Хүүхэд, залуучууд, гэр бүлийн өмнө үүрэг хүлээгчид нэгдсэн ойлголт, нэгдмэл зорилго дор чууллаа

2017 оны 01-р сарын 07 өдөр, 16 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
a1

Монгол Улсын хүн амын 33 хувийг 0-18 насны хүүхэд, гуравны нэгийг 18-35 насны залуус эзэлдэг гэсэн тоо баримт бий.  Ийнхүү нийгмийн зонхилох хувийг эзэлж, нийгмийн тулгуур багана болсон гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудлаар үүрэг хүлээгчид өнгөрсөн өдрүүдэд чуулж, салбарын асуудлаа хэлэлцлээ. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сантай хамтран “Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн асуудлаар үүрэг хүлээгчдийн нэгдсэн сургалт, семинар”-ыг 2016. 01. 04-06 өдрүүдэд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд зохион байгуулсан юм.

Өнгөрсөн жил  УИХ-ын 12 тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрыг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” болгож, гэр бүл, залуучуудын хөгжлийн асуудлыг хүүхдийн хөгжил, хамгаалалтай хамтад нь шийдвэрлэх, төрөөс хүн амын бүлгийн асуудлыг цогцоор нь авч үзэх бодлогын томоохон өөрчлөлт хийсэн. Энэ ч утгаараа ирэх дөрвөн жилд нэг баг бүрэлдэхүүн болж, нэг долгион дор ойлголцож, нэн тэргүүний зорилгоо тодорхойлохоор ийнхүү чууллаа.

 Энэ үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх хэлсэн үгэндээ ” Нийгэмд гэрэл гэгээтэй амьдралын жишээ олон байдаг. Статистик тоо баримтаас харахад хүн амын 10-15 хувьд тодорхой асуудал, бэрхшээлүүд тулгарч байдаг. Харин үлдсэн 85  хувь нь нийгэмд хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж бусдад үлгэр дууриал болж буй олон гэр бүлүүд байна.  Иймд тэдгээр  гэр бүл, залуучуудын амьдралын сайн жишээ, сайхан амьдралыг бусдад үлгэрлэж, дээр хэлсэн 15 хувийг 3-5 хувь руу бууруулах боломж бий. Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нийгмийг соён гэгээрүүлэх, бусдын сайн жишээг магтан алдаршуулах чиглэлээр ажиллана” хэмээн тодотгов.

Салбарынхаа хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зорилготой уг зөвлөгөөнд орон нутгийн анхан шатны нэгжид ажиллаж буй дарга, мэргэжилтнүүдийг хамруулсан бөгөөд 21 аймаг, нийслэл, дүүргээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн 150 гаруй үүрэг хүлээгчид оролцсон юм.

Гурван өдөр үргэлжилсэн уг зөвлөгөөнөөр гэр бүл дэх хүүхэд хамгаалал, хүүхэд хамгааллын тогтолцооны асуудлаарх зөвлөмж, танилцуулга, залуучуудын талаарх төрөөс баримтлах бодлого, залуучуудын эрүүл мэнд, тэдний хөгжил, шийдвэр гаргах түвшин дэх залуучуудын оролцоо, гэр бүлийн боловсрол, хөгжлийг дэмжих аргазүй, гэр бүлтэй харилцах нийгмийн ажлын хэрэгцээ, шаардлага, гэр бүлийг эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа, гэр бүл, хүүхдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх аргазүй зэрэг олон чухал асуудлаар сургалт, хэлэлцүүлэг өрнүүллээ.

a2

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын эрх зүйн үндэс болсон, УИХ болон Засгийн газарт өргөн барьж хэлэлцэгдэж буй хууль тогтоомжуудыг танилцуулсан юм.

Түүнчлэн соён гэгээрүүлэх ажил буюу эерэг дадал хэвшлийг бий болгож, гэрэл гэгээтэй зүйлсийг нийгэм рүү чиглүүлэх, салбартаа мөрддөг нэр томьёоны асуудлыг тодорхой болгох, мөн салбарынхаа мэргэжилтнүүдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэйг зөвлөгөөнд оролцогчид чухалчлан сануулж байлаа.

Сургалт, семинари хоёр дахь өдрөө гэр бүл, хүүхэд хамгааллын асуудал, залуучууд хөгжлийн асуудал гэсэн салбар хуралдаануудаар үргэлжилсэн нь тухайн асуудал хариуцсан үүрэг хүлээгчдийг чадавхижуулах, бусад аймгуудын сайн туршлагаас хуваалцах боломжийг олгосон нь энэ жилийн зөвлөгөөний бас нэгэн онцлог байсан юм.

Мөн сургалт, семинарын үеэр Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох дэлхий нийтийн өдрийг тохилдуулан “Нэг ажил, нэг санаачилга аян”-ыг амжилттай зохион байгуулж, идэвх санаачилга гаргасан Хөвсгөл, Дундговь, Ховд аймгуудын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт  “ТАЛАРХАЛ” гардууллаа.

Сургалт, семинарын үеэр орон нутгийн төлөөлөгчдийн санал, сэтгэгдлийг нь сонссон юм.

Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ж.Пүрэвсүрэн

  • Энэ удаагийн үүрэг хүлээгчдийн Улсын зөвлөгөөнөөр олон асуудлыг хэлэлцлээ.  Зөвлөгөөний үр дүн, ач холбогдлыг хэрхэн дүгнэв?

Үүрэг хүлээгчдийн Улсын зөвлөгөөний ач холбогдлыг  хэд хэдэн зүйлээр томъёолохыг хүсэж байна. Нэгдүгээрт Шинэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацааны эхэнд зохион байгуулагдлаа. Мөн энэ үеэр холбогдох газар хэлтсийн дарга, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгаалал, оролцоо хариуцсан мэргэжилтнүүд санал, санаачилгаа тусгаж байгаагаараа ач холбогдолтой боллоо. Түүнчлэн шинээр гарч буй бодлогын баримт бичгүүд болон хууль эрх зүйтэй уялдсан, логик, дэс дараалалтай маш шинэлэг зохион байгуулагдлаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон газрын дэргэдэх бусад газрууд өөрсдийн чин үүргийн хүрээнд нарийвчилсан мэдээлэл өгснөөрөө онцлог байлаа. Цаашид нийгмийн тулгуур багана болсон  гэр бүл, хүүхэд, залуучуудын салбарын ажил зөв бодлого шийдвэр, нэг шугаман дор үргэлжлэх боломж бүрдэж байгаад талархаж байна.

  • Өвөрхангай аймгийн хувьд 2017 онд хүүхэд, залуучууд, гэр бүлийн чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөж байна?

Манай аймгийн хувьд сум болгондоо хүүхэд,залуучууд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажилладаг. Тиймээс зөвлөгөөнөөс гарсан бодлого, шийдвэрт боловсруулалт хийж, тэднийг чадавхижуулна. Нийгмийн ажил үйлчилгээ гэдэг гарт  баригдахгүй, хүнд харагдахгүй бэрхшээлтэй ажил байдаг.  Гэсэн ч хүүхэд, залуучуудын асуудалд сэтгэлээсээ хандаж байж үр дүн гардаг юм. Тиймээс аль ч түвшинд бид чармайн ажиллах болно.

a3

ЗАВХАН АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА Г.МЯГМАРСҮРЭН

Таны хувьд хүүхэд, залуучууд, гэр бүлийн үүрэг хүлээгчдийн Улсын зөвлөгөөний үеэр ямар саналыг дэвшүүлж, санал санаачилга тусгасан бэ?

Хөдөлмөр, нийгмийн хамгаалал бол хоёр тулгуурт бодлого юм.  Хүн рүү чиглэсэн бодлого, хөгжлийн төлөвлөлтийн эзэд бол гурван тулгуурт нийгмийн хөгжлийн онол юм. Үүнд дутагдаж байгаа зүйл бол хүн амын хөгжлийн бодлогын асуудал.  Хүүхдийн байгууллагынхан өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг авч явдаг хүмүүс. Гэтэл хүүхдийн байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудал орхигддог. Иймд эдгээр хүмүүсийн нийгмийн асуудлыг  авч үзээсэй хэмээн хүсэж байна. Улс эх орны эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа нь үнэн. Гэхдээ хүн зоны аж амьдрал дэлгэрэн, цэцэглэх сайхан цаг ирнэ гэдэгт итгэдэг. Хоёрдугаарт, эерэг дадал хэвшил, гэрэл гэгээтэй зүйлсийг нийгэм рүү чиглүүлэх хэрэгтэй.  Нийгмийг соён гэгээрүүлэх ажлыг эхлүүлэх саналыг зөвлөгөөнд оролцогчид онцолж байна. Ер нь аливаа улсын хөгжил нь хүний дотоод ариуслаас эхлэлтэй гэж боддог. Сэтгэлдээ зөвийг болгоож чадаагүй хүний амнаас үргэлж буруу үг гарч, буруу үйлдэл үзүүлдэг. Тиймээс соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтвортой хийх саналыг дэвшүүлэх шаардлагатай байна.

  • Энэ удаагийн үүрэг хүлээгчдийн Улсын зөвлөгөөний ач холбогдлыг та хэрхэн дүгнэх вэ?

Шинэ оны эхэнд үүрэг хүлээгчдийн Улсын зөвлөгөөнөө зохион байгуулж цаашид хийж, хэрэгжүүлэх ажлаа ярилцсан нь оновчтой байлаа. Бусдыг түүчээлж буй энэхүү сургалт амжилттай зохион байгуулагдлаа. “Гарьд магнай” Монголын уран сайхны кинонд гардаг шүү дээ.  Үзсэн зүйлтэй, ярих сонинтой наадам боллоо гэдэгчлэн энэ удаагийн зөвлөгөөн сурсан мэдсэн зүйл арвинтай, цаашид ажил, үйлчилгээгээ хэрэгжүүлэх урам зоригтой өндөр үр дүнтэй боллоо. Салбарын нийт ажилчиддаа ажлын амжилт хүсье.

a4

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА Х.ДАШБАЯР

  • Шинэ оны эхэнд үүрэг хүлээгчдийн Улсын зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Энэ удаагийн зөвлөгөөний үр дүн, ач холбогдлыг дүгнэвэл?

Бид нэгдсэн ойлголт,  үр дүн , мэдлэг хандлага, арил барилыг авлаа. Цаашид бид нэгдсэн ойлголт, нэгдмэл зорилго дор үйл ажиллагаа, үйлчилгээгээ үзүүлэх хэрэгтэй. Ингэснээр нийгэмд зөв мэдээлэл өгөх ёстой. Мөн  “Хүүхдийн тусламжийн 108” утасны үйлчилгээ үр дүн, ач холбогдолтой байна. Бид өнгөрсөн гурван өдөр эрх зүйн орчин, бодлого хөтөлбөрийн талаар ярилцсан бөгөөд 2018 оноос манай салбарт тодорхой төлөвлөсөн ажлууд мөрдөгдөх ирээдүйг  олж харлаа.  Энэ дашрамд зөвлөгөөнд оролцогчиддоо Монгол Улсын хойморь нутаг Хөвсгөл аймгийн 46800 орчим хүүхэд, 37900  өрх гэр бүл, 5000 орчим залуучуудынхаа нэрийн өмнөөс  талархал илэрхийлье.

a5

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Lynell
     (188.143.23.***)
    2017/01/20 12:49

    – yeah, i agree with you about the sugar. Cutting that out is the best thing a person can do. I still eat it in smaller portions, but I hope to cut it out all together someday. it ca;&8#217nt hurt as long as it’s in STRICT moderation and with some kind of protein. but i mostly stick to fruits for my sweets.

    (0) (0)