“Залхуурлаа чөлөөлье” сарын хүрээнд 1000 гаруй залуус ажилтай, орлоготой болжээ

2016 оны 05-р сарын 03 өдөр, 12 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголын Залуучуудын Холбоо өнгөрөгч дөрөвдүгээр сард “Залхуурлаа чөлөөлье” уриан дор залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллалаа. Уг сарын хүрээнд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс БГД-ийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран “Хөдөлмөр хүнийг бүтээдэг” нээлттэй хаалганы өдөрлөг, ХУД-ийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран “Амжилтын гараа” хөдөлмөрийн өдөрлөг, Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Орхон аймгийн залуучудын холбоотой “Ажилтай орлоготой Эрдэнэтийн залуус” хөдөлмөрийн өдөрлөг, Ахлах ангийн сурагчдад Лектор Чила урилгаар ирж “Амжилтын үндэс амьдралын гараа” сургалт лекц, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран “Аялал жуулчлал ба хөдөлмөр эрхлэлт” хөдөлмөрийн яармаг, их дээд сургуулиудын оюутан залууст зориулан ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, цагийн ажил хайгчдад зориулсан ““Парт тайм” чиглүүлэх сургалт зэрэг сонирхолтой үйл ажилагаануудыг зохион байгуулсан байна. Түүнчлэн Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн дэргэдэх “Хөдөлмөрч Залуус” клубийнхэн “Цэвэр цэмцгэр автобусаар үйлчлүүлье” хэмээн уриалан доор Автобус Баз-3 ХХК-тай хамтран нийтийн тээврийн автобуснуудыг угааж цэвэрлэжээ. Мөн 52 дугаар цэцэрлэгийн багш нарт туслан тараах материал болон үзүүлэнгүүд хийж тусласан байна.

“Залхуурлаа чөлөөлье” сарын хүрээнд 1000 гаруй залуусыг байнгын болон цагийн ажилд зуучилж ажилтай орлоготой болгосон бол ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, цагийн ажил хайгчдад зориулсан сургалтанд 800 гаруй сурагч, оюутан залуус хамрагджээ.

Ийнхүү дөрөвдүгээр сар залуучуудыг байнгын болон цагийн ажлын байранд зуучлах, тогтвортой ажиллах нөхцөл боломжоор хангах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, ажилчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, хэрэгцээт мэдээллээр хангасан бүтээлч сар болж өндөрлөлөө.

Харин энэ тавдугаар сарыг МЗХ “Хогноос чөлөөлье” уриатайгаар өртөөлүүлэх аж.

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх