“Цагаан Уул”-2016 наадамд дэд байрын шагнал хүртсэн Б.Алтанхуягийн шүлэг

2016 оны 10-р сарын 12 өдөр, 10 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хайрын шүлгийн “Цагаан Уул”-2016 наадамд 39 оноогоор Дэд байрын шагнал хүртсэн яруу найрагч Б. Алтанхуягийн шүлгийг хүргэж байна

                                    “НОЙРМОГ ӨДРҮҮД БА ЦАС”

Цонхон доорх модод төөрч будилсан мөрчөө эвхэх гэж ярна
Цочим хүйтний дараа цас будрахад гэгээнд нь дулаацна
Цох болоод нисчихсэн олон олон сүнснүүд тэнгэрт асна
Цоохор өнгөтэй гудмаар хөтлөлцсөн цасан ширхгүүд инээмсэглэн зөрнө
Ээ хичнээн сайхан зүүдээ хийсгээд одчихсон бүтэлгүй хүү
Эхнэртэй болохыг мөрөөдөж үзээгүй ээ 19 нас
Ай дурсамж минь залуу нас минь
Өргөст торонд орооцолдчихсон
Алган дээр унасан цас чиний мэлмийнээс өөрцгүй ээ
Гэлээ ч ийм л орон зайн дундуур хөлөө зөөж
Гэрэлгүй зүүдний гүнээс туяхан гараа өргөж
Цуурсан хацарт минь алгаа нааж ядан зогсох
Цагаан даашинзтай охин чи мөн байсан уу?
Хурууны чинь өндгөнд шингэсэн цасан ширхгүүд
Хормын төдийд л биеэр чинь тархаж үр хөврөл явагдах шиг
Ийм л хоосон амьдралыг гэтэлгэхээр
Ирж буй сүнснүүд чиний үрс юм гэж үү?
Буруутгаж зүрхлэмгүй чиний сэтгэл өргөстэй бодол
Буцаж ирэхийг чинь хүлээнэ хүйтэнд дуу аялна
Нойтон алгаараа хацарт минь хүрээд
Эцсийн удаа дулаацуулбал нойрмог өдрүүдээс би юу ч хүсэхгүй
Энэ л гудманд үхэж чадна…

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх