Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 5 дугаар сарын 26-нд болж, хуралдаанаар нийслэлийн Дотоод аудитын албанаас нийслэл, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагуудад хийсэн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн 2015 оны үзлэг шалгалтын тайланг танилцууллаа.
Нийслэлийн удирдлагууд энэхүү тайланг сонсоод, тайлангаас харахад нийслэл Шилэн дансны тухай хуулийг манлайлан хэрэгжүүлдэг нь харагдаж байна. Татвар төлөгчид, иргэдийн мөнгийг хэн, хэрхэн, юунд зарцуулсныг нь тодорхой харуулж мэдээллэдэг байх зорилгоор Шилэн дансны тухай хууль батлагдан гарсан. Гэвч шилэн дансны мэдээллийг иргэд тэр бүр сонирхож хараад байдаггүй нь анзаарагддаг. Тиймээс шилэн дансны мэдээллийг иргэдэд энгийн ойлгожтойгоор байршуулах, харах өөр боломжуудыг судлаж хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцолж байлаа.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, нийслэлийн хэмжээнд шилэн данс хөтөлдөггүй нэг ч байгууллага байхгүй байгаа нь маш том дэвшил юм. Цаашид энэ хуулийн хэрэгжилтийг бүрэн хангахын тулд хуулийг зөрчсөн албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцдог байх ёстой гэлээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас нийслэлийн харъяа газрын удирдах албан тушаалтнуудад Шилэн дансны цахим хуудсанд мэдээллийг бүрэн байршуулж ажиллах, 2015 оны шилэн дансны мэдээллийг дутуу оруулсан байгууллагуудад Нийслэлийн Дотоод Аудитын албанаас албан тоот хүргүүлж, ойрын хугацаанд мэдээллийг нөхөн оруулахыг үүрэг болголоо.
