МАХН-ын гишүүд намаасаа гарч байгаагаа мэдэгдлээ

2016 оны 05-р сарын 16 өдөр, 14 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

МАХН-ын нэр бүхий есөн гишүүн намаасаа гарах болсноо өнөөдөр мэдэгдлээ. Тодруулбал, ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж, Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал, МХЕГ-ын дарга асан Д.Батмөнх тэргүүтэй гишүүд намаасаа гарч буйгаа мэдэгдсэн юм. Тэд цаашдаа МАН-ыг дэмжиж ажиллана гэдгээ ч  мэдэгдсэн юм. Тэдний зүгээс “Намынхаа гишүүнчлэлээс татгалзаж байгаа явдлыг аль 13-р зууны үеийн урвагчдын түүхтэй адилтгаж яриад байгаа нь буруу. Ардчилсан нийгэмд энэ бол хүний сонголт байх ёстой” гэсэн юм.

Харин хэвлэлийн хурлын үеэр МАХН-ын зарим гишүүдийн төлөөлөл танхимд орж ирж, “Та нар Ч.Улаан, Д.Тэрбишдагва нараас мөнгө авч, Н.Энхбаяр даргын нэрийг харлуулахаа боль” хэмээн хурал үймүүлсэн юм. Энэ үеэр МАХН-ын гишүүд, дэмжигчид намаасаа татгалзаж буй хүмүүсийг “урвагч нар, ичээч” хэмээн шүүмжилж тэдэн рүү хүүхдийн живх шидэж багахан үймээн боллоо.