Наймдугаар сарын 5-нд их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дахь-Эх, Монел орчим уруйн үерт автсан. Улмаар дөрвөн хүний эрдэнэт амь эрсдэж, олон иргэн орон гэр, эд хөрөнгөөрөө хохирсон юм. Иймээс Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс амь эрсэдсэн иргэдийн ар гэрт тус бүр хоёр өрөө орон сууц, орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн тавилгатай монгол гэр олгохоор болсон.
Газрын зөвшөөрөлгүй 46 өрх үерт өртсөн бөгөөд эдгээр иргэнийг амьдарч байгаа газартай нь хамгийн ойрхон буюу 2-2.5 км зайд таван га газарт нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Эхний 20 айлын гэр, дэд бүтэц, хүнс, бусад эд зүйлийг хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг бүрэн хангалаа. Мөн үерээр харамсалтайгаар амиа алдсан нэг иргэний ар гэрт хоёр өрөө орон сууцны дэмжлэг үзүүлсэн байна. Үлдсэн иргэдийн байрыг тун удахгүй шийдэх юм.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:
-Үерийн гамшигт өртөж, орон гэр нь сүйдсэн 20 айлд газрын гэрчилгээ олгон, иж бүрэн гэр бэлдлээ. Мөн цахилгаан, худгийг шийдэж байгаа. Шинэ суурьшлын бүс учраас иргэдэд хүндрэл учирч буй. Тиймээс нийслэл эдгээр асуудлыг үе шаттай шийднэ. Нийтийн тээврийн үйлчилгээ, цаашлаад замын асуудлыг шийдвэрлэх юм. Нийслэлд үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 гаруй өрх бий. Үүнийг үе шаттай, яаралтай шийдэх шаардлагатай байна хэмээв.
Гэрүүдийг ЖДҮҮ эрхлэгчид үйлдвэрлэж, хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн байна. Мөн гэрийн гишүүдэд зориулж өрх бүрд бүтээгдэхүүнийхээ дээжээс бүрдсэн багц бэлэглэжээ.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн:
-Таван ханатай иж бүрэн гэр зах зээлд 4-5 сая төгрөгийн үнэтэй байдаг. Доторх тавилгууд нь мөн тусдаа үнэлгээтэй. Бид үйлдвэр эрхлэгчдээсээ 30 хувийн хямдралтай үнээр худалдан авч, нийлүүлж байгаа. Нийслэлийн 120 гаруй ЖДҮҮ эрхлэгчид үер усанд автсан 105 гаруй өрх болон гэр хүлээн авч байгаа 20 айлын гишүүн бүрд өөрсдийн хийдэг бүтээгдэхүүнийхээ дээж болох эсгий гутал, хувцас, хөнжил, гудас, дэр, цагаан хэрэглэл, ахуйн хэрэглээний зүйлсээс бүрдсэн багцуудыг бэлэглэсэн гэв.
Үерт гэр нь сүйдсэн иргэн Т.Нацагдорж:
-Би эхнэр болон хүүхдүүд, охиныхоо дөрвөн хүүхэдтэй, наймуулаа амьдардаг. Гэр рүү ус орж эхлэхээр нь гэрээ тойруулж шуудуу татаж байтал гэнэт үер орж ирсэн. Хүүхдүүд гэрийн урд байсан юм. Хүүхдүүдээ авах гээд явах гэтэл явах боломжгүй болсон. Манай хашаанд маш олон машин урсаж орж ирсэн. Төд удалгүй үер татарч, машины жолооч нар хүүхдүүдийг маань аварч гаргасан. Манай гэр үерт автаж, лаг шавар орж, авах зүйлгүй болсон. Хүүхдүүдтэйгээ эсэн мэнд байгаадаа, гэртэй болсондоо баяртай байна. Нийслэл болон дүүргийн удирдлагууд, үерийн үеэр нойр, хоолоо умартан иргэдийн төлөө ажилласан ажилтан, алба хаагч нарт, мөн ЖДҮҮ эрхлэгч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье хэмээсэн.
Тус иргэдийн цахилгааныг 1.1 км газраас татаж байгаа юм.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Ашиглалт засварын зүүн төвийн Ашиглалт үйлчилгээний хэсгийн ахлагч Ж. Батзориг:
-Иргэдийг цахилгаанд холбохоор 21 албан хаагч найман машинтай үүрэг гүйцэтгэж байна. Цахилгааны шугамыг 1.1 км газраас татаж, дэд өртөө, тоолууржуулалтын ажил хийж байгаа. Ням гараг буюу наймдугаар сарын 13-н гэхэд ажлаа дуусгахаар төлөвлөсөн. Ингэснээр нийт 66 айлыг цахилгаанд холбоно гэлээ.
Үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 гаруй өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлээс үе шаттай хийнэ. Энэ ажилд иргэдийн идэвх, санаачилга чухал үүрэгтэй юм. Иймээс иргэд та бүхэн үерийн эрсдэлтэй бүсэд амьдардаг бол НИТХ-аас баталсан 1000 гаруй га газраас сонгон, ирээдүйд үүсэж болох эрсдэлээс сэргийлээрэй.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
