Эрхэм шүүгчидээ цалингаар шантаж хийлгүй тангарагтаа үнэнч бай л даа

2016 оны 08-р сарын 31 өдөр, 11 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг¬доржийн санаачилсан Шүүхийн тухай багц хуулиуд хэрэгжиж эхлэснээс хойш сая хүрэхтэй үгүйтэй төгрөгийн цалин авдаг байсан шүүгч нар сард 2.7-3.5 сая төгрөгийн цалинтай болсон нь яах аргагүй томоохон шинэчлэлийн нэг байсан.

Багц хуулийн хүрээнд шүүгчийн бие даасан, хараат бус байдлыг хангах тодорхой механизмуудыг хуульчилж, улмаар шүүгчдийн цалинг шинэчлэн тогтоосон.Өөрөөр хэлбэл шүүгч нарыг авлига, хээл хахуулаас ангид байж, хэн нэгний эрх ашгийн төлөө хууль бус шийдвэр гаргахаас сэргийлсэн төр, засгийн зүгээс авсан арга хэмжээ ч гэж ойлгож болно.

Тэгвэл эдийн засгийн хүндхэн цаг үед төрийн эрхийг хүлээж авсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газар 2016 оны төсвийн тодотголдоо шүүгч нарын цалингийн асуудлыг хөндсөн нь багагүй шүүмжлэл дагуулаад байна. Сангийн яамны тооцоолсноор шүүгч нарын цалинг тодорхой хэмжээнд хассанаар энэ онд 3.2 тэрбум, цаашид жилд 7.7 тэрбум төгрөгийг хэмнэх гэнэ. Ингэснээр элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэрээхэд жаахан ч гэсэн хөшүүрэг болно гэж тэд үзэж байгаа аж. Харин дээрх тооцооллыг шүүгч нар, тэдний толгой байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хүчтэй эсэргүүцэж байна  Мэдээж хэрэг авч байгаа цалинг нь хасаж, халаасанд нь гар хүрэхэд хэний ч бухимдал төрнө. Ялангуяа эдийн засгийн байдал тогтворгүй, иргэдийн худалдан авах чадвар муу байгаа одоо цагт бол хүлээн зөвшөөрөхөд хэцүү байх нь ойлгомжтой. “Шүүгч нарын цалинг хасах нь ухралт болно. Тэд авлига, хээл хахуулын эзэд болж, үнэний талд бус хэн нэгэн эрх мэдэлтний гар хөл болно” гэж ярих ч хүн байна.

шүүгчийн цалин

Гэхдээ жирийн иргэний сард авдаг цалинг хэд дахин нугалж авдаг тэдний цалингаас хасах нь элгээрээ хэвтсэн эдийн засгаа сэрээхэд жаахан ч гэсэн нэмэртэй гэвэл тэдний халаасанд нь гараа хийхэд юу нь болохгүй гэж. Үнэндээ шүүгч нар “Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ.” гэж Төрийн сүлдэндээ тангараг өргөсөн төрийн албан хаагчид.Гэтэл төрдөө тангараг өргөсөн албан хаагчид маань цалин хасвал бид авлига авч, шударга бус шийдвэр гарган хэн нэгний хараат болно гэдгээ ил тод  мэдэгдэж  байна гэхэд нэг их буруудахгүй бизээ. Монгол төрд тангараг өргөдөг цэрэг,цагдаа ,эмч нараасаа илүүтэйгээр шүүгчдийг эрхлүүлж өндөр цалин хангамж өгч шударга ёсыг тогтоохлгохыг хүссэн .Харамсалтай нь, өндөр цалин авлаа гээд бүгд шударга, үнэний дуу хоолой болж чадсан эсэх нь эргэлзээтэй. Учир нь, өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон нийтийн зүгээс “Шүүгч нарын цалинг нэмлээ гээд шударга ажиллаж чадах уу” гэх асуултыг тавьж, өнөөг хэр нь хариултыг нь хайсан хэвээр байгаа юм.

Шуудхан хэлэхэд, тэд цалингаа их, бага гэж гололгүй өргөсөн тангарагтаа үнэнч байхад л болоод явчих юм биш үү. Тэгээд ч шүүхийн танхимд алх цохих төдийд хүний амьдралын дэнсэлдэг болохоор нь шүүгч нараар тангараг өргүүлдэг болохоос авсан цалингийнх нь хэмжээгээр алх цохих эрх тэдэнд олгоогүй юм шүү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх