Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Японы Коосэн Үндэсний технологийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Исао Танигучи болон холбогдох албаны хүмүүсийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Японы Коосэн Үндэсний технологийн хүрээлэн Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээх гэж буй талаараа нийслэлийн Засаг даргад дуулгаад, үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулав.
Коосэн Үндэсний технологийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Исао Танигучи “Монгол Улс ирээдүйд хөгжих боломж маш их бий. Бид оюутан, сурагчдын боловсролын тал дээр анхааран ажиллахыг илүүд үзэж байна. Нийслэлд аж үйлдвэрийн парк байгуулагдаж байгаа гэдгийг сонссон. Мэргэжлийн өндөр түвшинд, чанартай боловсон хүчин бид бэлдэж өгөх болно. Одооноос эхлээд бидний урт удаан хугацааны хамтын ажиллагаагаа эхлүүлж байна. Бид хуримтлуулсан туршлага мэдлэгээ танай улсын нөхцөлд зохицуулан аль болох тааруулж суурьшуулахыг хичээн ажиллах болно” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Манай улсад хувийн хэвшлийн олон дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнийгээ дагаад дээд сургуульд орох босго үгүй болж ямар нэгэн шалгалт, цензургүй ордог болоод байна. Бид энэ алдааг цэгцэлж, засах хэрэгтэй байгаа юм. Яг энэ үед Монгол Улсад салбараа нээж үйл ажиллагаагаа явуулах гэж байгаа нь цаг үеэ олсон явдал болж байна. Манай хотын зүгээс та бүхний энэ үйлдлийг талархан хүлээж авч байна. Мөн бидний зүгээс үйл ажиллагааг дэмжиж, туслан хамтран ажиллахад бэлэн байна” хэмээв гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
