А.Билгүүн: 2017 онд Ази Номхон Далайн Бүсийн 31-р Жембори Монгол улсад зохион байгуулагдана

2016 оны 08-р сарын 03 өдөр, 14 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд 2016.07.25-08.01 ны хооронд Олон улсын II Жембори зохион байгуулагдсан билээ. Энэ талаар Монголын Скаутын Холбооны Үндэсний  Зөвлөлийн Товчооны гишүүн, залуучуудын хөтөлбөрийн дарга, энэ удаагийн Олон улсын      II Жемборигийн үйл ажиллагаанд зохион байгуулах хорооны дэд даргаар ажилласан, 2017 онд болох Ази Номхон Далайн бүсийн 31-р Жемборигийн зохион байгуулах хорооны хөтөлбөрийг хариуцаж ажиллах А.Билгүүнтэй ярилцлаа.

хмаххаолл

Олон улсын  II Жембори үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан Монголын Скаутын Холбооны хамт олонд баяр хүргэе! Уншигчиддаа  ойлгомжтой байх үүднээс Жембори гэдэг үгийг тайлбарлавал, ямар утгатай үг вэ?

Баярлалаа. Скаутын хөдөлгөөнийг үндэслэгч Баден Паул хэлэхдээ “Африкийн индиан омгийн хамгийн шилдэг ахлагч нарын нэгдсэн чуулганыг Жембори” гэж нэрлэдэг байсан тухай дурдсан байдаг. 1920 онд Дэлхийн нэгдүгээр дайны дараа улс орнуудын хоорондын итгэлцэл сэргэж амжаагүй байхад скаутын хөдөлгөөн хамгийн анхны санаачлагыг гаргаж дэлхийн 20-иод орны 8000 орчим скаут хүүхдүүдийг цуглуулж дэлхийн скаутуудын Жембориг Англи улсад зохион байгуулж байсан. Жембори гэдэг нь хамгийн шилдэг скаутуудын цугларалт бөгөөд улс орон бүр хамгийн шилдэг скаутуудаа оролцуулдаг зуслант цугларалт юм.

Манай улсад Жембори зохион байгуулагдаж байсан түүхээс дурдвал?

Улс орон бүр үндэсний скаутуудын үйл ажиллагааг сурталчилж, тэдгээрийн эв нэгдлийг хангах зорилготой үндэсний Жембори зохион байгуулдаг. Монгол улсын хувьд 1996 оноос 2014 оны хооронд дөрвөн жилд нэг удаагаар таван удаагийн Үндэсний Жембори Монголд зохион байгуулагдсан. Манай улсад Олон Улсын Анхдугаар Жембори 2012 онд зохион байгуулагдаж байсан бол яг одоо дөрвөн жилийн дараа Олон Улсын Хоёрдугаар Жембори зохион байгуулагдаж байна. Олон улсын Жемборийн онцлог нь өөрийн улс орны скаутуудын үйл ажиллагааг гадны  олон улсын скаутуудад таниулах зорилгоороо үндэсний Жемборигээс ялгаатай байдаг.

рхморт

Энэ удаагийн олон улсын хоёрдугаар Жембори зуслант цугларалтын онцлог нь юу байсан бэ?

Маш том нэг онцлог байгаа. Энэ нь 2017 онд манай улсад зохион байгуулагдах Ази Номхон Далайн бүсийн 31-р Жембори бэлтгэл ажил, туршилт болон хийгдэж байгаа түүнчлэн Монголын Скаутын Холбоо олон жилийн дараа Олон Улсын Хүүхдийн  Найрамдал Төвтэй хамтран ажиллаж байгаагаараа онцлогтой байлаа. 2010 оноос хойш Монголын Скаутын Холбоо Батсүмбэрт байрлах өөрийн “Скаут – Эко зуслан” дээрээ скаутуудын зуслан цугларалтуудыг зохион байгуулсаар ирсэн. Ирэх жилийн Жембори ч гэсэн ОУХНТөв дээр зохион байгуулагдахаар байгаа.

Жембори зуслан цугларалтын үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ?

Жемборийн зуслан цугларалтаар хамгийн гол нь хүүхдүүд олон олон шинэ зүйлүүдийг суралцаж байдаг.  Аймаг, нийслэл, дүүрэг болон гадаад улс орнуудаас ирсэн скаутууд нь мэдлэг, соёл, өөрсдийн скаутуудын үйл ажиллагааны туршлага солилцох зэрэг шинэ зүйлсийг сурч авдаг. Скаутуудын бусад үйл ажиллагаа, зуслан цугларалтын үеэр мэдлэг дадал, чадварын тэмдэг хамгаалдаг бол үндэсний болон олон улсын Жемборийн үйл ажиллагаа нь илүү глобалчлагдсан үйл ажиллагаатай байдаг.

13884562_1336926796325455_120183823_n

Сургалтын ямар хөтөлбөрүүдийг хүүхэд, залуучуудад яаж хүргэдэг вэ?

Скаутуудын үйл ажиллагааны гол зарчим бол хийнгээ суралцах байдаг. Оролцогч хүүхдүүд өөрийн биеэр аливаа үйл ажиллагаанд оролцож, хийж, бүтээж сурах үйл ажиллагааг хангах үндсэн төвүүд ажилладаг.

Энэ жилийн хувьд Олон улсын II Жембори дээр скаут цогцолбор төв буюу скаутын арга барилаар хүүхдүүд амьдралдаа хэрэг болохуйц зүйлүүдийг сурч авах скаутын цогцолбор төв байсан бол, баг хамт олны эв нэгдэл, авхаалж самбаа тэсвэр хатуужлыг шалгасан адал явдалт үйл ажиллагааны төв байсан. Мөн тухайн скаутууд нийгэмд оролцох оролцоогоо сайжруулах, дуу хоолойгоо нэгтгэх, энх тайвныг өөрсдөө түгээн дэлгэрүүлэх зорилготой  нийгмийн хөгжлийн хотхоны үйл ажиллагааны төв, хүүхэд залуучуудын хэрэгцээ шаардлагад тохирсон, дэлхий дахины шинжлэх ухаан, техник, технологи яаж хурдан хөгжиж байгаа зэргийг  мэдэх эзэмших зорилготой шинжлэх ухаан танин мэдэхүйн нийт дөрвөн үндсэн цогцолбор төвүүд ажилласан. Жемборийн үйл ажиллагааны үеэр оролцогч скаутууд эдгээр төвүүд дээр очиж, өөрсдөө оролцож, өөрсдөө туршин хийж, суралцаж байсан бол наадмын өдрөөр нүүдэлчин соёлын үйл ажиллагааны төв ажилласан. Энэхүү төв нь гадаадаас оролцож буй скаутуудад Монголын үндэсний нүүдэлчин соёл, ахуй, зан заншил, түүх соёлыг сурталчилах гол зорилготой байлаа.

13933505_1336958369655631_97100337_n

Энэ удаагийн Жемборийн хамрах хүрээг тодорхойлвол?

Монгол улсын 13 аймаг,  Улаанбаатар хотын гурван дүүргийн төлөөлөл скаутууд, мөн Англи, Тайван улсын скаутууд нийт 650 скаутууд оролцсон. Мөн Жемборийн үйл ажиллагааг сонирхолтой, мэргэжлийн түвшинд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор  АНУ, Швед, Сингапур улсуудаас Жембори зохион байгуулах хорооны IST буюу олон улсын үйлчилгээний байгууллагуудаас скаутуудаас ирж ажилласан.

13900825_1336958379655630_1020198021_n

Олон хүүхдүүдийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талыг хариуцаж ажиллахад хүндрэлтэй зүйл гарч байв уу?

Скаутуудын үйл ажиллагааны онцлог нь нэгдүгээрт, хагас цэрэгжилттэй, хоёрдугаарт,  зохион байгуулалтын хувьд харьцангуй боловсронгуй  буюу салаа, бүлэг, бүлгэмүүдэд хуваагдаж ажилладаг байгаа. Скаут хүүхдүүд энгийн хүүхдүүдээс ялгаатай нь нэг хүн шиг бүгдийг нь жагсаагаад, нэг командаар үйл ажиллагаанд оролцуулдаг онцлогтой учраас аюулгүй ажиллагаа, зохион байгуулалт аль аль талаасаа ажиллахад хүндрэл багатай байдаг. Энэ ч скаутын үйл ажиллагааны өөрийнх нь давуу тал болдог. Үүнээс гадна энэ үйл ажиллагааг зохион байгуулахад 10 хүүхэд тутам нэг удирдагч багш байсан бөгөөд  аймаг, дүүрэг, нийслэлийн 70 орчим насанд хүрсэн багш нар ажилласан.  Үйл ажиллагааны цогцолбор төвүүдийг ажиллуулахаар манай скаутын 100 гаруй сайн дурын залуучууд зохион байгуулалтанд орж ажилласан зэрэг насанд хүрэгчид, сайн дураар ажилласан эдгээр залуучуудын хүч, оролцооны тусламжтайгаар бид  оролцогч хүүхдүүдийн аюулгүй ажиллагааг хангаж амжилттай ажилласан гэдгийг хэлэхэд таатай байна.

