Дорноговь аймгийн усанд цианит натри илрээгүйг шинжилгээгээр тогтоожээ

2016 оны 04-р сарын 19 өдөр, 17 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Сүүлийн үед Дорноговь аймгийн ундны усанд цианит натри илэрч, аймгийн нийт хүн ам хордлогод өртсөн байж болзошгүй гэсэн  мэдээлэл нутгийн иргэдийн санааг зовоогоод байгаа аж. Тиймээс тус аймгийн иргэдийн төлөөлөл өчигдөр сэтгүүлчдэд хандав. Тэд энэ тухай мэдээлэхдээ,  “ Дорноговь аймгийн Сайншанд сумын хүн амын ундны усыг   Зээгийн Хөтөлийн усны ордоос олборлодог. Өөрөөр хэлбэл, энэ усны ордоос  хоногт 900-1600 куб метр ус олборлон түгээдэг гэсэн үг. Энэхүү түгээлтийн усаар Сайншанд сумын хүн амыг үйлдвэрлэл, үйлчилгээний болон унд, ахуйн усаар хангаж байна. Сайншандын ундны усанд фторын агууламж MNS0900:2005 стандарт шаардлагын зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр үзүүлэлттэй байдаг. Харин хүнцлийн агууламж зохист хэмжээнээс их байгаа гэдэгтэй санал нийлэхгүй байгаа. Учир нь 2012 онд БНСУ-ын Scientists and engineers witnout borders” төрийн бус байгууллагын судалгааны ажилдаа зориулан уснаас дээж авч хүнцлийн агууламжийг зөвшөөрөгдөх  дээд хэмжээнд ойрхон байна гэсэн дүн мэдээг анх гаргасан нь Сайншандын ундны усанд хүнцлийн агууламж өндөр байна гэсэн буруу ташаа ойлголтыг төрүүлсэнд нутгийн энгийн иргэдийн зүгээс ихээхэн бухимдаж эгдүүцэж байгаа гэв.  Мөн Дорноговь аймгийн “ Чандмань- Илч” орон нутгийн өмчит компанийн захирал Б.Төмөрхуяг энэ тухай тайлбарлахдаа, манай компани Зээгийн Хөтөлийн усны ордоос усаа олборлож сумын иргэдийн ундын ус болон бүхий л хэрэгцээг хангадаг юм. Бид Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын Усны төв лабораторит усны дээжээ 12 цэгээс авч шинжлүүлэхэд усан дахь хүнцлийн агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс өндөр биш, ямар ч цианит натри илрээгүй гэдгийг батлан гаргасан. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран усан дахь хүнцлийн агууламжийг бууруулах зорилгоор шүүлтүүрийг туршилтын журмаар суурилуулсан. Уг шүүлтүүр нь насосны ус шахах 1 МПа даралтыг шүүхгүй шүүлтүүрийн их бие цүлхийж дээд, доод нээлхий болох сорох, гаргах хоолойн холболтуудаар ус гоожих, шүүлтүүрийн ус гаргах хоолойн оёогоор ус гадагш шүүрч гоожих гэх мэт гэмтлүүд байнга гардаг байсныг зогсоосон юм. Тиймээс нутгийн иргэдэд худал мэдээлэл цацаж Дорноговьчуудын нэр хүндэд бүдүүлгээр хандсан “Ийгл” телевизийн уран бүтээлчид болон “ Ардын үг” хэлэлцүүлэгт оролцсон иргэд уучлалт гуйна гэдэгт итгэж байна гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх