг бэхжүүлж, үйл ажиллагааг сайжруулах, ялангуяа, Алтанбулаг худалдааны чөлөөт бүс, Ульхан зэрэг боомтод онцгойлон анхаарал хандуулж, тээвэр логистик, худалдааг саадгүй явуулах гүүр болгох нь хоёр талын эрх ашигт бүрэн нийцнэ гэдэгт санал нэгдлээ.
Хоёр улсын Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцож, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн тухай хамтарсан судалгааны дүнд үндэслэн цаашдын арга хэмжээг хэлэлцэн тохиролцохоор болов.
Боловсрол, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдол өгч буйгаа Ерөнхий сайд нар тэмдэглэж, эдгээр салбарын боловсон хүчнийг ОХУ-д үргэлжлүүлэн бэлтгэх, Монгол дахь орос хэлний сургалтыг хөгжүүлэхэд анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Хоёр улсын Ерөнхий сайд нарын ярилцсан асуудлыг нарийвчлан хэлэлцэж, шийдвэрлэх зорилгоор Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг энэ онд багтаан зохион байгуулахаар тогтлоо.
Ерөнхий сайд нар цаашид ч ажил төрлийн ойр нягт холбоотой байж, хоёр талын тааламжтай үед биечлэн уулзахаар тохиролцов.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
