Албан тушаалын төлөө үзэл бодлоосоо урвагсад

2016 оны 05-р сарын 17 өдөр, 16 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ оны УИХ-ын сонгуульд ИЗЗН оролцох боломжгүй болсон. Дотооддоо үл ойлголцож, гурван дарга нь гурван тийшээ харснаар бичиг баримтын зөрүүтэй материалыг СЕХ-нд хүргүүлсэнээр тэд сонгуульд оролцох батламжаа гардаж чадаагүй. Тэгвэл сонгуулийн шансыг алдсан намын гишүүд нь яах вэ гэдэг асуудал тулгараад буй. Уг нь гишүүдсээд байх юмгүй түүхэндээ гурван гишүүн “мэндлүүлсэн” нам. Түүний нэг нь УИХ-д тасралтгүй 18 жил “манлайлан” сууж байгаа, мөн л тасралтгүй намын дарга хийж буй С.Оюун юм. Тэгвэл намын дарга С.Оюун нь УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн. Тэрээр залуустаа боломж олгоно гэсэн бөгөөд түүнийг НҮБ-д ямар нэгэн албан тушаалд очно гэсэн мэдээлэл гараад байгаа. Өмнө нь С.Оюун гишүүн БОНХАЖ-ийн сайдаар ажиллаж байхдаа НҮБ-ын Байгаль орчны ассамблейн ерөнхийлөгчөөр сонгогдож байсан юм.

Харин өнгөрсөн 2012 оны сонгуулиар С.Оюунтай ганзага нийлсэн С.Дэмбэрэл “Худалдаа аж үйлдвэрийн танхимын” гэсэн тодотголтой, “Угаасаа би хоцордгын” гэдэг үгээрээ “од” болсон С.Дэмбэрэл гишүүнийг хэрхэх бол гэсэн таамаг дэгдэж байсан бол тэрээр Ардчилсан намаас нэр дэвших бололтой. Өөрөө ч үүнийг үгүйсгээгүй. АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “АН-аас нэр дэвшихийн тулд АН-д элсэх ёстой” гэсэн. Та АН-д элсэх үү. АН-аас нэр дэвших үү” гэж асуухад, “Элсэнэ, дэвшинэ” гэж хариулсан. Мөн өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулган дээр “Надад хаана л тойрог өгнө, би тэнд л нэр дэвшинэ” гэдгээ хэлсэн. Тэгвэл С.Дэмбэрэл АН-аас Чингэлтэй-Налайх дүүрэгт нэр дэвшихээр “тохироо”-гоо хийжээ. Өчигдөр Улсын дээд шүүхээр ИЗНН-ын дарга нарын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хүсэлтийг хэлэлцэж С.Дэмбэрэлийг намаасаа гарсан учир намын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Одоо тэр АН-д элсэж Чингэлтэйг зорих л үлдлээ.Намын дарга нарын эрх ашгийн төлөө хийх эрс шийдвэрүүд үүгээр зогссонгүй. “Эх орон” намыг үүсгэн байгуулагч “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат мөн өөрийн намаа орхиж АН-д элсэж байгаа гэнэ. Тэрээр АН-аас Хөвсгөл аймагт нэр дэвших тохироо хийсэн сурагтай. Тэрээр олон ч удаа сонгуульд “өвдөг шороодсон” нэгэн. Тиймээс энэ удаад найдвартай алхам хийхээр шийдэж итгэл үнэмшил, үүсгэн байгуулсан намаа хүртэл орхин өөр намын “бөөрөнд” наалдахаар шийдсэн бололтой. Тодруулбал, “Эх орон” намаас ирсэн шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг дээд шүүх өчигдөр хэлэлцээд намын шинэ даргаар Б.Цэрэнбалжирыг сонгосныг бүртгэжээ.Албан тушаал эрх мэдэлд хүрч л байвал тангараг өргөсөн нам нь тарж бутрах, үзэл баримтлал зөрчилдөх эсэх нь эдгээр хүмүүст огтхон ч хамаагүй байдаг бололтой

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх