Мэдэгдэл

2016 оны 05-р сарын 05 өдөр, 13 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас иргэддээ үзүүлсэн төрийн ажил үйлчилгээний чанар хүртээмж, хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон талт хэлбэрээр /веб сайт, хурал цуглаан, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хэлбэр, тараах материал гэх мэт/ иргэдэд тогтмол хүргэсээр ирсэн уламжлалтай билээ.

Аймаг, орон нутагт өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийж бүтээсэн, зохион байгуулсан үйл ажиллагааны талаарх мэдээллийг айл өрхүүддээ сэтгүүл хэлбэрээр нэгтгэн хүргэж ажлаа тайлагнасан юм.

Иргэдэд мэдээлэл хүргэж буй төрийн нэгэн чиг үүргийг сонгуулийн үйл ажиллагаатай холбож хэт улс төржүүлж, засаг, захиргааны нэр төрийг сэвтүүлэх гэсэн явуургүй арга хэлбэрээр нийтийн сүлжээгээр зохион байгуулалттай цацаж байгаа нь зохимжгүй юм.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”-д зааснаар “хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах”, 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “е”-д зааснаар “нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын үйл ажиллагааны талаар хүн амыг үнэн зөв мэдээллээр хангах” үүргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй билээ.

Хуулиар хүлээлгэсэн үүргийн дагуу Дорноговь аймгийн хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалт, төсөв санхүү, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлт, төрийн ажил үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх мэдээллийг иргэдэд үнэн бодит, ил тодоор хүргэсэн бөгөөд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт /төрийн захиргааны төв болон бусад төрийн байгууллага/, 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалт /”мэдээлэл өгөх зардал” гэж мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөх зорилгоор хувилах, олшруулах, шуудангаар хүргүүлэх болон бусад шаардлагатай зардлыг/, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалт /хууль дээдлэх/, 5.1.3 дахь заалт /….хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх/, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт /үйл ажиллагааны ил тод байдал/-ын дагуу хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хуулийн хүрээнд ажилласан болохыг албан ёсоор мэдэгдэхийн зэрэгцээ төрийн байгууллагын үндсэн чиг үүргийн дагуу цаашид ч мэдээллийн олон талт хэлбэрийг ашиглан хуулийн хүрээнд иргэдэд тогтмол үнэн бодит мэдээллийг хүргэх болно.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх