Яруу найрагч Э.Гантулга “Хундага дарсгүй үдэш”

2016 оны 10-р сарын 17 өдөр, 13 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хайрын шүлгийн “Цагаан Уул”-2016 наадамд 4-р байрын шагнал хүртсэн МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Э.Гантулгын шүлгийг та бүхэндээ хүргэж байна.

“ХУНДАГА ДАРСГҮЙ ҮДЭШ”

Гэрлийн цагаан долгиот, бие галбир сар
Гэнэн зүрхний нуурнаас ус балгаж сэрвэлзэхэд
Гээгдэхгүй улирах онуудын мөнгөлөг чавхдасыг шүлбүүрдсэн
Гэсэр цэцгийн салхи чиний үнэрсэн амраг минь

Сансрын эрчимлэг давалгаа гоо сайхныг нэгжиж
Саяхан орсон борооны солонголог сэтгэл дээр эргэлдээд
Сая живаа оддын газарлуу асгарсан гэрэлт хүсэл
Санаан дотор минь буусан чиний харцсан амраг минь

Түймэрлэн шатах, эс бүхний чинь хөх дөл
Түүдгийн олон, олон оч болоод…
Төв бодлын минь түнэр харанхуй их талыг
Төөнөн гэрэлтүүлэх нь чиний сэтгэлсэн амраг минь

Догдлолын алтан хараацай одод хайчлан нисмэгц
Дорно зүгийн өнгө моддын гэзгэнд ургаад
Дотно нэгэн явдлыг минь тэр л мөчид хагалсан
Долоон сарын жимс чиний уруулсан амраг минь

Хувь заяаны шаргалхан эгшигт, лимбийг хөглөсөн
Хуучин номын эхний хуудас шиг намар цагаар
Хулс адил биеэр чинь шүүдэр адил бөмбөрөөгүй
Хундага дарсгүй үдэш миний ухааралсан амраг минь

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх