Эргэж уулзах нүүрээ бодоод хувьцааны мөнгөө бүрэн өгчих

2016 оны 07-р сарын 04 өдөр, 14 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

АН-ынхан энэ удаагийн сонгуульд ард түмний сэтгэлийг хөдөлгөх, хайрыг татах гэж өчнөөн пиардсан. Ганцхан жишээ. Сонгуулийн сурталчилгаатай зэрэгцүүлээд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг Засгийн газарт зарж болно. Худалдах хүсэлтэй иргэд шууд банкинд очоод бүртгүүл,300 мянган төгрөгөө гурав хуваагаад ав” гэсэн зар тараасан. Мөнгөгүй хүмүүс чихэндээ итгэж ядан банк руу харайлгасан. Хар халууныг ч үл ажран банкинд дугаарласаар арайхийж бүртгүүлсэн. Долоо хоногийн дараа “төрийн хишиг “ хүртээд хөл газар хүрэхгүй баярласан. Эхний 100 мянгаа авсан хүмүүс хөдөө гадаагүй дэлгүүрийн лангууг хоослов. Хөгшин залуу бүгд л 100 мянгаа мялааж хамгийн түрүүнд шил архи авч уусан. Согтуу хүмүүсийн хөлд цагдаагийн ажил баахан хүндэрснийг эс тооцвол ард түмний амьдралд тэгтлээ нэмэр болсон нь бага. Хамгийн түрүүнд бичиг баримтаа бүрдүүлж өгсөн хүмүүс сонгуулийн өмнө 200 мянган төгрөгөө хоёр хувааж авсан нь аз болжээ. Харин үлдсэн 100 мянган төгрөг нь өнөөдрөөс дансанд нь орох ёстой байсан боловч одоогийн байдлаар ороогүй байгаа аж. Хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэд баахан гомдож байгаа янзтай. Цахим ертөнцөд гарч байгаа постууд үүнийг гэрчилнэ. “Сонгууль дууссан болохоор АН үлдсэн 100 мянга дээр горойгоод байгаа юм байхдаа” гэсэн хүмүүсийн гомдлын дагуу Төрийн банкнаас тодруулахад, “Хувьцааны мөнгө орж ирээгүй байгаа. Хэзээ орохыг мэдэхгүй байна” гэв. АН дөрвөн жил төр барихдаа ард түмний амьдралыг арай л хэцүүдүүлсэн дээ. Тэднийг бэлэнчлэх сэтгэлгээтэй гэж хичнээн загнаад нэмэргүй. Тийм болгосон нь төр засгийн буруу. АН сонгуульд ялчих санаатай хувьцааны мөнгө олгосон ч ядуу ард түмний сэтгэлийн цангааг тайлсангүй. Харин одоо АН хэлсэндээ хүрч, хувьцааны мөнгөний үлдэгдэл 100 мянган төгрөгийг хүмүүст өгсөн нь дээр дээ. Юм нэгээр дуусдаггүй гэж монголчууд ярьдаг. Дөрвөн жилийн дараа дахиад л сонгууль болно, биднийг сонгоод өгөөч хэмээн царайчилна. Тэр цагт ард түмэн хэнийг сонгохоо дахиад л бодож эхэлнэ. Тэгэхээр одоо ард түмэнд өргүй байвал юутай сайн. Эргэж уулзах нүүрээ бодох нь зөв болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх