Эрдоган цэргийн академиудаа татан буулгалаа

2016 оны 08-р сарын 01 өдөр, 10 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Туркийн зэвсэгт хүчин БХЯ-ны шууд удирдлага дор шилжиж, тус улсын бүх цэргийн академи татан буугдлаа.Энэхүү өөрчлөлт нь зэвсэгт хүчнийг дахин шинэчлэх цогц бодлогын нэг хэсэг гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “А Haber” телевизд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр “Манай зэвсэгт хүчин энэхүү шинэ өөрчлөлтөөр илүү хүчирхэг болно. Цэргийн төрлийн командлагч нар Батлан хамгаалахын сайдад захирагдана” хэмээжээ.

турк армиҮүнээс гадна Үндэсний тагнуулын газар, Ерөнхий штабын удирдлагуудыг шууд бус байдлаар Ерөнхийлөгчид захирагдах ёстой гэж үзжээ. Гэхдээ үүний тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй бөгөөд сөрөг хүчний намын тэргүүнүүдтэй л хамтарч байж хийгдэх асуудал гэжээ. Харин цэргийн академиудын оронд Үндэсний цэргийн их сургууль байгуулах аж. Энэ талаар “Цэргийн сургуулиуд хаагдана. Бид Үндэсний цэргийн их сургууль байгуулах болно” гэжээ.

Цэвэрлэгээ ба шинэчлэл

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнгөрсөн сарын 15-16-нд шилжих шөнө цэргийн эргэлт хийх оролдлого гарсны дараахан зэвсэгт хүчний бүрэлдэхүүн, түүнтэй холбоотой бүтцүүдэд “цэвэрлэгээ” хийж эхэлсэн.Цэргийн эргэлт хийх оролдлогын улмаас бослого дэгдээгчдийг тооцолгүйгээр 246 хүн амиа алдаж, 2000 гаруй хүн гэмтэж бэртсэн юм. Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырымын хэлснээр энэхүү бослогын дараа улс орон даяар 13 мянган хүнийг баривчлан саатуулсан бөгөөд тэдний тоонд цэргийнхэн, цагдаа нар, шүүгч, прокурорууд олон байжээ. Үүнээс гадна төрийн 45 мянган ажилтныг ажлаас нь халж, улс орноосоо гарахаас сэргийлж 50 мянган хүний паспортыг хураан авчээ.Анкарагийн бослогыг Фетхуллах Гюлен гэгч зохион байгуулсан гэж буруутгагдаж байгаа юм. Түүний хувьд 1999 оноос сайн дураараа АНУ-ын Пенсильвани мужид дүрвэж гарсан бөгөөд Үндсэн хуулийн бүтцийг унагаах, өнөөгийн удирдлагуудыг суудлаас авч хаях зорилготой параллель бүтцийн тэргүүн хэмээгдэж буй.Туркийн засаг захиргаанас Гюленийг Туркт өгөх албан ёсны хүсэлтээ Вашингтонд гаргасан юм. Түүнийг мэдээллийг гуйвуулдаг, санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн, террорист байгууллага байгуулсан зэрэг үндэслэлээр эргүүлэн олгохыг шаарджээ.

АНУ-ын Төрийн департаментын зүгээс Туркийн талын хүсэлтийг хүлээн авснаа мэдэгдсэн ч Гюленийг өгөх эсэх асуудлаар ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй юм. Туркийн Ерөнхийлөгч Эрдоган сөрөг хүчний Гюленийг хэн нэгэн “удирдлагатай” “шатрын хүү” төдий хүн хэмээн нэрлэжээ.

Үүнээс гадна төрийн эргэлт хийх оролдлогоос хойш Туркийн ард түмэнд шаардах юм бол улс орондоо цаазын ялыг сэргээх бодолтой байгаагаа ч илэрхийлсэн байна. Харин Евро комиссын дарга Жан-Клод Юнкер “Хэрвээ Анкарагийн зүгээс цаазын ялаа эргэн сэргээх юм бол Европын холбоо Турктэй хийх хэлэлцээрээ зогсооно” гэж мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх