БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын их хурал маргааш болно

2016 оны 05-р сарын 05 өдөр, 15 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын их хурал эхлэхэд 1 хоног үлдээд байна. Сүүлийн 36 жилд анх удаа зохион байгуулагдаж байгаа энэ их хуралд оролцохоор Хөдөлмөрийн намын гишүүд Умард Солонгосын өнцөг булан бүрээс нийслэл Пхеньяндаа цугларч эхэллээ. Баасан гарагт нээх Хөдөлмөрийн намын 7 дахь их хурлаар Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны байр суурийг бэхжүүлэхийг зорьж байна гэж олон улсын ажиглагчид дүгнэж байна.Умард Солонгосын Хөдөлмөрийн намын их хурлыг 5 жил тутамд 1 удаа зохион байгуулах ёстой ч энэ заалт ягштал мөрдөгдөж байгаагүй юм. Ийм ч учраас Хөдөлмөрийн нам 2010 онд энэ тухай дүрэмдээ өөрчлөлт оруулжээ. Энэ баасан гарагт эхлэх 7 дахь удаагийн намын их хурал хэд хоног үргэлжлэх, хэдий тооны төлөөлөгч оролцох нь одоогоор тодорхойгүй байна.

1980 онд зохион байгуулагдсан Умардын эрх баригч намын 6 дахь их хуралд 3 мянга орчим төлөөлөгч оролцсон бөгөөд 5 хоногийн хугацаатай үргэлжилсэн юм байна. Энэ 7 хоногийн даваа гарагт Умард Солонгост намын их хурлыг угтсан “Үнэнч байдлын 70 хоногийн аян” өндөрлөсөн байна. Тус аяны үеэр Умардын ард түмэн ажилдаа жирийн үеэс илүү зүтгэл гарган хөдөлмөрлөх ёстой байдаг байна.Энэ удаагийн аянаар Умард Солонгосын эрх баригчдын тавьсан зорилтыг давуулан биелүүлсэн тухай Умардын төрийн мэдлийн төв телевиз мэдээллээ.Үүнээс гадна Хөдөлмөрийн намын YII их хурлын үеэр  Умард Солонгост ямар ч хурим найр, оршуулга хийхгүй байхыг удирдагч Ким Чен Ун албан ёсоор хориглосон байна.Энэ шийдвэрээр бол намын их хурал өнгөртөл улс даяар ямар ч баяр ёслол тэмдэглэхгүй  олон хүн бөөгнөрч цугларахгүй байх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх