Ирэх 7 дугаар сард Улаанбаатар хотод болох АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийн хамгаалалтад үйлчлэх автомашинуудыг Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-т хүлээлгэн өгөх ёслол 4 дүгээр сарын 8-нд ЦЕГ-ын Авто баазад боллоо.
Автомашин хүлээлцэх ёслолын ажиллагаанд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, ЦЕГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, хурандаа Б.Батсуурь, АСЕМ-ын Зам тээвэр, харилцаа холбоо, нисэх буудлын ажлын хэсгийн гишүүд болон ЦЕГ-ын бие бүрэлдэхүүн оролцов.
Арга хэмжээг нээж Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг хэлсэн үгэндээ “АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажилд Монгол Улсын Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч, бүх талаар дэмжин ажиллаж байна. Үүний тод жишээ нь АСЕМ-ын зочид, төлөөлөгчдийн үйлчилгээнд шаардлагатай автомашинуудыг импортоор оруулахад ногдуулах гаалийн, нэмэгдсэн өртгийн, онцгой албан татвараас чөлөөлөх тухай хууль батласан явдал юм. Уг хуулийн хүрээнд тусгай тоноглогдсон эдгээр машиныг Япон Улсаас нийлүүлж байна. Дээд түвшний уулзалтын аюулгүй байдал, зохион байгуулалтыг өндөр түвшинд хангах нь бид бүгдийн хамгийн чухал үүрэг юм” гээд ЦЕГ-ын бие бүрэлдэхүүнд амжилт хүслээ.
“Хэт моторс” ХХК-ийн оруулж ирсэн Тоёота Приус-30 маркийн тусгай тоноглол бүхий энэхүү 52 автомашиныг төлөөлөгчдийн цувааг хөтлөх хөтөч машины зориулалтаар ашиглах бөгөөд дээд хэмжээний уулзалтын дараа олон нийтийн хэв журмыг сахиулах, аюулгүй байдлыг хангах болон цагдаагийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах юм.
Үнэ өртөг, шатахуун зарцуулалт багатай эдгээр машинууд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд шуурхай хүргэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд чухал хувь нэмэртэй аж.