13900875_1336925149658953_1118048812_nЯмарч үйл ажиллагаа давуу талтайгаас гадна сул талтай байдаг.  Энэ удаагийн Жемборийн үйл ажиллагааны дутагдалтай тал нь юу байсан бэ, цаашид анхаарах зүйлийг юу гэж харж байна вэ?

Хангалттай хэмжээний насанд хүрэгчдийн тоог гүйцэд бүрдүүлж ажиллаж чадаагүй нь зохион байгуулах хорооны дутагдалтай тал байсан. Яагаад гэвэл өнөөдөр Монголд сайн дураараа цаг гаргаад, хичээл зүтгэл гаргаж  скаут хүүхдүүдтэй ажиллах насанд хүрэгчид маш цөөхөн байна.  Скаутын хөдөлгөөн нь хүүхэд залуучуудад өөрийн үйл ажиллагаагаараа тусалдаг ч тэрийг хэрэгжүүлж, амьдруулахын тулд хангалттай хэмжээний скаут хүүхдүүдтэй ажиллах насанд хүрэгчид хэрэгтэй байна. Энэ удаагийн Жемборид зохион байгуулалтын тал дээр ч гэсэн насанд хүрэгчдийн тусламж дэмжлэг маш их хэрэгтэй байсан. Тиймээс дараа жилийн үйл ажиллагаанд сайн дураар ажиллах насанд хүрэгчидийг өргөнөөр хамруулж ажиллуулахыг зорьж байгаа, мөн төлөвлөж байгаа.

2017 онд зохион байгуулагдах Ази Номхон Далайн Бүсийн 31-р Жемборийн төлөв ямар байна вэ?

Гадны улс орноос 2000 гаруй оролцогч оролцох тооцоотой байгаа бөгөөд манайхны хувьд шийдвэрээ тулгаж гаргадаг учраас Монгол улсаас оролцох оролцогчдыг төлөвлөхөд хүндрэлтэй байгаа гэсэн хэдий ч урьдчилсан байдлаар 5000-6000 орчим оролцогчид хамрагдана гэсэн тооцоотой  байна. Түүнчлэн энэ удаагийн Жемборитэй зэрэгцээд ирэх жилийн үйл ажиллагааны эргэн тойрон дах асуудлын хүрээнд Ази Номхон Далайн Бүсийн Жембориг Зохион Байгуулах Хорооны III хурал, Ази Номхон Далайн Бүсийн 31-р Жемборид оролцох гадна, дотны оролцогчдыг ахалж ирэх төлөөлөгчдийн уулзалт зэрэг хурлууд болж өнгөрсөн.

раөхр

Скаутын үйл ажиллагааг сонирхож байгаа, хүүхэд залуучууд, насанд хүрэгчдэд хандаж хэлэх зүйл байна уу?

Скаутуудын үйл ажиллагаанд зөвхөн скаутууд оролцох ёстой гэж хүмүүс боддог. Энэ бол буруу ойлголт. Скаутын үйл ажиллагааг сонирхож байгаа хүүхэд, залуучууд болон эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд үйл ажиллагаанд ирээд оролцоод үзэхэд л хангалттай. Өмнө нь Монголын Скаутын түүхэнд, ер нь хүүхдийн байгууллагын түүхэнд ийм том статустай үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаагүй гэдгийг онцолж хэлмээр байна. Та бүхэн скаут мөн ч бай биш  ч бай та бүхэн өөрийгөө таньж мэдэж авахыг, өөрийгөө сорьж үзэхийг хүсвэл та манай жемборид оролцоорой.2017 оны Ази Номхон Далайн Бүсийн 31-р Жемборид  та бүхнийг маш гайхалтай зүйлүүдийг хүлээж байгаа гэдгийг итгэлтэйгээр хэлмээр байна.

Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье! 

Баярлалаа.

13941007_1336950726323062_122091746_n

Б.Болор

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх