Харилцагчдын мэдлэгийн санд зориулав
Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, бүтээсэн, түгээсэн этгээдэд дараах байдлаар захиргааны, иргэний, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байна.
Захиргааны хариуцлага:
- Зар сурталчилгааны тухай хуулийн 29.1.2-т хууль бус нэг үйлдэлд нь 250 000 төгрөгөөр торгохоор.
- Мөн хуулийн 24.3.4-т зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, эсхүл цуцлахаар.
- Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3-т өрсөлдөөнд харшлах үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулсан бол 10 сая хүртэл төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураахаар тус тус заасан байдаг.
- Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ялангуяа ТВ чатаар түгээж буй садар самуун үг хэллэгтэй аливаа мэдээллийг Зар сурталчилгааны тухай хуулийн дагуу хууль бус зар сурталчилгаанд тооцно. Энэ тохиолдолд “Зар сурталчилгааны тухай”, “Садар самуун явдалтай тэмцэх тухай”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хуулиудын хэм хэмжээ үйлчлэх бөгөөд тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох хүртэл хариуцлага хүлээлгэдэг.
Эрүүгийн хариуцлага:
Зар сурталчилгааг хууль бус болохыг мэдсээр байж бүтээх болон түгээх нь түүнээс үүдэлтэй гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр юм. Өөрөөр хэлбэл хууль бус зар сурталчилгааны цаана гэмт хэргийн санаа зорилго агуулагдаж байгааг мэдсээр байж түүнд санаатай тусалдаг гэж үздэг. Үүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлд гэмт хэрэгт хамтран оролцогч буюу хамжигч байхаар хуульчилсан байна. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэхэд хууль бус зар сурталчилгаа үйлчилсэн гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагу тухайн аж ахуйн нэгжид тодорхой үүрэг өгөх, биелүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэлх хэмжээний мөнгөн торгууль оногдуулдаг байна. Мөн зарим төрлийн хэргийн объектив талын шинжид сурталчилсан үйлдлийг гэмт хэрэг гэж үздэг байна. Тухайлбал, эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлд “Хүмүүсийг үндэс угсаа, хэл, арьс өнгө, шашны үзэл номлолоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх зорилгоор ухуулга сурталчилгаа явуулсан….бол”, 156 дугаар зүйлд “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлсэн, өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийсэн….,196 дугаар зүйлд “Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны байгууллагын ажилтан…..бараа бүтээгдэхүүний чанар, нэр төрөл, хэмжээ, хэрэглээний шинж байдлын талаар зориуд худал мэдээлэл өгөх, хуурамч зар сурталчилгаа явуулах зэргээр хэрэглэгчдийг хуурч мэхэлсэн, төөрөгдүүлсний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
