Олимп, Паралимпийн медальтнуудад мөнгөн шагнал олголоо

2016 оны 11-р сарын 03 өдөр, 15 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болсон Зуны олимпийн XXXI наадам, Паралимпийн XV наадмаас медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчдад Засгийн газрын мөнгөн шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо.

Олимпийн мөнгөн медальт, гавъяат тамирчин Д.Сумъяа, олимпын хүрэл медальт Д.Отгондалай, паралимпийн наадмын хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпилжээ, дасгалжуулагч Б.Нарантуяа, Д.Батсүрэн, Ш.Энхсайхан нарын мөнгөн шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь нар гардууллаа.

“Бразилийн олимпийн наадамд улсынхаа нэрийг гаргаж, олимпийн медалийн буухиаг үргэлжлүүлсэнд Засгийн газрын нэрийн өмнөөс халуун баяр хүргэе. Спорт бол улс орныхоо нэрийг дэлхийд сурталчлах гол салбар. Үүний төлөө хөлс хүчээ урсгаж байгаа тамирчдадаа талархлаа” хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам”-ын дагуу тамирчдад Засгийн газрын мөнгөн шагнал олгодог. Энэ тогтоолын дагуу эдгээр тамирчдад 60-30 сая төгрөг, дасгалжуулагч нарт нь энэхүү шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг Засгийн газрын тэргүүн гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх