Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа

2026 оны 05-р сарын 01 өдөр, 10 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Bayarmaa umguulugch0501

Үйлчлүүлэгчдийнхээ тайвширсан харц, талархал дүүрэн байгааг харах мөч хамгийн сайхан…Ажилдаа дуртай, сэтгэлтэй, зүтгэлтэй, санаачлагатай хуульч, өмгөөлөгч Ц.Баярмаа эдүгээ мэргэжлээрээ 19 жил, харин өмгөөлөгчөөр 12 дахь жилдээ ажиллаж яваа нэгэн билээ. Тиймдээ ч өмгөөлөгч бүсгүй өөрийн хүсч мөрөөдөж явдаг зорилгууддаа эхнээсээ хүрээд буй. Түүнтэй уулзахад цогтой золбоотой, хүсэл мөрөөдөлтэй, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болсон нь мэдэгдэж байсан ба түүгээр бахархах сэтгэл төрж байсныг нуух юун.   

-“Амьдралд хөл тавих сайхан, амжилттай хөл тавих сайхан” хэмээн нэгэн найрагчийн хэлсэн үг бий. Энэ мэргэжлийг сонгож, хууль зүйн салбарт хөл тавин, өнөөдрийг хүртэл тууштай ажиллах болсон шалтгаан юу байсан бэ?

Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрж өсөж, тэндээ Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. 8 дугаар ангид сурч байхад Долгор багш маань Түүхийн олимпиадад бэлдэж, тэр жилдээ би улсын олимпиадад хоёрдугаар байр эзэлж байсан. Тэр  үеэс нийгмийн ухааны хичээлийг улам бүр шимтэн судалж дурлах болсон түүхтэй. Ингээд аравдугаар анги төгсөхдөө Нийгмийн хичээлээр уралдаант шалгалтаа өгч, МУИС-ийн Хууль Зүйн сургуульд элсэн орж, Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгсөж байлаа.

2007 онд их сургуулийн үйлдвэрлэлийн дадлагаа Сүхбаатар аймгийн шүүхэд хийгээд буцах болоход тухайн үед Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан С.Өлзийсайхан шүүгч “сургуулиа төгсөөд нутгийнхаа шүүхэд ирж ажиллаарай” гэсэн сайхан үгээр үдэж байсанд одоо ч талархаж явдаг даа.

Ийнхүү Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажлаас анхны  гараагаа эхэлж байсан бол өдгөө  мэргэжлээрээ хориод жил тасралтгүй ажиллажээ.

Энэ мэргэжлээрээ тууштай ажиллахад миний суурь хүмүүжил их нөлөөлсөн байх.  Би чинь өвөө, эмээ хоёр дээрээ өссөн хүн. Өвөө маань зохиолч, сэтгүүлч хүн байсан учраас багаасаа бичгийн хүний хажууд номтой ойр өссөн. Эмээ маань аливаа зүйлд тууштай, дайчин эмэгтэй бий. Одоо 93 насыг зооглож байна. Хоёр буурайгийн маань аливаа зүйлд хариуцлагатай, тууштай, зарчимтай, хэлсэн үгэндээ хүрдэг байх гэх мэт сургаалиуд миний гэрийн хүмүүжил болж төлөвшсөн. Бичгийн хүний хажууд өссөн маань бичих, ярих, илтгэх ур чадварыг суулгаж өгчээ гэж талархдаг.

Дээр дурьдсанчлан аливаад тууштай, хариуцлагатай, мэдрэмжтэй байх чадварууд бол хуульч хүнд заавал байх ёстой үнэт зүйл гэж үздэг. Мэдээж мэргэжлийн ур чадвар чухал байлгүй яахав. Гэхдээ өөрийн гэсэн зарчим, үнэт зүйлтэй хүн хаана ч бусдаас ялгарч, сайн, сайхан амьдардаг гэж боддог.

-Та ямар үед эзэмшсэн мэргэжил, хийж буй ажлаасаа сайхан мэдрэмжийг авдаг вэ?

 Өмгөөлөгч хүний ажлын онцлог нь  асуудалд орсон, тусламж хүссэн хүмүүстэй ажиллаж, хууль зүйн туслалцаа үзүүлэхээс гадна сэтгэл зүйн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг гэхэд хилсдэхгүй.

Өмгөөлөгчтэй уулзаж, асуудлаа хэлээд  хууль зүйн гарц гаргалгаа, процессын талаар  ярилцсаны дараа тухайн хүн тайвширч байгаа нь мэдэгддэг. Тэр цагаас эхлэн өмгөөлөгч хүний ажлын сайхан нь эхэлдэг болов уу.

Сурч, мэдсэн, чаддаг зүйлээрээ бусдад тусалсаны дараа “баярлалаа” гэдэг үгийг сонсож, талархсан, гэрэлтсэн харцнаас  дараа дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе  хамгийн сайхан байдаг даа.

Хүний эрхийг хамгаалах үйлсэд зүтгэдэг, аль ч улсад, аль ч нийгэмд үнэ цэнээ алдаггүй, нэр хүндтэй мэргэжлээрээ үргэлж бахархаж явдагаа хэлэх нь зүйтэй болов уу.

– Ороо бусгаа энэ цаг үед гэмт хэргийн тоо  олширч, арга нь нарийсч байна. Үүнтэй зэрэгцээд өмгөөлөгч, прокурор, шүүгч нарыг буруутгах хандлага ажиглагдах юм. Энэ тал дээр таны бодол?

 Сүүлийн үед хавтаст хэргийн материалаас нэг ч хуудас уншаагүй хүмүүс сошиал орчинд бусдыг яллах, өөрсдийн харж байгаа өнцгөөс шүүхийн шийдвэр гаргахыг шаарддаг, үгүй бол өмгөөлөгч, прокурор, шүүгч нарыг шударга бус ажилладаг, авлигач, ёс зүйгүй гэх мэтээр бичиж, ярьдаг  сөрөг үзэгдэл бий болоод байна.

Шүүхийн дэнсний хоёр талд улсын яллагч, өмгөөлөгч нар өөр өөрийн хэргийн онолоор мэтгэлцэж, харин шүүгч цагаан дээр хараар бичсэн хуулийг баримтлан, хавтаст хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрээ гаргадаг.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй эсэхийг давж заалдах болох хяналтын шатны шүүхүүд хянадаг учраас бид шүүх засаглалд итгэх л ёстой.

Харин эсрэгээрээ хэн дуртай нь шүүх засаглал руу дайрч, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бууруулах нь алсдаа Үндэсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх нөлөөтэй гэж миний хувьд үздэг.

Нөгөө талаасаа хуульчид маань хувь хүний болоод мэргэжлийн ёс зүй дээрээ анхаарч, хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ, ур чадвартай, хариуцлагатай хандаж, зөв,  эерэг нөлөөлөлтэй байвал нийгэмд мэргэжлийн нэр хүнд өснө.

Түүнчлэн иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд аливаа хэрэг маргааныг аль болох богино хугацаанд шийдвэрлэхэд анхаарч, процессын хуульд өөрчлөлт оруулах, нэг мөрдөгч, прокурор, шүүгчид оногдож байгаа ачааллыг бууруулахад анхаарч, бодитой ажлуудыг хийх ёстой гэж боддог.

Учир нь хэргийн оролцогчдын хувьд шүүхээс гарах шийдвэрээс илүүтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа олон жилээр удааширахад бухимддаг, шударгаар, үнэн зөвөөр шийдвэрлэгдэнэ гэдэгт эргэлздэг нь ажиглагддаг.

-Таны хэлэх дуртай үг тань?

Өөрийн гэсэн үнэт зүйлтэй, зөв бодолтой амьдарч байхад бүх зүйл сайхан болно доо” гэж бодож бас үр хүүхдүүддээ хэлдэг дээ. Зөв амьдарсны үрээр би олон сайхан хүмүүсээр хүрээлүүлж, хайр, хүндэтгэл, итгэлцэл дунд амьдардагтаа баяртай явдаг.

-Та бүхнийг төлөөлөх байгууллага болох Монголын Өмгөөлөгчдийн Холбоо удахгүй 100 нас хүрнэ. Энэ талаархи бодлоосоо хуваалцахгүй юу?

-Нэгэн зуун жилийн түүхтэй байгууллагын эд эс болж, хүний эрхийг хамгаалах үйлсэд зүтгэж байгаадаа бахархалтай байна. Холбоо маань цаашид улам бүр өргөжиж, бусад улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, гишүүн өмгөөлөгч нартаа  гарцыг нээн өгч, өмгөөлөгчдийнхөө нэр хүндийг хамгаалах, эрх ашгийг тууштай хамгаалахад чиглэсэн олон, олон ажлуудыг хийгээсэй гэж хүсдэг.

Бүх өмгөөлөгч нартаа ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал хүсье.

Д.Нэргүй

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх