Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэллээ.
Үндэсний их баяр наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар хүндэт зочноор оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:
“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,
Элэг нэгт монгол ахан дүүс ээ,
Их Монгол Улсын гал голомт манай сайхан оронд айлчлан ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан болон хүндэт зочид, гийчид ээ,
Эрхэм хүндэт наадамчид аа,
Мөнх тэнгэр хураа хайрлаж, эх дэлхий шимээ хүртээж, хүж дэлхий өнгөө засаж, хүн ардын сэтгэл тэнийсэн дэлгэр зуны энэ сайхан өдөр эртний түүхт, эвийн хүчит монгол түмний их баяр цэнгэл–Үндэсний их баяр наадам ийнхүү ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн боллоо.
Хүннү гүрнээс эхтэй монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл, монгол үндэстний оюун санааны дархлаа, манай ард түмний их баяр цэнгэл, монгол төрийн сүр жавхлант баяр ёслол юм.
Дэлхийд хосгүй монгол наадмаа сэтгэл догдлон хүлээн суугаа наадамчин олон түмэн, эрхэм хүндэт зочдодоо Тулгар төр байгуулагдсаны түүхт 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны гал голомт, мөнх тэнгэрийн орон манай сайхан улсад зочлон ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарт Монголын ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, монгол наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,
Тэнгэр заяат монголчууд бидний өвөг дээдэс тэртээ 2,000 гаруй жилийн өмнөөс Төв Азийн цээжинд төрт улсаа байгуулан, тулгар төрөө мандуулж, түүх, соёлоо бүтээж, даян дэлхийд суу алдраа дуурьсгаж ирсэн бахдам сайхан түүхтэй билээ.
Эртний түүхт Хүннү гүрний баатарлаг түүхийг Их эзэн Чингис хаан залгамжлан Их Монгол Улсыг байгуулж, өрнө дорныг төвшитгөн, Монголын их амар амгаланг тогтоож, хүн төрөлхтний хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр, гавьяа зүтгэлийг оруулсан юм.
Тиймээс өвөг дээдсийнхээ бахдам түүх, баатарлаг гавьяа, соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлигийг тус тус гаргасан бөгөөд Их хааныхаа музейг байгуулан ард түмнийхээ хүртээл болгосон билээ.
Тэгвэл энэ жил Их эзэн Чингис хааны Алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг урлан бүтээж, “Чингис хаан” үндэсний музейд ёслол төгөлдөр хүндэтгэн залж, монгол түмнийхээ их шүтээн болголоо.
Мөн Монголын эртний төрт улсуудын ариун гал голомт болсон Орхоны хөндийд монгол төрийн алтан соёмбот Төрийн далбааг өнө мөнхөд сүр жавхлантай мандуулж, Хархорум хотын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ.


“Монгол хүн, монгол морь амь нэгтэй” гэж манай ард түмэн ярьдаг.
Монголчууд бид төрт улсынхаа сүлдэнд хүлэг морио дээдлэн залж, аргамаг хурдан хүлгийнхээ дэл, сүүлээр Төрийн тугаа нандигнан урлаж, морин хуурынхаа аялгуугаар хорвоо ертөнцийг уяраадаг хосгүй өв соёлтой билээ.
Тиймээс адууны өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг нь сурталчлан таниулах зорилгоор Монгол Улс “Дэлхийн адууны өдөр”-ийг санаачилсныг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей хэлэлцээд, жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдөр буюу Монголын Үндэсний их баяр наадмаар “Дэлхийн адууны өдөр”-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэж байхаар шийдвэрлэснийг баяр наадмын энэ өдөр наадамчин олон түмэндээ сонордуулан хэлэхэд нэн таатай байна.
Монголчууд бид аугаа их хааны үр сад, Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, Их эзэн Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв нэгдлээ сахин бататгаж, хүчирхэг Монгол Улсыг цогцлоон байгуулахын төлөө монгол хүн бүр хүчин зүтгэх учиртай.
Миний монголын ард иргэд ээ,
Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурьсгадаг дэлхийд хосгүй монгол наадам төрт ёсны их шүтээн есөн хөлт цагаан тугаа мөнх хөх тэнгэртээ мандуулж, уяхан замбуу тивийн наранг уртын дуугаараа мялааж, хөрст алтан дэлхийг хуурын эгшгээрээ хөгжөөж, хүн ард, уул усаа баясган, өнгө төгөлдөр, цог жавхлан төгс ийнхүү эхэлж байна.
Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж, аргамаг хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхий мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртээ исгэрч, саруул ухаант, өндөр заяат миний Монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.







Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
