Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-гийн 66 дах конгресс хуралдаж, ерөнхий нарийн бичгийн даргаар анх удаа эмэгтэй хүн томилж, олон улсын хөлбөмбөгийн хөгжилд шинэ өөрчлөлт оруулах хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр болсон нь FIFA-гийн түүхэнд шинэ эринг авчирлаа.

FIFA-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино конгрессын үеэр олон улсын хөлбөмбөгийн холбооны хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөрүүд өмнөхийг 360 градус эргүүлсэн цоо шинэ хөгжлийн хөтөлбөр бөгөөд хөтөлбөрийн хүрээнд гишүүн байгууллага, холбоодыг дэмжин ажиллаж, дөрвөн жилийн хугацаанд гишүүн байгууллага, холбоодын санхүүжилтийг таван сая ам.доллараар нэмэгдүүлэхээ амласан юм. FIFA энэ удаа холбооны сангийн хөрөнгийн зарцуулалт болон холбооны гишүүн байгууллагуудын санхүүжилтийг холбооны шинэ дүрмийн дагуу бие даасан аудитаар шалгуулж, дүнг нээлттэй, ил тодоор мэдүүлж байхаар болж байна.
Конгрессын үеэр мөн Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын албанд Фатьма Самба Диуф Самура хэмээх Африкын Сенегалаас гаралтай хар арьст бүсгүйг томилсон юм. FIFA-гийн түүхэнд анх удаа эмэгтэй, хар арьст хүн ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож буй нь энэ юм.

21 жил НҮБ-д ажилласан туршлагатай Самура нь НҮБ-ын Нигери дэх НҮБ-ын суурин төлөөлөгч, хүний эрхийн зохицуулагчаар ажилладаг бөгөөд ирэх зургадугаар сараас FIFA-гийн ажлаа эхлэх юм байна. Конгрессын үеэр FIFA байгууллагын гишүүнчлэлийг шинэчилж, бүтцийн өөрчлөлт хийжээ.
