Монголын Залуучуудын холбоо болон БНСУ-ын Элчин сайдын яамны хамтын ажиллагааны хүрээнд Солонгосын мэдээллийн төв өнөөдөр нээлтээ хийлээ. Залуучууд чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх, сурч боловсрох таатай орчин нөхцөлөөр хангах зорилготой тус төв МЗХ-ны давхарт байрлаж байгаа бөгөөд төвийн нээлтэнд БНСУ-ын элчин сайд У Сун, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, ГБХЗГ-ын Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Г.Батдорж болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
МЗХ гадаад харилцаа, хамтын ажиллагаага өргөжүүлэн хөгжүүлж, бусад орноос Монголд суугаа Элчин сайдын яамдтай хамтран ажиллаж байгаа бөгөөд үүний тод илрэл нь өнөөдөр нээлтээ хийж буй Солонгосын мэдээллийн төв юм.
Нээлтийн үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун “БНСУ-д Монголын 30 мянга гаруй иргэн ажиллаж, амьдарч байгаагаас 4500 нь оюутан юм. Энэ нь тус улсад суралцаж буй гадаад оюутнуудаас гуравт буюу БНХАУ, Вьетнам улсын дараа орж буй үзүүлэлт” гэдгийг онцлоод “МЗХ байгуулагдсаны 95 жилийн ойгоор энэхүү төвийг байгуулж байгаадаа баяртай байна. Бид энэүү төвд эх орныхоо түүх соёл, ёс заншилтай холбоотой бүх төрлийн ном, сонин, сэтгүүлийг байрлуулах болно. Ингэснээр манай улсад суралцах, ажиллах зорилготой залууст судалгаа явуулах боломж бүрдэх юм” хэмээв.
Мөн МЗХ-ны Ерөнхийлөгч А. Мөнхбат “ Энэхүү төвөөр дамжуулан манай монгол залуучууд Солонгос хэл, Солонгос Улсын талаарх мэдлэгээ өргөжүүлж, цаашид манай хоёр улсын залуучууд ойртон нөхөрлөх, урт удаан хугацаанд хамтран ажиллах үүд хаалга үүгээр нээгдэж байна” хэмээн онцоллоо.

Тус төвийн номын сан нь үнэгүй интернэтэд холбогдсон суурин компьютерууд, iPad цахим ном уншигч, уншлагын болон лекцийн танхимууд, Wi-fi орчинтой уншлагын өрөөнүүдтэй бөгөөд номын сан болон уншлагын танхис нь оюутан, залуучуудад тодорхой цагийн хуваарийн дагуу нээлттэй үйлчлэх аж. Номын санд одоогоор солонгос хэл дээрх чөлөөт сонголттой уран зохиолын болон бусад салбар шинжлэх ухааны 500 орчим ном, сэтгүүлийг байршуулжээ. Цаашид номын санг улам өргөжүүлж, соёлын өдөрлөг зохион байгуулах, солонгост суралцах боломжуудын талаар цуврал зөвлөгөө өгөх юм байна.
Мөн энэ үеэр МЗХ-оос болон БНСУ-ын ЭСЯ-тай “Солонгосын мэдээллийн төв” байгуулах болон цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санамж бичиг байгуулж, хамтын ажиллагаагаа баталгаажууллаа.







