М.Энхболд  намын даргын суудлаа өгөх үү

2016 оны 07-р сарын 18 өдөр, 09 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдэн бий болсон УИХ-ын даргаар МАН-ын дарга М.Энхболд сонгогдсон. Шинэхэн УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин намынхаа даргыг Ерөнхий сайд бололгүй, УИХ-ын даргад нэрээ дэвшүүлэн томилогдсоныг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, хариуцлагаас бултлаа хэмээн мэдэгдэж байсан билээ. Өөрөөр хэлбэл тэрээр намынхандаа төдийгүй намын даргадаа хатуухан үг чулуудаж амжсан.

Ө.Энхтүвшин гишүүн “Намын дарга нь засгийн газраа тэргүүлээд, намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажилладаг жишиг бий. Тиймээс ч би Удирдах зөвлөлийнхөө шийдвэртэй санал нэгдэхгүй байна. Хамгийн гол нь нэг нүүртэй, амалсандаа хүрдэг байх хэрэгтэй. Хэдий нэг нам ч шударга бус зүйлийг би хэлээд явна гэдгээ энд хариуцлагатайгаар мэдэгдэж байна.Засгийн газар бүрдүүлэх асуудал бидний өмнө одоо тулгарч байна. Мэргэжлийн засгийн газраа бүрдүүлээд явах хэрэгтэй. Ажлаа хийж чадахгүй байгаа хэний ч толгойг илж болохгүй. Давхар дээлээ тайлах өмнөх санаачлагаа барьж ажиллахыг хүсье” гэсэн юм.

Сонгуульд ялсан намын дарга нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газраа тэргүүлэн ажиллаж, хариуцлага хүлээдэг. Ө.Энхтүвшин гишүүн МАН-ын дарга М.Энхболд гүйцэтгэх засаглалыг тэргүүлэлгүй, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад ачаагаа үүрүүлсэнтэй эвлэрч чадахгүй байгаа бололтой. Тиймээс тэрээр М.Энхболдыг эрх мэдлээ ч шилжүүлэн өгөх ёстой гэсэн шаардлага тавихаар төлөвлөж буй гэсэн мэдээлэл байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх